Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Булгантуяа: Маш ажил хэрэгч байх шаардлага ирэх дөрвөн жилд тулгарна

УИХ-ын гишүүн Х.Булгантуягаас тодруулга авлаа.


-Шинэ Засгийн газар хамгийн түрүүнд ямар ажил хийх ёстой вэ?

-Орлого талдаа хүндэрсэн учир зарлагаа танасан. Нөгөө талдаа эдийн засгаа хэрхэн тэлэх вэ гэсэн томоохон үүргийг УИХ, Засгийн газар үүрч байна. Цар тахлын үед дэлхийн эдийн засаг тэр аяараа хямарсан, улс орнуудын хооронд гадаад харилцаа ч хэцүү болсон ийм нөхцөл байдалд байна. Үүнийгээ дагаад төсвийн тодотгол орох байх. 2020 оны төсвийг боловсруулж байхад цар тахлын асуудал байхгүй байсан. Тэгэхээр энэ жил төсвийн орлого буурсан үзүүлэлттэй байгаа. Арван нэгээс арван хоёр их наядын төсвийн зарцуулалттай. Энэ бол томоохон компанийн бичиг хэргийн зардалтай дүйцэх хэмжээний зардал. Бидний бодох ёстой зүйл бол хэрхэн эдийн засгаа тэлэх, төсвийг нэмэх, шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийдэг, аж ахуйн нэгж, ажлын байрны тоог хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг тал дээр илүү их анхаарах ёстой. Бид экспортоо нэмэгдүүлж чадвал бидэнд боломж, бололцоо их байгаа. Үйлдвэрлэгч болон экспортлогч улс болох хэрэгтэй. Үйлдвэр, хөрөнгө оруулалтууд руу чиглэсэн татварын хөнгөлөлтүүдийг хийх хэрэгтэй.

-Төсөвт тодотгол хийх шаардлагатай байгаа. Зарим танах хөрөнгө оруулалтууд юу байна?

-Мэдээж зардал дээр бид үргэлж анализ хийж явж байдаг. Урсгал зардлууд бүгдээрээ гараад явж байна л даа. Сургууль, цэцэрлэг, төрийн албан хаагчдын цалин гээд л. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд Эрүүл мэндийн салбар дээр нэлээд хэмжээний хөрөнгө оруулалтууд хийлээ. Төсвийн хөрөнгө оруулалтуудын зарим төсөл хөтөлбөрүүд эхлээд явж байгаа. Монгол Улсын хамгийн том худалдан авагч худалдан авалтаа зогсоочих юм бол эдийн засаг тэр чигээрээ тэг зогсолтод орох нөхцөл байдал үүсдэг. Гэхдээ зарим төсөл хөтөлбөрүүд яах ч аргагүй амаргүй байдалтай байна. Эхлэхэд ч хэцүү, эхэлснүүд нь гацсан байдалтай ийм төсөл хөтөлбөрүүд байгаа. Тиймээс явцыг нь харж байгаад заримыг нь хасахаар ярьж байна.

ДЭМБ-аас “КОВИД-19”-ийн сөрөг нөлөө хэр удаан үргэлжлэх талаар ч хэлж чадахгүй байна. Бид эв нэгдэлтэй байж, бүх дотоод нөөц бололцоогоо дайчлах ёстой. Дараагийн дөрвөн жилд маш ажил хэрэгч байх шаардлага тулгарч байна. 2020-2024 оны хооронд Чингис бонд гэх мэт олон гадаад зээлийг төлнө. Иймд төрийн зардлыг хэмнэх шаардлагатай. Төсвийн тодотгол хийнэ. Тун удахгүй энэ асуудлыг хэлэлцэнэ. Орлоготойгоо уялдуулан зарим зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Төсвийн орлого ихээхэн тасарсан. Өмнө нь өдөрт 1200 хүртэл тооны нүүрсний машин хил нэвтэрдэг байсан бол БНХАУ-д дахин халдвар дэгдсэнээр манай экспорт саарлаа. Нааштай зүйл гэвэл урд хөршид халдварыг хяналтдаа авч чадсан. Бид экспортлоод, экспортлоод БНХАУ-ын нийт импортынх нь хоёр хувьд ч хүрэхээргүй жижиг худалдаа эрхэлдэг улс. Халамж гэх мэт бүх зардлыг Төрийн сангаас цагт нь олгож байгаа. Би сонгуулийн ажлынхаа хажуугаар үүнд хяналт тавин ажилласан.

-Шинээр хоёр яам байгуулагдахаар болсон. Энэ нь төсөвт хэр хэмжээний ачаалал болох вэ?

