Үндэсний их баяр наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Ингээд бид “Хүй долоо” худагт очсон юм. Энд Уяачдын баяр наадам эхэлсэн байлаа. Тухайлбал, эрлийз насны морины уралдаан, жороо морины тойргийн уралдаан зэрэг болж байв.
Энэ үеэр хүй долоон худагт хуушуур хийж зарж буй иргэн Х.Батсайханаас зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр “Хуушуур зарах гурван газрын эрх авсан. Эрх олж авах хэцүү. Тухайлбал, байрлал ямар байх уу, асар майхан барьж болох уу гээд л асуудал их байдаг. Би энд долоо, найман жилийн турш, наадмаар хуушуурын наймаа эрхэлж байна. Нэг гэрт зургаан тогооч, хоёр үйлчлүүлэгтэй. Хуушуураас гадна цай зарж байна. Бор цай үнэгүй. Карт уншина. АТМ-ны доголдол жаахан байдаг. Энэ жил нар хур тэгширсэн сайхан наадам болж байна. Ойролцоогоор гурван өдөрт дөрвөн сая төгрөг олсон байна даа. Өнөөдөр бол хүмүүс ер нь бага болчихдог шүү. Соёолонгийн тоос хийморьтой гэж. Соёолон насны морины уралдааны үеэр хүн ёстой ид бужигнадаг. Мөн энэ сарын 10, 11-нд хүн их байсан. Өчигдөр хоёр сая таван зуун мянган төгрөгийн орлого орсон доо. Ер нь орлого гайгүй байдаг. Цэнгэлдэхэд асар майхныг дор нь шийдвэрлэж өгдөг. Манай энд салхи ихтэй, бороо орвол жаахан зутрах маягтай байдаг. Иймээс асар майхан бол хийсчих гээд л байдаг. Ингээд бид гурван гэр авчирч барьсан юм. Шөнийн 3-4 цагийн үед бид нар хуушуур хийх бэлтгэл ажлаа хийдэг. Хуушууранд өдөрт хамгийн дээд талдаа 50 кг мах орно. Ийм байвал орлого сайн байсан байх нь гэж үзнэ. Би наадмаас бусад өдрүүдэд сургуулийн цайны газар ажиллуулдаг юм” гэж ярилаа.