Categories
мэдээ утга-зоxиол

Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог DNN.mn

Өнөөдөр уран бүтээлийн замд тууштай бүтээн туурвиж дэлхий дахины шинэ үеийн утга зохиол, урлагийн үндсэн чиг хандлагыг, хөгжил хувьслыг гүнзгий мэдэрч, тэр төвшинд бүтээл туурвилаа таацуулан тэнцүүлж бүтээн туурвиж, жүжгийн зохиолчдын тэргүүн эгнээнд яваа Монголын нэртэй том төлөөлөгчийн нэг бол яах аргагүй Битогтохын Цогнэмэх болж чаджээ. Тэрбээр зөвхөн өөрөө туурвин бүтээгээд явах бус эх орныхоо урлаг, утга зохиолын хувь заяаны төлөө ихээхэн санаа тавьдаг, зүтгэдэг түүхэн туульсын жүжгийн төрлийг цоо шинээр хөгжүүлж байгаа томоохон уран бүтээлч юм.

Б.Цогнэмэх зохиолчийн эрхэм зорилго бол Монгол түмний өвөг эцгийн түүхийг мартаж үл болох, үргэлж дэлгэрүүлэн түгээж байхыг сануулах явдал юм. Учир нь өнөөдөр залуу үеийнхэнд тулгарч буй нэгээхэн том асуудал бол номтой тун бага нөхөрлөж, бага уншдаг болсонд, залуу үеийнхэн гадаадын соёлыг илүүд үзэх, хэт шүтэх явдал газар авч буйд гүнээ эмзэглэж, зохиолч өөрийн түүхэн жүжгүүдээрээ Монголын түүхэн онцгой үйл явдлуудыг шинээр нээж, эх түүхээрээ бахархах сэтгэгдэл төрүүлэх,таниулан сурталчлахыг зорилгоо болгосон байдаг.

Зохиолчийн жүжгийн зохиолуудын уран сайхны онцлогийг авч үзэн дүрийн онолын үүднээс задлан шинжлэх нь чухал юм.

Уран зохиолын аймгаас “жүжиг” гэдэг өөрийн хууль зүйтэй, онцгой өвөрмөц чанартай байдаг. Үндсэндээ дан харилцан яриагаар нийгэм, түүх, байгаль хүний тухай үзэл бодлыг илтгэх ёстой болдог. Тэгэхдээ түүнээ зохиолын баатруудын зан төрх, үзэл бодолд шингээх замаар тэдний ухаан бодол, үг яриагаар дамжуулж хэлнэ гэдэг төвөгтэй нь ойлгомжтой. Ер нь Б.Цогнэмэхийн түүхэн жүжгүүдэд урьд өмнө нь энэхүү жанр төрлийн жүжгүүдээс тэс өөр өнцгөөс харуулах гэсэн нэг тод хандлага илэрхий байдаг.

Б.Цогнэмэх жүжгийн зөрчлөө нээн олохдоо их зохиолч Д.Намдаг болон манай ахмад жүжгийн зохиолчдын уламжлалыг үгүйсгэлгүй өөрийн үзэл санааг тодруулан жирийн жижиг түүхэн явдлаас ер бусын чанартай баатарлаг дүрүүдийг нээн гаргаж ур ухаанаа сорьж байгаа ньуран бүтээлч хүний эрдэм чадварын гэрч юм. Тэр тусмаа үйл явдлыг хөдөлгөж хөгжүүлэн байгаа дотоод гол зөрчлийг нь олж харж жүжгийн зохиолоо бичнэ гэдэг бол их авьяасын илрэл гэж хэлнэ.

Зохиолын үндсэн дотоод зөрчлөө, хэлэх гэсэн санаагаа далд нуун, гадна талын зөрчлөө хүний нүдний өмнө ил байлгадаг. Туршлагагүй юм уу нөгөө зохиолчийн билгийн хараа нь нээгдээгүй, өөрөөр хэлбэл авьяасгүй хүн тэр бага сага өө сэв, зөрүү буруутай ноцолдсоор уг зохиолын оршин байгааг зөрчилдүүлэх мөртөө, хөгжүүлэх хөдөлгөж байгаа үндсэн зөрчлийг нь олж харж чаддаггүй өнгөрөх нь элбэг. Зохиолч Б.Цогнэмэхийн жүжгүүдийн уран чадварын нууц чухам энд л оршино.

Өрнийн уран зохиолч онолч Р.Уоллек, О.Уоррен нар : “Уран сайхны дүр бол яруу найрагч /зохиолч/-ийн өөрийгөө нээж байгаа байдал” / “Уран зохиолын онол”,УБ,1998, 281/-хэмээн зохиолчийн мэдлэг авьяас билэг, уран чадвар, дотоод сэрэхүй, мэдрэхүй, ертөнцийг үзэх үзэл зэрэг олон зүйлстэй холбосон шинжтэй тодорхойлолтыг өгсөн байдаг бол Францын зохиолч А.Камю: “Хүн гэдэг хэнтэй ч адилгүй мөн чанартай төрхийн учир уран зохиолд тийм ганц хүнийг дүрслэх ёстой” хэмээх өөрийн онолдоо дүрийг хэрхэн урлах ерөнхий зарчмыг тодорхойлсон байдаг.

Ер нь дүрийг урлахдаа нөхцөл байдалд зан төрхийг илрүүлж, чухамхүү нэг зүйлийн нэгж дүрээс ахиулан өрнүүн үйл явдалд дүрийг эрчимтэй оролцуулан улмаар түүхэн үйл хэрэгтэй уялдуулахын зэрэгцээ тухайн нөхцөл байдал бүрд зан төрхийг нь илрүүлэн хувийн бодгаль шинжийг нь нээдэг гэж Б.Цогнэмэх зохиолчийг тодорхойлж болох талтай.

Зохиолч түүхэн туульсын жүжиг “ Тэнгэрийн хүү“, Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг “Ай Нан аа” түүхэн дуулалт жүжиг, “Дуртмал сайхан”түүхэн сэдэвт моно жүжиг,”Хаадын хаан. Андгай” түүхэн туульсын хөлгөн жүжигтээ баатруудыг тухайн түүхэн цаг үеийн онцлогт тохирсон нийгмийн зан төрх шинж байдлыг бүрэн төлөөлж чадахуйцаар урлахыг хичээж байгаа нь харагдахаас гадна түүний жүжгийн зохиолуудад дүрслэгдэж буй баатрын цаана Монголын өнөөгийн нийгмийн зан төрх, хэв шинж тодорч байдаг юм.

Зохиолч Б.Цогнэмэх баатарлаг туульсын жүжгүүдийн уран сайхны дүрийн зан төрхийг нарийн үзүүлж, сэтгэл санааных нь давтагдашгүй өвөрмөц онцлогийг шинжлэн нээж, ерөнхий хэв шинжээс нь тодорхой хүн болтол нь илрүүлж байгаа нь зохиолчийн өргөн мэдлэг, өндөр уран чадварын тод илрэл юм.

Түүний авьяасыг Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар гярхай ажиглан мэдэрч “Улс үндэстнүүдийн сэтгэлгээг үлгэр домог, туульсын бодомж, хөдөлгөөн, дотоод халил, хэтрүүлэл, зүйрлэлийн давтагдашгүй охь ертөнцөөр нь хэмждэг.Үүнийг Б.Цогнэмэх манай драмын урлагт шигтгэж өглөө” /Б.Цогнэмэх. Түүхэн туульсын шилдэг жүжгүүд. УБ.2017.8/ хэмээн үнэлсэн нь бий. Найруулагч Н.Наранбаатар түүнийг ийнхүү үнэлж УДЭТ-ын тайзнаа “Тэнгэрийн хүү”, Хаадын хаан их эзэн Чингис”,”Асарын өндөр” түүхэн туульсын жүжгүүдийг амжилттай тавьж үзэгч олны талархлыг хүлээсэн. Ер нь манай театрт ч тэр, гадаадын театрт ч тэр найруулагч жүжгийн зохиолчийн бат бэх,найрсаг харилцаа холбооны үндсэн дээр чанартай сайн жүжиг тайзнаа амилдаг. Ингэж манай театрын ахмад уран бүтээлчид, найруулагчид, жүжгийн зохиолчид ажиллаж ирсэн түүхтэй бөгөөд Н.Наранбаатар Б.Цогнэмэхийн энэхүү нөхөрлөл нь энэхүү жамаар урагшилж манай драмын театрыг цэцэглүүлэн хөгжүүлж байгаа нь бахархууштай.

Тухайлбал Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” (2011) туульсын жүжиг нь монгол түмний өвөг дээдэс Хүннү гүрний түүхэн сэдвээр бүтсэн бүрэн хэмжээний жүжиг болж монголын театрын урын санг баяжуулсан бүтээл болжээ.”Газар бол улсын үндэс” гэсэн үг бол миний жүжгээр дамжуулж хэлэх гэсэн гол агуулга байсан. …Энэ үгний цаана оршин буй тэр үнэ цэнийг л жүжигчин нээн харуулж, үзэгч тэр үгийг сэтгэл оюундаа мэдрэх нь найруулагч миний туйлын хүсэл, туйлын эрмэлзэл байлаа” хэмээн найруулагч жүжгийн гол чиг шугам, туйлын зорилгоо тодорхойлсон байна

Найруулагчийг бүрэн эзэмдсэн санаа нь Б.Цогнэмэх зохиолчийн санаанаас урган гарч жүжигчний мөн чанарт гүнзгий шингэхэд тусалжээ. Найруулагч Н.Наранбаатар жүжигчин хүнд нээлттэй, ил тод байдаг, заримдаа ч тэр бээр өөрөө жүжигчнээс эрч ч олж авдаг бөгөөд жүжгийн зохиол, жүжигчин хоёр нь түүнд шинэ сэдэл олж өгч, нэг үгээр хэлэхэд тайзны “нээлт” хийх боломжийг олгожээ.

“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг нь эртний нүүдэлчдийн төр улсыг байгуулсан монголчуудын эртний өвөг Хүн гүрний домогт удирдагч Модун шаньюйн тухай өгүүлсэн түүхэн туульсын бүтээлд нүүдэлчдийн анхны төрт улсыг үндэслэгч Модун шаньюйн амьдрал тэмцлийг олон талаас харуулахын зэрэгцээ түүхэн эх сурвалжууд, археологийн олдворын мэдээ, монголчуудын бэлгэдэл зүй , уртын дуу, морин хуурын үүсэл, хурим найрын заншил, өвөг дээдсийн сургаал, ёс зүй зэргийн ойлголтуудыг өргөн ашигласнаараа онцлог бүтээл болсон юм.

Хүннү гүрний 2220, Их Монгол Улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90, УДЭТ-ын 80 жилийн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг 2011 онд алтан тайзнаа тоглогдсон бол их хөлгөн туульсын жүжгийн томоохон бүтээл болох “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжиг 2023 оны долдугаар сарын 24-ний бэлгэт өдөр Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театрын тайзнаа Завхан аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан хөшгөө нээжээ.

Энэхүү түүхэн аялгуут жүжиг нь “Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг тавигдсанаас хойш 12 жилийн дараа тавигдаж, энэ хугацаанд бий болсон түүхийн шинжлэх ухааны сурвалж судлал, археологийн зэрэг салбарт гарсан нээлт, шинэ баримт, олдвор, үнэт зүйлсийн баялаг материалаар баяжуулснаар онцлог болсон бол “Асарын өндөр” түүхэн аялгуут жүжгийн нөгөө нэг онцлог бол түүхийн шинжлэх ухаан буюу археологийн хосгүй үнэт олдвор дээр тулгуурлан зохиолч Б.Цогнэмэх монголчуудын оюун санааны эрэлт хэрэгцээг бодитойгоор, мөн чанараар нь хангасан соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодит жишээ болсон жүжгийн зохиол бичжээ.

Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан ус гэдэг газраас Хүннүгийн томоохон язгууртны булш олдсон баримтуудыг ашиглан энэхүү түүхэн олдвор дээр сэдэвлэсэн энэхүү жүжиг нь гурван бүлэг зургаан үзэгдэлтэй бөгөөд үзэгч түмэнд үгүйлэгдээд буй монголчуудын язгуур урлаг болох аялгуут жүжгийн жанраар зохиогдсон нь сонирхол татаж байна.

Энэхүү жүжигт харийн бодлогын эсрэг тэмцсэн Отухан баатар тэргүүтэй Хүн гүрний ард түмний тэмцлийг маш эрчимтэй, динамик хөдөлгөөнтэй, хурц зөрчилтэй, олон дүрүүдийн нарийн өсөлттэй үзүүлж эмгэнэлт драмын жүжгийн нарийн, ухаалаг зохиомжоор шийдсэн байна. “Асарын өндөр” жүжигт гарч буй Отухан баатар, Даяан-Ай гүнж, Хасун хатан, Хохой түшмэл, Улаанцолмон удган, Хан улсын улс төрийн зөвлөх Жан Цянь зэрэг дүрүүдийг зохиолч олон шийдвэрлэх үйл явдалтай холбож жүжгийнхээ өрнөлийг хурцатган харуулсан нь гойд сайн болжээ. Зохиолч Б.Цогнэмэх үйл явдлаа, дүрүүдээ тод томруунаар гаргаж чадсаны үр дүнд жүжигчинд тайзнаа тоглох, найруулагчид ажиллах, олон сайхан мизансцен буюу өрөлт хийх, зураачид тайзыг амилуулах, хөгжмийн зохиолчид жүжигт тохирох чихэнд таатай сонсогдох хөг аялгуу зохиох боломж гарсны ачаар сайн бүтээлийн нэгдмэл ансамблийг бүрдүүлж өгч чадсан байна.

Зохиолчийн ур чадварыг үнэлэх нэгэн тодотгол бий. Учир нь хэн хүний бичээд байдаггүй жүжгийн зохиолын төрөл жанр бол моно жүжиг юм.Моно гэдэг төрөл нь нэг жүжигчний тайзнаа ганцаар бүхэл бүтэн жүжгийг тоглоход зориулсан зохиолын төрөл юм. Орчин үеийн уран зохиол судлалд монодрам болсон монологийн тухай онол өргөнөөр судлагдсан байдаг. Монолог гэдэг нь“ харилцаа холбоонд оролцож буй гол баатар болох нэгний идэвхтэй байдлаар илэрхийлэгдсэн дэлгэрэнгүй хүүрнэл яриа” хэмээн судлаачид үзжээ.

Манай театр 2000 оноос хойш энэхүү төрлийн зохиолуудыг тайзнаа тавьж олон улсын моно жүжгийн уралдаанд амжилттай оролцож Монголдоо ч олон улсын “Ялалтын цуваа” моно жүжгийн уралдаан зохион байгуулаад сайхан туршлага хуримтлуулж байгаа билээ.

Сүүлийн үед манай нэрт зохиолч асан П.Батхуяг моно жүжгийн төрлөөр олон сайхан жүжиг бичиж манай театрын урын санг баяжуулсан билээ. Энэ авьяаслаг зохиолчийн араас Б.Цогнэмэх гарч ирж “Дуртмал сайхан” түүхэн моно драмыг толилуулжээ.

Зохиолчийн хувьд ертөнцийн зөрчлийг тусгах ёстой байдаг. Учир нь эдгээр зөрчлүүд нь ертөнцийг хөдөлгөөнтэй байлгаж байдаг жамтай. Б.Цогнэмэх зохиолч хүмүүсийн бодит амьдралыг олон талаас харуулах зорилго тавьж энэ ертөнцийн олон талт амьдралыг, олон үзэлт байдлыг харуулах, тайлбарлан таниулахдаа зохиолч баатраа динамик эрчимтэй байдлаар, зөрчил дунд харуулж байна. Хүмүүний ертөнцийг өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, даяаршил орлож чадах болов уу гэсэн сэтгэл зовнил, бид өвөг дээдсийнхээ өмнө, түүхийн өмнө ямар хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуултуудыг энэ зохиолд тавьсан байдаг.

Хүн гүрний ахуй ёс, зан заншил, эрэлхэг баатарлаг, эрэмгий дайчин төрх, үлгэр домог нь Б.Цогнэмэхийн “Дуртмал сайхан” Хүннүгийн тухай сэдэвт жүжигт бүхий л хам шинжээр уялдаж орчин үеийн сэтгэлгээний хурц үзэл санаа, өнцгүүдтэй харшилдуулан урласан сонирхол татаж нь Хүн гүрний алдарт гүнж Юнрунгоогийн тухай өгүүлэх нь “Дуртмал сайхан” моно жүжигт тодорч байна. Энэ жүжиг нь монголын түүхэн дэх эмэгтэйчүүдийн хувь заяа, үүрэг оролцоог уран сайхны хэлбэрээр илэрхийлэн, эх оронч, тууштай чин зоригт, өв соёл, их түүхийн хөтөч нь эдүгээ ч бүсгүйчүүд байдаг гэсэн үнэт санааг давхар илэрхийлсэн нь тэмдэглүүштэй.

Энэ жүжигт Юнрунгоо гүнжийн дүрийг “Би” дүртэй уялдуулан гаргаж “Би”-гийн нууцыг тайлах зорилго тавихдаа Юнрунгоо хатны дүр төрхийг зохиолын гол баатар “Би”-тэй яг адилхан байхаар зохиомжилсон нь жүжгийг сонирхолтой болгож эх түүхээрээ, өв соёлоороо бахархах, уриалан дуудах, хойч үеэ хүмүүжүүлэх үнэт зүйлийг уламжилж буй нь энэ жүжгийн үндсэн санаа болжээ.

Б.Цогнэмэх өнөөгийн Монголын жүжгийн зохиолын салбарт өөрийн гэсэн томоохон байр суурийг эзэлж, маш эрчимтэй олон сайхан жүжгүүдийг бичиж, театрын урын санг баяжуулж буй авьяаслаг зохиолч юм. Тэр бээр олон төрөл жанраар зохиолоо бичиж тэр дундаа түүхэн сэдэвт туульсын бүтээлүүд нь тайзнаа тавигдаж үзэгчдийн таашаал хүртэж байгаа билээ.

Тэр бээр жүжгийн зохиолын төрөл гэхэд түүхэн туульсын жүжиг, түүхэн дуулалт жүжиг, моно жүжиг, хүүхдийн жүжиг, мюзикл, нийгмийн сэтгэлзүйн драмын жүжиг, гэр бүлийн драм, бүжгийн жүжгийн цомнол, дуурийн цомнол, түүхэн жүжиг, абсурд жүжиг зэрэг олон төрөл жанрын 40 гаруй жүжгүүд бичсэн нь зохиолчийн авьяасыг илтгэж буй хэрэг мөн.

Ер нь зохиолчийн жүжиг бүр нь тухай үед амьдралд шийдвэрлэх асуудал байгааг шинэчлэгч нүд хараагаар олж хараад, түүнийг уламжлан шинэчлэх харилцаа холбоон дунд, ёс суртахууны мөнхийн хэлхээ холбоон дунд шийдвэрлэж чадсан байдаг. Жүжгүүдийн үргэлжлэл өсөлт, шинээ санаа, шинэ арга барил, оновчтой шийдлээр баяжсаар байдаг онцлогтой.

Зохиолчийн хувьд тэр бээр өөрийгөө болоод өрөөлийг давтахгүй байхыг зорилгоо болгодог. Бүтээл бүрээ сэтгэл оюундаа удтал боловсруулж бичдэг зарчимд үнэнч зохиолч Б.Цогнэмэх амьдралын болон урлаг уран сайхны ерөнхий хуульд захирагдаж жүжгүүдээ бичиж байгаа нь Монголын театр, жүжгийн зохиолын хөгжлийг урагшлуулж буй хэрэг мөн бөгөөд уншигч, үзэгч түмэн шинэ зохиолын хүлээлттэй хэвээр байгаа билээ.

 

Дашдондогийн Батсайхан театр судлаач, урлаг судлалын ухааны доктор /Ph.D/, дэд профессор, МУУГЗ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *