Гадны сүлжээ дэлгүүрүүд, кофе шопууд өнгө алаглан үүд хаалгаа нээх боллоо. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж байна гэж хөөрөөд яах вэ, монголчуудаа.
БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз Имарт гэхэд л манай “Номин”, “Миний сүлжээ”, “Оргил” сүлжээ дэлгүүрүүдээс хямд байж чаддаг билүү. Гадныхны соёл, амьдралын хэв маягийг “импортолсон” сүлжээ дэлгүүрүүд монголчуудад юу өгөв гэдгийг бодох цаг иржээ. Америк, Солонгос, Орос, Хятад сүлжээ дэлгүүр, түргэн хоолны газрууд, кофе шопууд борооны дараахь мөөг шиг олшироод байвал монгол амьдралын хэв маягийг хэн тунхаглах вэ?
Бид монголчуудын эрхэлдэг ТҮЦ-нүүдээ шахаж, дарамталдаг мөртлөө гадаадын сүлжээг хоймортоо залаад байвал монголчууд маань яаж мөнгө олох билээ. Америкийн алдарт “Circle K”, Солонгосын CU сүлжээ дэлгүүрүүд нээгдэж, энэ төрлийн үйлчилгээ оюутан, залуусын дунд мода боллоо хэмээн сурталчилж байна. Монголчуудын мөнгийг гадагшаа зөөдөг сүлжээ бидэнд хэрэггүй ээ. Монголчууд ерээд оноос хойш наймаа хийж сурсан. Үйлчилгээний соёл нэвтэрч байна. Монголын сүлжээ дэлгүүрүүдэд дэлхийн стандартыг нэвтрүүлээд, үйлчилгээний чанар, соёлыг бий болгоод, гаднынханд өндөр татвар тавьж, хөөж гаргая.
“Coffee Bean”- кофе шопууд ч хаа сайгүй үзэгдэх болов. Notebook, ipad-aa гаргаад хичээлээ давтах, найзуудтайгаа тав тухтай орчинд чалчихад таатай, өглөө эрт, оройн цагаар ч ороод гарах боломжтой нь оюутан, залуусыг татдаг. Ийм ая тухыг бий болгож, заавал кофе ч гэхгүй ногоон цай, сүүтэй цай, үндэсний идээ ундаагаар үйлчилдэг газруудыг бий болгосон ч яахав.
Хоёр монгол хүний нэг нь илүүдэл жинтэй болсон өнөө үед эрүүл хооллолтыг чухалчилдаг монголчууддаа зориулсан үйлчилгээ бий болгоё л доо “Hоt dоg”-ны оронд хар талх, бүхэл үрийн гурилтай жигнэмэг, зууш, аарцтай, жимстэй бялуу, гүзээний салат, хэлний зууш санал болгож болно.
KFC-гийн шарсан тахианы оронд хонины гуяа шараад идэж болохгүй юм уу?
Алийн болгон гадныхныг шүтэж, монголчуудаа шахах юм бэ. Гадны сүлжээ, франчайзад шахагдсан монголчууддаа сэхэх, өрсөлдөх боломж олгоё!
Б.ЭГШИГЛЭН