Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Жон Леннон, Йоко Оно нарын олонд ил болоогүй ярилцлага 38 мянган фунт стерлингээр зарагджээ

Домогт “The Beatles” хамтлагийн дуучин Жон Леннон болон түүний гэргий, Японы зураач, дуучин Йоко Оно нарын урьд өмнө олонд ил болж байгаагүй ярилцлагуудыг дуудлага худалдаагаар заржээ.

Тодруулбал, хосуудын “The Beatles” хамтлагийн аль дуунуудад дуртай болох мөн тэдний “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал”-ын талаар ярьсан ярилцлага бүхий хуурцгуудыг дуудлага худалдаагаар зарсан байна.

1969, 1970 онуудад Канадын нэрт сэтгүүлч Кен Зейлиг хосуудтай гурван хэсэг бүхий нийт 91 минутын ярилцлага хийж байжээ. Харин уг цогц ярилцлагын зөвхөн тав орчим минутыг 1980-аад онд олон нийтэд хүргэж байсан гэж үздэг байна. Эдгээр хуурцгууд 38000 фунт стерлингээр зарагдах хүлээлтийг мягмар гарагт давжээ.

Хосууд 1969 онд Монреалийн “Queen Elizabeth” зочид буудлын өрөөнд найман өдрийн турш “Энх тайвны төлөөх хэвтээ жагсаал” хийсэн бөгөөд энэ үеэр тэдэнтэй “The Beatles” хамтлагийн сүүлийн цомог болох “Abbey Road” хэзээ худалдаанд гарах, хамтлагийн ирээдүй зэрэг олон сэдвээр ярилцжээ.

Түүнчлэн Ж.Леннон бие даасан уран бүтээлчээр ажиллах тухай, түүний хөгжмийн салбар дахь нөлөө, “The Beatles” хамтлаг Их Британийн эзэнт гүрний шилдэг гавьяаны одонг хүртсэн тухай болон өөрсдийн хайр дурлал, хүүхэдтэй болох төлөвлөгөөнийхөө талаар ярьжээ.

Канадын сэтгүүлч Кен Зейлиг 30 жилийн турш чөлөөт сэтгүүлчээр ажиллаж, олон алдартай зураач, нийгмийн зүтгэлтнүүдтэй ярилцлага хийжээ. Тэрээр 1990 онд таалал төгссөн байна.

12 цуврал ярилцлага бүхий хуурцгийг сэтгүүлчийн хүүхдүүд саяхан олсон бөгөөд тэр дунд “The Beatles” хамтлагийн менежер, “Apple records” студийн гүйцэтгэх захирал Нил Аспиналлтай тус хамтлагийн уран бүтээлийн талаар ярилцсан ярилцлага мөн багтаж байгаа аж.

Ярилцлагын жижиг хэсэг 1980-аад оны сүүлээр Америкийн радиогоор цацагдаж байсны зэрэгцээ “The Lost Lennon Tapes” нэртэй баримтат цувралын нэг хэсэг болжээ.

“Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй зүйлүүд багтсан тул энэхүү ярилцлагууд Ж.Ленноны шүтэн бишрэгчдийг гайхшруулах болно. Энэхүү хуурцгууд дэлхийн өнцөг булан бүрт байгаа олон зуун хүний сонирхлыг татаж, АНУ, Европын орнуудаас өндөр үнийн саналууд ирсэн хэдий ч эцэстээ Нидерландын нэгэн худалдан авагчид зарагдлаа” гэж Английн “Omega Auctions” дуудлага худалдааны компанийн төлөөлөгч Пол Фэйрвезер хэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *