Categories
мэдээ цаг-үе

К.Номинжин: Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж байгаа

Дуучин К.Номинжинтэй ярилцлаа.


-Уран бүтээлийн ажилдаа эрч хүчтэйгээр орж ирж байгаа санагдлаа. Ингэхэд одоогоор хаана амьдарч байна вэ?

– Юуны өмнө уншигчдадаа ирж буй шинэ оны мэндийг дэвшүүлье. Би 17 настайгаасаа Америкийн Лос Анжелес хотод суурин амьдарч, суралцан, уран бүтээлээ хийж эхэлсэн. Энэ хугацаанд 15 гаруй оронд уригдаж тоглолтоо хийж байлаа. Мөн Америкийн Мэргэжлийн Хөгжмийн Зохиолчдын Холбооны гишүүн болсон. Грамми шагналт хөгжмийн зохиогч нараас суралцан, англи хэл дээр нийтийн дууны бүх жанраар дуу зохиох тал дээр өөрийгөө хөгжүүлж байна. Дэлхийд алдартай Карнеги Холлын Стерн их танхим, Линкольн Төвийн Давид Геффен концертын их танхим зэрэг тайзнаа төрөлх хэлээсээ гадна 5-10 орны хэл дээр дуугаа дууллаа. Мөн “Цас наранд уярна” гэх шүлгийг Граммийн шагналт Кристофер Тин хөгжмийн зохиолчийн аянд зориулан зохиож, Их Британийн Роял Филармонитай “Drop that contained the sea” гэх цомогт зориулан дуулсан. Энэ дуу маань “Billboard”-ийн сонгодог төрөлд нэгдүгээр байранд орсон. Өнгөрсөн жил Английн Ханхүү Чарлзын ивээл дор явагддаг Llangollen Eisted fodd хөгжмийн наадмын Гала Концертонд уригдаж, Кардифф дахь Уэлсийн Үндэсний Дуурийн Театрын Симфони Найрал Хөгжимтэй арван хэл дээр гоцлон дуулж оролцлоо. Энэхүү Гала тоглолтод урьд нь домогaт дуучин Паваротти уригдаж байсан юм билээ. Өөрийн зүгээс маш их хичээл чармайлт гаргаж оролцсон. Хүч сорьсон олон улсын тоглолтуудад оролцсоны дараа олон улсын шүүмж бичигч нараас өндөр үнэлгээ авсан маань маш том амжилт гэж бодож байгаа. Цаашдаа Монголынхоо нэрийг дэлхийд таниулах зорилготой ажиллаж байна даа.

“Мянга ярихаар нэг үз” гэж монголчууд маань ярьдаг. Тиймээс ч би гадаадын тоглолтуудын тухай Монголдоо их сурталчилдаггүй л дээ.

-Саяхан гаргасан шинэ дууныхаа талаар ярихгүй юу?

-Сонсогч, үзэгчдэдээ өөрийн зохиосоaн “Kiss me at midnight” дууныхаа клипийг хүргээд удаагүй байгаа. Энэ дууны нэр маань монголоор “Шөнө дунд болоход намайг үнсээрэй” гэсэн утгатай. Дуу маань латин америк хэмнэлтэй. Хөгжмийн маш олон тооны зэмсэг оруулсан, латин pop-soul гэж миний нэрлээд байгаа найруулгыг хүмүүс маань олж сонсоно гэдэгт итгэлтэй байгаа. Клипээ олны сайн мэдэх сонгодог үлгэрээс сэдэвлэж, орчин үед хувиргасан л даа. Манай сошиалын найзууд титэмтэй хувцсыг маань нэлээн гайхсан. “Би бол титэм зүүж гүйдэг хүн биш л дээ” гэж тайлбарлаад байгаа юм. Зохиолоосоо шалтгаалж титэм зүүх ёстой болсон. Клипний хувьд АНУ-д элсэн цөлд хэдэн арван мянган хүн оролцдог BURNING MAN буюу “Шатаж буй залуу” нэртэй өөрийгөө илэрхийлэх радикал буюу хэт урлагийн наадам, рок-поп, цирк гээд бараг л багт наадам болдог. Мөн тэндээ модон хүн шатаадаг. Тэр наадамд хүмүүс элдэв янзын хувцас өмсдөг. Үүнээс үүдэж клипнийхээ санааг олсон. Америкийн соёлын амьдрал, контр- соёл урлагт том байр суурь эзэлдэг энэ наадам нь бусдыг аялдан дагалдагчдын “Яагаад яагаад?” гэдэг асуултад “Яагаад болохгүй гэж? Яагаад уран бүтээлч хүн, ер нь ямар ч хүн өөрийгөө өөрийнхөөрөө илэрхийлж болохгүй гэж? Яагаад хүн бүхэн нэг хэвэнд цутгасан мэт адилхан харагдах, адилхан амьдрах, адилхан хооллох, цаашлаад адилхан бүжиглэх дуулах ёстой гэж” гэдэг хариултыг өгдөг. “Шөнө дунд болоход намайг үнсээрэй” хэмээх клипийн төгсгөлийг сайн анхааралтай үзээрэй. Үлгэр тэгэхэд л эхэлнэ. Шинэ шинэ уран бүтээлээр үзэгч, сонсогчидтойгоо илүү ойр ойрхон уулзалдаж байх болно гэдгээ хэлмээр байна.

-Сүүлийн үед гадаад дуунуудыг коверлэж дуулж байгаа нь хүмүүст их хүрсэн л дээ. Цаашдаа ковер дуулах төлөвлөгөөтэй байна уу?

-Миний Лос Анжелес дахь менежмэнт шинэхэн You­Tube суваг www.youtube.com/NominjinOfficial нээж өгсөн. Дэлхийд алдартай дуунуудыг албан ёсны эрхтэйгээр дуулж, өөрийн хувилбарыг худалдан борлуулах боломжийг олгож байгаа юм. Миний өөрийн зохиосон дуунуудаас гадна ковер дуунууд албан ёсоор бүх интернэт дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа. Сонсогчдодоо долоо хоног бүр шинэ ковер хүргэх төлөвлөгөөтэй байна. Мөн 15 орны хэл дээр дуулдаг хүний хувьд, англи хэлнээс гадна өөр хэл дээр дуулж, өөр өөр олон сюрприз барих болно. Тиймээс сонсогчид маань сувгийг маань дэмжээсэй хэмээн хүсч байна.

-Монголдоо сүүлд хэзээ ирсэн бэ?

-Монголдоо хамгийн сүүлд энэ зун очсон. Ер нь ажлын шаардлагаар сүүлийн гурван жилийн хугацаанд маш их ирж, очиж байгаа. 2015 онд Өмнөд Солонгосын Гадаад Хэргийн Сайд Ёюн Бюун Сэ хоёр жилийн хугацаатай Олон Нийтийн Дипломат Найрамдлын Элчээр өргөмжилсөн. Энэ томилолтынхоо хүрээнд Улаанбаатарт хоёр удаа солонгос дууны бүрэн хэмжээний бие даасан тоглолт тавьж, мөн Солонгос К-поп тоглолт, Солонгосын кино наадам зэрэг арга хэмжээнүүдэд оролцсон хоёр орны соёлын харилцаанд бага ч гэсэн хувь нэмэр оруулсан гэж боддог.

-Багаасаа олон орноор аав, ээжийгээ дагаад явж байсан гэдэг. Ямар ямар орноор очиж байв. Хамгийн таалагдсан нь аль орон бол?

-Би есөн сартайгаасаа эхэлж аялсан. Багадаа Оросод гурван жил, Энэтхэгт таван жил мөн Карибийн тэнгист нэг жил амьдарч байсан. Монголдоо 13 настайдаа урлагт хөл тавих гэж буцаж ирсэн. Түүний дараа 17 настайдаа Америкт бүрэн суурьшсан л даа. Мөн 12 настайгаасаа эхэлж дэлхийн олон оронд хүүхдийн болон бусад урлаг, хөгжмийн наадмын шугамаар уригдаж дуулж байлаа. Миний хувьд хамгийн таалагдсан газар гэвэл Карибийн тэнгисийн арал. Номин цэнхэр далайд нь өдөр болгон сэлэх маш их таалагдсан даа.

-К.Номинжин хаана сургууль төгссөн бэ. Дуулахаас гадна өөр мэргэжил эзэмшсэн үү?

-Би мэргэжлийн дуучин, ая, үг зохиогч гэсэн чиглэлээр одоог хүртэл сурч байгаа. Холливуудын алдарт Roger Love багштай багадаа таван жилийн турш ажиллаж поп дуулах урлагт суралцсан. Мөн уртын дуучин Хонгорзул багшаар амьсгааны урлаг заалгасан. Америкт киноны жүжгийн урлагаар 2009 оноос хойш суралцаж байгаа. Урлагийн хүний хувьд бүх талаараа өөрийгөө хөгжүүлэхийн тулд байнга суралцдаг. Монголын Сити Их Сургуулийн дуулаачийн ангид эчнээгээр, мөн мэргэжлийн орчуулагчаар сурч төгссөн. “Содура” уран сайхны киноны дуу, “Монгол дуу дэлхийд” төслийн дуунуудыг монголоос англи хэл рүү орчуулсан, мөн улс үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг англиар бичих буюу орчуулсан.

-15 хэлээр дуулна гэдэг үнэхээр биширмээр санагдаж байна л даа. Бүх хэлээр нь ярьдаг гэсэн үг үү?

-Олон оронд амьдарч байхдаа тухайн газрын хэл, соёлыг өөрийн эрхгүй сурсан л даа. Энэтхэгийн 30 сая гаруй хүн ярьдаг малаялам хэлээр багадаа “ус цас” гэдэг шиг л ярьдаг байлаа. Таван настайгаасаа бүх хичээлээ англи хэл дээр үзэж байсан. Багадаа Орос улсад амьдарч байхдаа орос, монгол хэлээр зэрэг хэлд орсон гэдэг. Одоо хамгийн их хэрэглэж байгаа хэл маань англи, монгол хэл учраас бусад хэлээрээ ярих туршлага багасч, мартагнасан байна лээ.

-Номинжингийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөөнөөс орой хүртэл яг л тамирчин хүн шиг байнгын бэлтгэл хийдэг. Хоолойгоо хөгжүүлэх, дуу зохиох, дасгал хийх, шинэ дуу сурах гээд л ар араасаа хөвөрнө. Өөрийгөө тайзан дээр гарахад бэлэн байлгах бэлтгэл тогтмол хийдэг.

-Монголдоо ирж уран бүтээл хийх бодол бий юу?

Одоогийн байдлаар Америкт гэрээтэй ажиллаж байгаа болохоор шинэ дуунууд маань англи хэл дээр зохиогдож байгаа. Монголчууд маань англи хэл дээр дуулдаг дуучдыг байнга сонсож байдаг болохоор намайг ч бас дэмжиж байгаад их баярлаж байна.

-Урлагт хэрхэн орсон талаараа ярихгүй юу?

-Анх 11 настайдаа ээж, аав хоёртоо дуучин болох сонирхолтой байгаагаа хэлж, түүнээс хойш хүүхэд байхдаа ч зуны амралтгүй хөдөлмөрлөсөөр өдий хүрлээ. Багадаа мэргэжлээ сонгож эцэг, эх маань өдийг хүртэл чин сэтгэлээсээ дэмжиж ирсний ачаар өдий зэрэгтэй яваа гэж боддог.

-Урлагт ороход гэр бүлийн тань нөлөөлөл хэр байсан бэ?

-Манай гэрт урлагийн хүн байхгүй. Ээж маань социологич мэргэжилтэй, Монгол Улсын Их Сургуульд багшилж байсан эрдэмтэн хүн. Гэхдээ ээж маань их сайхан хоолойтой. Ер нь ээжээсээ дуулж сурсан гэж хэлж болно. Өнөөдрийн хувьд ээж маань хамтарч дуу зохиохоос гадна дуулалтын продюсерыг маань хийдэг. Миний өвөг дээдэс болох Балданцэрэн гүн маань “Эрүү цагаан болжмор” зэрэг ардын гэгддэг олон дууг зохиосон байдаг юм билээ. Дуу зохиох чадвар бидэнд удамшсан байх гэж боддог. Ээжийн эмэг эх нь Балданцэрэн гүнгийн ач охин байсан гэдэг. Урлагийн зам мөрийг сонгоогүй ч маш олон хөгжмийн зэмсэг тоглодог байсан. Монголд анх радио үүсч байхад Цэрэндорж гуай нарын алдарт хөгжимчидтэй тоглодог байсан гэж ээж маань ярьдаг.

-Өөрийг тань ургамал хоолтон гэж сонссон. Яагаад ургамал хоолтон болсон бэ?

-Би анх 13 настайдаа цэвэр цагаан хоолтон болж, 19 настайдаа веган буюу ургамал хоолтон болсон. Амьтны амь шууд болон шууд бус утгаар хөнөөхгүй, архи, тамхи огт хэрэглэхгүй гэсэн тангараг өргөдөг. Энэ амьдралын хэв маяг маань надад дотоодын их амар амгалан, аз жаргалыг бэлэглэдэг. Би гэрээсээ анх цагаан хоолтон болсон л доо. Дараа нь аав, ээж маань мөн ургамлан хоолтон болсон. Ингэснээр ээж, аав маань эм тан хэрэглэхгүй, элэг цөс, ходоод гэдэс нь өвдөхгүй, даралт нь ихсэхгүй, бие хөнгөн шингэн, эрүүл саруул амьдарч байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *