Categories
гадаад мэдээ

Жонни Депп, Эмбер Херд нарын шүүх хурал ширүүхэн үргэлжилж байна DNN.mn

Жүжигчин Жонни Депп экс эхнэр Эмбер Хердийг өөрийг нь гүтгэсэн хэргээр шүүхэд дуудаж, хурал хоёр долоо хоног үргэлжилж байна.

Виржиниа мужид болсон гүтгэлгийн шүүх хурал тэдний өнгөрсөн харилцааны талаарх үнэнийг тогтоох ширүүн “тулаан” болж, хоёр тал гэр бүлийн маргаан, үймээн самуунтай гэрлэлтийн үеэр нэг нэгнийхээ хүчирхийлэлд өртсөн гэж буруутгаж байна.

Жонни Депп, экс эхнэр жүжигчин Эмбер Хердийн Вашингтон Пост сонинд нийтэлсэн “Гэр бүлийн хүчирхийллийг төлөөлж буй олон нийтийн зүтгэлтэн” хэмээх нийтлэлийг нь эсэргүүцэж, өөрийг нь гүтгэсэн хэмээн 50 сая доллар нэхэмжилжээ.

Депп мэдүүлэгтээ экс эхнэр Хердийн зүй бус үйлдлүүдийг дурдаж тэр дундаа нүүрэн дээр нь тамхиа унтрааж байсан гэжээ. Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр нээлттэй мэтгэлцээнээр эхэлсэн шүүх хурал зургаан долоо хоног орчим үргэлжлэх төлөвтэй байна.

Жонни Депп, Эмбер Херд нарын харилцааны он цагийн хэлхээс:

2009 он: Депп, Херд нар 2009 онд “The Rum Diary” киноны зураг авалтын үеэр анх танилцжээ. Хантер С.Томпсоны ижил нэртэй номноос сэдэвлэсэн уг кинонд Депп Пуэрто Рикод ажилд орсон Пол Кемп хэмээх сэтгүүлчийн дүрд тоглодог. Харин Амбер түүнд анхны харцаар дурладаг Ченогийн дүрд тоглосон юм.

2012: Депп болон түүний олон жилийн хамтрагч, хоёр хүүхдийнх нь ээж Ванесса Парадис нар салсан. Тухайн үед Херд, Депп нар болзож эхэлсэн бөгөөд хожим нь 2014 онд сүй тавьсан юм. Сүй тавиад удаагүй Жонни Депп, Эмбер Херд нар тухайн оны Met Gala-д хамтдаа хүрэлцэн иржээ.

2015 он: Депп, Херд нар Лос-Анжелес хотод хуримын ёслолоо олноос нууцаар хийжээ.

2016 он: Тэд гэрлээд 15 сар болсныхоо дараа гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн. Шүүхээс Деппийг хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ эхнэрээ хүчирхийлсэн гэж үзэн түүнийг түр хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргаж байв. Депп түүний мэдүүлгийг няцааж, 2016 оны наймдугаар сард шүүхээс долоон сая долларын тохиролцоонд хүрч, Херд мөнгөө буяны үйлсэд хандивласан.

Жүжигчид тухайн үед хамтарсан мэдэгдэл хийж, “Бидний харилцаа маш их хүсэл тэмүүлэлтэй, заримдаа тогтворгүй байсан ч үргэлж хайраар холбогддог. Аль ч тал санхүүгийн ашиг хонжоо хайсан гэж худал гүтгэлэг хийгээгүй. Бие болон сэтгэл санааны хувьд хохироох санаа хэзээ ч агуулаагүй болно” гэжээ.

2018 он: Херд 2018 оны арванхоёрдугаар сард The Washington Post сонинд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд нийгэм, эрчүүд хэрхэн ханддаг талаар нийтлэл бичсэн. Гэхдээ түүндээ Деппийн нэрийг дурдаагүй.

2019 он: Депп Вашингтон Пост дахь нийтлэлээр өөрийг нь төлөө гүтгэсэн гэсэн үндэслэлээр Хердээс 50 сая доллар нэхэмжилсэн.

2020 он: Депп “The Sun” сэтгүүлийн нийтлэгчийг 2018 онд Хердийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн гүтгэсэн хэргээр Их Британид шүүхэд өгсөн. Депп хүчирхийллийн бүх мэдэгдлийг няцаасан.

Херд энэ хэрэгт мэдүүлэг өгөхдөө нэг удаа Депп түүнийг “ална” хэмээн олон удаа сүрдүүлсэн гэж мэдэгджээ. Их Британийн шүүх тус сонины мэдэгдлийг “Үнэн” гэж үзсэн бөгөөд Деппийн давж заалдах хүсэлтийг хүлээн аваагүй байна.

2022 он: Дөрөвдүгээр сарын 12-нд Виржиниа мужид Хердийн эсрэг Деппийг гүтгэсэн хэргийн шүүх хурал эхэлсэн.

Мягмар гарагт Депп анх байр сууриа илэрхийлэв. Тэрээр хүчирхийлэлд өртсөн ээжтэй өссөн, түүний хар тамхины хэрэглээтэй тэмцэж байсан, Хердтэй эвгүй харилцаатай байсан тухайгаа мэдүүлэгтээ ярьжээ.

Депп мэдүүлэгтээ Хердтэй үерхэж байхдаа маргалдсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч “Би хэзээ ч Хердийг ямар нэгэн байдлаар цохих хэмжээнд хүрч байгаагүй, амьдралдаа нэг ч эмэгтэйг цохиж байгаагүй” гэжээ.

Зургаан долоо хоног үргэлжлэх шүүх хуралд Херд хараахан байр сууриа илэрхийлээгүй байна. Депп даваа гаригт үргэлжлүүлэн хөндлөнгийн байцаалт авахаар үргэлжлүүлэн оролцох төлөвтэй байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *