Categories
мэдээ цаг-үе

Х.Ариунбат: Багынхаа мөрөөдлийг гүйцээхийн тулд параглайдингийн спортыг сонгосон

Индонез, Голландын тамирчидтай шагналын тавцнаа

Малайз улсын параглайдингийн үндэсний аварга шалгаруулах Олон улсын нээлттэй тэмцээний цэгэн буултын төрөлд “Paragliding club Mongolia” клубийн багш-нисэгч Х.Ариунбат хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улс анх удаа далавч хэлбэртэй шүхрээр өндөрлөг газраас хөөрч нисдэг энэхүү төрлөөр гадны нэр хүндтэй тэмцээнээс медаль хүртсэн нь энэ. Хүрэл медаль хүртсэн Х.Ариунбаттай ярилцлаа.


-Та энэ спортоор хэдэн жил хичээллэж байна вэ?

-2005 оноос параглайдингийн спортоор хичээллэж байна.

-Олон төрлийн спорт бий. Гэтэл та яагаад тэдгээрээс параглайдингийн спортыг сонгосон юм?

-Миний багын мөрөөдөл л дөө. Багаасаа л нисэхийг хүсдэг байлаа. Мөрөөдлөө дагаж энэ спортоор хичээллэсэн. Нэг үгээр багын мөрөөдлөө гүйцээхийн тулд энэ спортыг сонгосон. Би тухайн үед ийм далавч хэлбэртэй шүхэр байдгийг мэддэггүй байлаа. Онгоцны шүхрийг л мэддэг байсан. Надад уг спортын анхны “А” үсгийг зааж энэ спортод хөл тавихад тусалсан хүн бол Ж.Цэлмэг багш. Би өөр ямар нэгэн төрлийн шүхрээр нисч үзэлгүй анх параглайдангаар ниссэн л дээ.

-Параглайдангийг бид кино, гадны бичлэгүүдээс л илүүтэй хардаг. Гэтэл Монголд энэ спортын холбоо, клуб хэдийнэ байгуулагдчихсан юм байна?

-Манай клуб байгуулагдаад хоёр жил гаруй болсон бол холбоо байгуулагдаад удаагүй, саяхан байгуулагдсан.

-Сая оролцож хүрэл медаль хүртсэн тэмцээнийхээ тухай сонирхуулаач?

-Малайзын үндэсний аварга шалгаруулах олон улсын тэмцээн байсан. Би цэгэн буултын төрөлд оролцсон. Газарт тавьсан цэг дээр буух төрөл л дөө. Оноо цуглуулж шилдгүүдээ шалгаруулдаг юм. 28 орны 74 тамирчин өрсөлдсөнөөс алтан медалийг Индонез, мөнгөн медалийг Голландын тамирчин хүртсэн. Харин би хүрэл медалийн эзэн болсон. Энэхүү хүрэл медаль нь агаарын спортын энэ төрлөөр монголчуудын гадны томоохон тэмцээнээс хүртсэн анхны медаль гэдгээрээ онцлог.

-Энэ төрлөөр хичээллэе, сонирхож үзье гэвэл хаана хандвал болох вэ?

-Манай клубийн фэйсбүүк дэх хуудсанд хандахад болно. Уг хуудсанд манай багш, дасгалжуулагчидтай холбогдох утас бий. 88012123, 88045464 гэсэн дугаарын утсуудаар холбогдож болно. Бидэнтэй ирж уулзаад техник хэрэгсэлтэй танилцаж, энэ спортын тухай мэдээлэл аваад ганц удаагийн нислэг хийж болно. Ихэнх хүмүүст шүхрээр буух, нисэх мөрөөдөл байдаг шүү дээ. Мөрөөдөл биш юмаа гэхэд ганц удаа нисээд үзэхсэн гэсэн нууцхан хүсэл байдаг.

-Нэг удаа нисээд үзье гэвэл үнэ ханш нь ямар байх вэ. Нисэхээр очихдоо хувийн зүгээс ямар бэлтгэл хангах ёстой вэ?

-Зуны цагт нэг их айхавтар бэлдээд байх зүйлгүй, хүрээд ирж болно. Бид цаанаас нь бүх хэрэгслүүдийг нь бэлтгээд өгчихнө. Биедээ тохирсон хувцастай ирэхэд л болно. Нэг нислэг нь 50 мянган төгрөгийн үнэтэй байдаг юм.

-Хаанаас нисдэг вэ?

-Хан-Уул дүүргийн Яармагийн Арцатын амнаас хөөрдөг.

-Параглайдингийн спорт хүнд ямар чадвар өгдөг вэ?

-Шүхрээ үүрээд уул руу, өндөрлөг газар руу алхана. Тиймээс байнгын алхалттай. Эрүүл мэндэд маш чухал, хэрэгтэй спорт. Нисэх ер нь гоё шүү дээ. Ямар ч стрессгүй, бүх юмыг мартаад агаарт нисч явна гэдэг чинь гоё л доо. Энэ чинь онгоцны шүхрийн төрлөөс огт өөр. Онгоцны шүхрийн хувьд тээр дээр нисч яваад шүхэрчдээ хаячихдаг. Харин энэ спорт нь ямар нэг уул, довцгийг ашиглаад халсан агаарыг ашиглаад өндөрт хөөрч нисдэг онцлогтой л доо.

-Тэгвэл өвөл яадаг юм?

-Өвлийн улиралд бид шулуун нислэг хийнэ. Салхи ашиглаад жаахан нисч байгаад буучихдаг.

-Тэгвэл зуны улиралд энэ спортоор хичээллэвэл илүү тохиромжтой юм байна?

-Тийм шүү. Манай клуб саяхан дөрвөн хүнийг сургаад дуусгалаа. Малайзад болсон тэмцээнд манай хоёр сурагч надтай хамт явж тэмцээнд оролцож, олон орны шүхэрчидтэй өөрсдийгөө харьцуулаад олон зүйл сураад ирсэн шүү.

-Параглайдингийн далавчтай хүмүүс байвал танайд барьж очоод заалгаад нисч болох уу?

-Ер нь хүмүүст зөвлөхөд далавчаа түрүүлж авахаасаа өмнө яаж нисэх вэ, хэрхэн хөөрдөг вэ гэдгээ сурчихсан нь дээр байдаг юм. Энэ спорт чинь экстрим мөн өртөг өндөртэй спорт учир явцын дунд шантраад буцдаг хүмүүс байдаг. Эхэлж ирж сураад “Энэ спорт надад тохирох нь уу” гэдгээ мэдэж авсныхаа дараа далавчныхаа сонголтыг хийсэн нь дээр.

-Далавч нь хэдий хэрийн хэмжээтэй юм?

-Далавчны хэмжээ нь тухайн тамирчныхаа биеийн жин, өндөр зэрэг үзүүлэлтээс хамаарч янз янз байдаг. Тухайн хүнийхээ жинд нь тохирсон заасан хэмжээ бий л дээ. 60 кг-тай хүн байлаа гэхэд 50-65 кг-ын жинтэй хүмүүсийн нисдэг далавчийг хэрэглэнэ гэсэн үг. Далавч тус бүрт даацын хэмжээ гэж бий. Далавчны урт нь огт хамаагүй. Жиндээ тохирсон далавчаар л нисэх ёстой.

-Далавч нь тэгэхээр төрөлтэй байх нь?

-Тэгэлгүй яахав. Сургалтын далавчаас эхэлнэ. Тухайн далавчаараа сайн нисч сурсны дараа дараагийн шатны далавчаар нисдэг. A, B, C, D гэсэн шатлалаар далавчаа сонгоно. Ерөнхий мэдлэгтэй болж, ер нь боллоо гэж үзвэл В шатны далавчаар нисч эхэлнэ. Энэ мэтээр тамирчны ур чадвар дээшилсээр С, D ангиллын далавчаар нисдэг. D ангиллын далавчаар холын зайнд ниснэ. Холын зайн тэмцээнд цэг заагаад өгчихдөг. Жишээ нь, Яармагаас гараад Тэрэлж хүрэх гэдэг ч юм уу. Цэгийг нь тодорхой заагаад өгчихдөг юм.

-Одоо та бүхний оролцох дараагийн том тэмцээн хэзээ, хаана болох вэ?

-Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох төлөвгөөтэй байна. Одоогоор уг тэмцээний тов тодроогүй байгаа. Ер нь аливаа тамирчны хувьд дэмжлэг туслалцаа хамгийн чухал. Намайг дэмждэг бүх хүнд баярлалаа. Аав, ээждээ баярлалаа. Ж.Цэлмэг багш, мөн тэмцээнд ороход их дэмжлэг үзүүлсэн “Төрийн банк”-ны хамт олон, орлогч захирал Б.Энхсайхан, гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нартаа баярлаж талархсанаа танай сониноор дамжуулан илэрхийлж байна.


4 replies on “Х.Ариунбат: Багынхаа мөрөөдлийг гүйцээхийн тулд параглайдингийн спортыг сонгосон”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *