Т.Дариа аав ээжийн хамт Канад улсад амьдардаг нэгэн. Түүнийг энэ удаагийн “Өдрийн зочин” буландаа онцоллоо. Монголчуудын бахархал болсон залуу тамирчин энэ долоо хоногт Канадын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн болсон юм. Т.Дариа олон улсын зэрэглэлтэй тэмцээн уралдаанд Монголынхоо нэрийг цуурайтуулж, өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахыг хичээдэг гэнэ. Талбайн теннисний спортоор найм дахь жилдээ хичээллэж байгаа аж. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 17–н д болсон талбайн теннисний 14 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд аваргалж, Монголын талбайн теннисний түүхэнд шинэ хуудас нээсэн билээ. Уг тэмцээн Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдаж, 18 орны шилдэг 76 тамирчин хурд, авхаалж самбаагаа сорьжээ.
Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан тамирчин өрсөлдсөн. Т.Дариа улсынхаа шигшээ багт орж тоглож, аваргын төлөөх тоглолтод Малайзын Э.Вэнийг 6:4, 6:2-оор хожиж, бахархмаар амжилт үзүүлжээ. Тэрээр манай улсын талбайн теннисний анхны Ази тивийн аварга юм. Ийнхүү 14 насандаа Ази тивийн аварга хэмээн өргөмжлүүлсэн залуу тамирчин Канадад Монголын нэрийг гаргалаа. Манай монголчууд спортод амжилт гаргах өөрийн гэсэн нэг чанар, чадавхитай байдаг. Тиймээс Т.Дариа өөрт байгаа бүх ур чадвараа дайчилж улсынхаа нэрийг олон улсын тавцанд мандуулж байна. Эх орныхоо нэрийг дэлхийн тавцан дээр дуудуулна гэдэг тухайн хүнээс хурд авхаалж, уян хатан байдал, мэдрэмж, авьяас билиг шаардана. Мөн тухайн хүн спортын тэмцээнд оролцож байх үеийн сэтгэл зүй ч чухал байдаг. Т.Дариа эдгээр зан чанарыг бүгдийг нь хослуулсан учраас амжилтын эзэн болсон биз ээ. Тэрбээр Азийн аваргад орохдоо Солонгос, Хонгконг, Хятад, Филиппиний тамирчдыг хожиж тэргүүлсэн байна. Тус тэмцээний хоёрдугаар хэсэгт зургадугаар байр эзэлж, нийлбэр дүнгээр хоёрдугаар байрын шагнал хүртжээ.
Түүний аав нь спортын дасгалжуулагч. Тиймээс ааваасаа заавар зөвлөгөө авч, арга барилыг эзэмшиж, спортын ур чадварт суралцдаг. Мөн аливаа спортын мөн чанар өөрийн авьяас чадвараас гадна маш их хичээл чармайлтын үр дүнд амжилт гардаг. Тиймээс тэрбээр “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх монгол үгийг өөртөө хэлж, зориг, эрч хүчтэй болдог аж. Түүнийг интернэт орчинд ирээдүйн Монгол Шарапова гэж нэрлэжээ.
Б.Уранчимэг