-Үүнийг төсөв ороход оруулж ирэх байх. Эдийн засгийн хүндрэлийн үед аль болохоор төрийн албан хаагчдын тоог нэмэхгүй байх, төрийн албан хаагчдын тоог нэмлээ гэхэд шинээр сургууль цэцэрлэг барьсан, нэн шаардлагатай салбарууд дээр өнгөрсөн дөрвөн жилд хийж ирсэн. Бараг л Сангийн яамнаас УИХ руу төсөв орж батлуулахдаа шинээр орж ирж байгаа төрийн албан хаагчдынхаа нэрийг нь зоохоос наагуур л оруулдаг байсан. Зөвхөн эрүүл мэнд, боловсрол, онцгой байдлын салбар гэх мэт цөөхөн салбарт нэн шаардлагатай анги, барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулахад л төрийн албан хаагчийн тоог нэмсэн байгаа. Анзаарсан бол шинээр томоохон агентлаг, бүтэц бүрэлдэхүүн бол үүсээгүй. Өнгөрсөн дөрвөн жилд 2016 онд ямар бүтэц бүрэлдэхүүнтэй байсан тэр чигээрээ ажилласан.

-Ирэх дөрвөн жил манай улс их хэмжээний өр төлж эхэлнэ. Эдгээр өрүүдийг төлөхийн тулд эдийн засгаа яаж залж, энэ асуудлаас гарах вэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд бид энэ асуудлын бэлтгэлийг нэлээд хийсэн. Монгол Улсын зээлжих зэрэглэл бараг гурван удаа сайжирсан. Өөрөөр хэлбэл, бид олон улсад сайн зээлдэгч болно, дахин санхүүжилт босгоод авахад зээлийн хүү бага байна гэсэн үг. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг өнгөрсөн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндийг өсгөхийн төлөө ажиллалаа. Монгол Улсын Их хурлаас түүхэндээ хоёр дахь удаагаа өрийн удирдлагын бодлогын баримт бичгийг баталсан. Нэмж эрсдэл үүсгэх баримт бичгийн батлахгүй, өр зээлийг нэмэгдүүлэхгүй, зээлийн хүүг бага хэмжээнд барих, зээлжих зэрэглэлийг сайжруулах гэх мэтчилэн бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлээд явж байгаа. Удахгүй УИХ-д төсөвтэй холбоотойгоор үүнийг хэрэгжилттэй нь тайлагнаж таарна.

-Своп хэлцлийг хэдэн жилээр хойш нь сунгасан бэ?

-Энэ талаар Монголбанкнаас илүү нарийн мэдээллийг өгөх байх.

-Энэ удаагийн парламентад 13 эмэгтэй гишүүн бий. Эдгээр гишүүд маань хэрхэн нэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдэх бол гэсэн нийгмийн хүлээлт байна. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байна. Нийгмийн ямар тулгамдсан асуудал дээр анхаарч ажиллах бодолтой байгаа вэ?

-Мэдээж эмэгтэйчүүдийн зүгээс хэд хэдэн асуудлыг ярьж байна. Мэдээж гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах асуудалд эмэгтэй хүн бүрийн санаа зовж байгаа. Гэхдээ үүнийг би ганцхан эмэгтэйчүүдийн хийх ёстой асуудал гэж хардаггүй. 76 дотор түүхэнд байгаагүй олон буюу 13 эмэгтэй гишүүн гэдэг их тоо юм шиг ярьдаг. Гэсэн ч энэ бол цөөнх. Бүр цөөнхийн цөөнх. Бүхий л сонгогдсон гишүүний хойно нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байгаа. Монгол Улсын хүн амын гуравны нэг нь хүүхдүүд. Хүүхдүүд сонгогчид биш. Тийм учраас УИХ-ын гишүүн болгон эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн төлөө тэмцэх ёстой. Тэр тусмаа цөөн хүн амтай Монголчуудын хувьд хүн бүрийн чин үүрэг гэж бодож байгаа. Хамгийн чухал асуудал ажилгүйдэл ядуурал. Энэ бол гэр бүлийн хүчирхийллийн том шалтгаан. Энэ шалтгааныг нь бид эмчлэхгүйгээр, ялыг нь чангатгана гээд нөгөө талыг нь барих өрөөсгөл байх болов уу. Хамгийн чухал асуудал нь яаж эдийн засгийг сайжруулж, ажилгүйдэл, архидалтыг багасгах вэ гэдэг юм. Ажилтай орлоготой хүмүүс гэмт хэрэгт холбогдохоос эхлээд сөрөг үр дагавар нь нийгэмд бага байдаг шүү дээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *