Казахстан улсын Астана хотноо 8-р сарын 21-27-ны өдрүүдэд жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнд дэлхийн 45 улсын 1500 орчим тамирчид хуран чуулж, U16, U18, U21 насны ангилалд өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм. Энэ удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь бүсгүй ангилалд зохион байгуулагдсан учраас аль ч өнгийн бүстэй тамирчид хоорондоо таарч өрсөлдсөн нь тамирчдын ур чадварыг сорисон, туршлага нэмж өгсөн юм. Манай улсын хувьд 7-р сарын 14-21-ний өдрүүдэд эх орондоо насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээний дараа манай тамирчид тасралтгүй бэлтгэлээ хангаж, Казахстаныг зорисон. Астанад манай улсаас 40 тамирчид хүч үзсэн бөгөөд нийт 1 мөнгө, 4 хүрэл медалийг хүртэж 10 гаруй тамирчид медалийн төлөө өрсөлдсөн юм. Манай тамирчдын энэхүү амжилт нь залуучуудын ангилал дахь анхны түүхэн амжилт гэсэн тодотголтой байснаараа онцлогтой байв. Тодруулбал U16 насны ангилалд 73 кг-ийн жинд Б.Бат-эрдэнэ мөнгөн медаль хүртсэн нь залуучуудын дэлхийн аваргад Монгол тамирчин финалд хүч үзсэн анхны удаагийнх болсон юм. Тэрбээр эхний тойрогтоо хийлж, удаахи тойргууддаа Румын, Казахстан, БНСУ-ын бөхчүүдийг ялж, аваргын төлөө Канад улсын тамирчинтай учраа таарч хожигдсоноор мөнгөн медаль хүртсэн юм. Мөн U16 насанд манай хоёр тамирчин хүрэл медаль хүртсэн. “BB” академийн тамирчин Түвшинжаргалын Мөнхдөл ДАШТ-ий 16 хүртэлх насны -60 кг-ийн жинд Узбекистан, ОХУ, АНЭУ-ын тамирчдыг ялж хүрэл медаль хүртсэн бол “Art Souve Mongolian BJJ” клубийн тамирчин Билэгтийн Билгүүнтэй ДАШТ-ий 16 хүртэлх насны -50 кг-ийн жинд Узбекистан, АНЭУ, Кыргизстан, ОХУ зэрэг 6 улсын тамирчидтай барилдаж 5 ялж, 1 ялагдсан амжилтаар хүрэл медаль хүртсэн байна.
Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр U21 насны тэмцээн зохиогдож, манай улсаас 16 тамирчин хүч үзэж, Э.Сумъяабэйс, А.Цагаанбилэг нар хүрэл медаль, 6 тамирчин шагналт 5-р байрт шалгарлаа.
U21 насны ангилалд Энхбаярын Сумъяабэйс эхний тойрогтоо Канадын тамирчин Марин Жэймсийг ялж, дараагийн тойрогт АНЭУ-ын тамирчин Алсувайди Омарт ялагдаж, улмаар Израилын бөх Вачтелл Баракийг буулган авч, торгуулийн барилдаанд БНСУ-ын Ким Сеон Минийг ялснаар хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон. Хүрэл медалийн төлөө Э.Сумъяабэйс Кыргызстаны бөх Урмак Илиазбек Уулуг илүүрхсэнээр хүрэл медалийн эзэн боллоо.Жюү жицүгийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний -57 кг-ийн жинд Алтангэрэлийн Цагаанбилэг өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Герман улсын тамирчинг 8-0-ээр, удаах тойрогтоо Австрийн тамирчинг ялж, Израилын бөхөд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон юм. Хүрэл медалийн төлөө Цагаанбилэг АНЭУ-ын тамирчинтай таарч 7-5-аар буулган авснаар залуучуудын дэлхийн аваргын медальтан боллоо. Ийнхүү амжилттайгаар дэлхийн дэвжээнд өрсөлдсөн Монголын баг тамирчид автобусаар 3300 орчим км-ийг туулсаар өнгөрөгч шөнө эх орондоо хүрэлцэн ирлээ.