Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяатай ярилцлаа.
–Сүүлийн үед шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр ямар шинэчлэлүүд хийгдэж байна вэ?
-Шүүхээр хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргааныг иргэд олон нийтэд шууд дамжуулан хүргэх эрх зүйн орчин бүрдсэн. Шүүх хуралдааныг шууд дамжуулж байгаа нь шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэгдсэн хамгийн чухал үйл ажиллагаа гэж бид бодож байгаа. УДШ-ээр нээлттэй хэлэлцэгдэх бүх шүүх хуралдааны процессыг олон нийтийн цахим сүлжээгээр шууд дамжуулж байгаа. Мөн авлигын хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааныг бүгдийг нь шууд дамжуулна. Онгарснаас хойш өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор нийт 80 гаруй авлигын гэмт хэргийг шууд дамжуулсан байна. Ингэснээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотойгоор хэргийн оролцогч болон бусад этгээдүүд шүүхийг аль нэг талд үйлчлээд байгаа мэтээр, шүүх хурал үндэслэлгүйгээр удааширч байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл түгээж, олон нийтийг төөрөгдүүлдэг байдал зогсоно.
–Хяналтын шатны шүүхээр ямар хэргүүдэд холбогдох шүүх хурлыг хаалттай явуулах вэ?
-Төрийн болон хувь хүний нууцтай холбоотой, мөн өсвөр насны хүүхэдтэй холбоотой шүүх хурлууд хаалттай явагдана. Үүнээс бусад хяналтын шатны бүх шүүх хуралдааныг нээлттэй явуулна.
–Монголчуудын шүүхэд итгэх итгэлийн тухайд та юу хэлэх вэ. Сүүлийн үеийн судалгааны үр дүн бий юу?
– Иргэдийн шүүхэд итгэх итгэл гэдэг бол бол харьцангуй ойлголт. Энэ чиглэлээр хувийн байгууллага, судалгааны байгууллагууд өөрсдийнхөө нөөц бололцоо, аргачлалындагуу цуглуулсан мэдээллүүдээ нэгтгээд танилцуулсан судалгаа олон байдаг. Хамгийн гол анхаарах ёстой зүйл бол шүүхээр үйлчлүүлсэн иргэд, шүүхээс огт үйлчилгээ аваагүй иргэдийн байр суурь, шүүхэд итгэх итгэл ялгаатай байдаг. Шүүхээр хэрэг маргаанаа шийдүүлсэн иргэдийн шүүхэд итгэх итгэл өндөр байдаг. Нөгөө талаар шүүхээс үйлчилгээ авч байгаагүй, шүүхийн талаар мэдээлэл багатай хүмүүс шүүх тогтолцоог олон нийтийн мэдээлэлд үндэслэж дүгнэдэг учраас харьцангуй доогуур үнэлдэг гэдгийг хэлэх байна. Энэ талаар хийсэн судалгааны үр дүнгүүд шүүхийн үйл ажиллагаатай холбоотой буруу ташаа мэдээлэлд дүгнэлт хийх замаар гарсан байдаг.
–Манай улсад нийт хэдэн шүүгч ажиллаж байна вэ. Шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг 2024 онд 10 шүүгч хөтөлсөн гэсэнмэдээлэл бий?
-Манай улсын гурван шатны шүүхэд нийт 506 шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж байна. Аливаа этгээд шүүгч, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө ашигтай шийдвэр гаргуулахаар шүүх бүрэлдэхүүнд нөлөөлж, хууль бус үйлдлүүд хийх нь бий. Сүүлийн үед ямар нэгэн байдлаар өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд шүүгчтэй холбогдох, дарамтлах, жил хэргийн нэр хүндтэй холбоотой худал ташаа мэдээлэл тараах үйлдлүүд гарч байна. Энэ мэтчилэнгээр шүүхэд нөлөөлсөн үйлдлийг гэмт хэргийн болон зөрчлийн шинжтэй гэж ялгаж үздэг. Өнгөрсөн онд 10 шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтөлснөөс хоёр мэдүүлгийг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гэж үзэн ял шийтгэл оногдуулах саналтайгаар шүүхэд шилжүүлэхээр прокурорын хяналтад байгаа. Харин зургаан мэдүүлгийг нь хянан шалгаад шүүгчид нөлөөлөх оролдлого тгаргасан гэж үзэж, тус бүрийг нь нэг сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Хэрэв хэн нэгэн этгээд ийм үйлдэл гаргавал шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлэг бөглөж, нотлох баримтаар баримтжуулдаг. Үүнийг нь ШЕЗ хүлээж аваад гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзвэл ЦЕГ болон АТГ-т шалгуулна. Хэрэв гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн гэдэг нь тогтоогдвол шүүхээр хэлэлцэж ял шийтгэл оногдуулдаг зарчимтай.
–танай байгууллага шүүхийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?
-Шүүхийн аюулгүй байдлыг хангах ажиллагаа бол хараат бус байдлыг хангах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг нь мөн. Шүүхийн аюулгүй байдал гэдэгт зөвхөн шүүгч, шүүх бүрэлдэхүүний аюулгүй байдал гэхээс гадна шүүх хуралдаанд оролцогчид, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн аюулгүй байдал, мөн шүүх хуралдаан хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэх, хэргийн оролцогчдыг албадан ирүүлэх, хуяглан хүргэх, гэрч хохирогчийг хамгаалах бүхий л механизм хамаардаг. Монгол Улс 2014 онд шүүх бүрэлдэхүүн, гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий Тахрын алба гэж байгуулаад, УИХ-аас 2016 онд татан буулгаж, чиг үүргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлж байсан түүхтэй. Өдгөө цагдаагийн байгууллага ШЕЗ-тэй хамтран шүүхийн аюулгүй байдлыг хангах ажлыг хийж хэрэгжүүлж байна. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогод шүүхийн аюулгүй байдлыг хангах бүтцийг боловсронгуй болгох асуудлыг тусгасан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХЯ дээр Шүүхийн аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төсөл явж байгаа. Шүүхийн аюулгүй байдлыг хангадаг дагнасан байгууллага, тусгай алба байх зайлшгүй шаардлагатай гэж шүүхийн зүгээс үзэж байгаа.