Жүжигчин О.Амгаланбаатар коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа ийн бичжээ.
“Санаа тавьж залгаж бичиж, ирж эргэж, эсвэл өөрийнхөө шинж тэмдэгийг өвчтэй надаар шинжүүлэх гэж холбогдсон өчнөөн олон хүмүүст баярлалаа. Бие сайжирч байна. Эсрэг бие өндөр гарлаа. Халуурах, толгой өвдөх багасч байна. Одоо уушгинд байгаа хатгаагаа л алга болгочихвол болох нь тэр. Гэхдээ бас эдгээд гарлаа гэхэд энгийн ханиад шиг тийм амар юм биш гэдгийг ойлголоо. Бие сульдах тамирдах нь нэлээд хугацаанд явна, тархины цусан хангамж багасч байна, зүрхэнд бас ачаалал үүсгэж байна гэхчлэн бусад эрхтнүүдэд дараа нь сөргөөр нөлөөлөх магадлалтай юм байна. Тэгэхээр дэглэм гамаа бариад, дархлаагаа байнга дэмжиж байх хэрэгтэй гэнэ. Ер нь тэгээд тэр ковид бол хөнгөн ханиад, тусаад эдгэчихсэн нь дээр нтр гэж эмч нарыг давж дуугараад байгаа их мэдэгчдэд хэлэхэд “олон юм онхолдолгүй олдож байвал тэр вакцин макцинаа хийлгэ” л гэмээр юм байна.
Энэ ХӨСҮТ-д төрийн байгууллагын төвөгтэй, хүнд сурталтай байдал огт харагдахгүй байна. Эмч, сувилагч, асрагчдын харьцаа, хандлага, эмчлэх арга барил маш сайхан санагдлаа. Ер нь харьцангуй залуу хүмүүс ажиллаж байгаа болохоор ч тэр үү хэцүү нөхцөлд хэдий ч хийж буй ажилдаа түүртэхгүй хэвийн албан үүргээ гүйцэтгэж байна. Бахархмаар сайхан.
Харин эсрэгээрээ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд хэлж яримаар зүйл их байнаа их байна. Өвчиндөө түүртээд байдаг юм уу үргэлж уурласан, ярдагласан л хүмүүс явах юм. Нэг тийм та нар үйлчлэх ёстой, намайг эмчлэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсчихсон учраас харьцаанаас авахуулаад л хар яр гээд эхэлнэ. Ийм юм өгсөнгүй, тийм юм авмаар байна гэхээр нь тайлбар хэлэхээр “та нар улсаас нэг хүний төдөн саяыг авч байгаа биздээ” гэсэн хаанаасаа ч олоод сонсчихсон нь мэдэгдэхгүй хачин үгээрээ бамбай хийж хаан хатан шиг сэтгэхүйгээрээ халдвартын муу эмч сувилагчдад хандаад байх болтой юм. Утгагүй улстөржилт, байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй буйгаа бусад руу чихэж тайвшрах гэсэн массын хандлага цар тахалтай тэмцэж байгаа энд хүртэл энгийн үзэгдэл болчихсон нь үнэхээр харамсалтай. Муулаад байдаг төрийн байгууллагынхнаас илүү иргэд бидэнд их асуудал байнаа!!!
За тэгээд эцэст нь хэлэхэд ковид-19 шинж тэмдэг илэрснээс хойш 7-14 хоногт бусдад халдаах чадваргүй болдог нь ОУ-д батлагдсан байна. Коронагүй болох боломж бол хөл хорионы үеэр хүнтэй уулзахгүй л байх!!! Хэн ч хэнтэй уулзахгүй бол халдвартай байгаа хүмүүс халдварлуулах чадваргүй болоод хамаг юм шинээр эхэлнээ л гэсэн үг. Энгийн ханиад гэж бодоод байгаа хүмүүс эмнэлэгт ингээд хэвтмээргүй л байгаа бол эргүү бодлоо бөгсөндөө чихээд вакцинаа хийлгэ…гэснээс тэгээд хийх юм уу даа. Утга учиртай, уялдаа холбоотой шийдвэр гаргахыг улстөрийнхөндөө уриалаарай. Корона гуссан гэж ад үзэхгүй бол аялж маялаад айн та нартай зуныг зугаатай өнгөрөөмөөр л байна шүү. Корона туссан ч гэсэн хүн шүү дээ” гэжээ.