Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог DNN.mn

Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам байна. Үүнээс өнгөрсөн УИХ-ын сонгуулийн үр дүнд зургаан нам парламентад суудал авсан. Үлдсэн улс төрийн 30 гаруй нам “гудамж”-аас үйл ажиллагаагаа явуулж байгаа. Монгол Улс ардчилсан тогтолцоотой орон ч гэлээ гурван сая гаруйхан хүн амтай жижиг улсад гуч гаруй улс төрийн нам байх шаардлага байхгүй гэж зарим судлаачид ярьдаг. Гэвч ардчилсан тогтолцоо руу шилжсэнээс хойш улс төрийн нам борооны дараахь мөөг шиг олширсон. Бүр Дээд шүүхэд бүртгэлтэй атлаа даргаасаа өөр гишүүнгүй нам ч хэд хэд байх жишээний. Улс орны хөгжил, иргэдийн улс төр дэх оролцоог хангах, цаашлаад төрийн бодлогыг тодорхойлоход оролцдог гол институци бол улс төрийн нам.

Гэтэл олон намын тогтолцоог далимдуулан гарч ирсэн гишүүнгүй, бодлого, дүрэмгүй, хөтөлбөр зорилтгүй зүгээр л улс төрөөр мөнгө хийх гэж байгуулагдсан улс төрийн намууд хэдэн арваараа байдгаас болж улс төрийн намд, цаашлаад төрд итгэх иргэдийн итгэлийг эрс бууруулсан гэдэг судалгаа бий. Тиймээс л олон жил эрх зүйн өөрчлөлт хийгдээгүй Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Ингээд өнгөрсөн жил Ерөнхийлөгчөөс Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл УИХ-д өргөн баригдаж, сүүлийн 76 гишүүнтэй парламент хэлэлцэн баталсан байдаг. Улмаар дээрх хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулийг шинэчлэх болсон гол шалтгаан нь товчхондоо улс төрийн намуудыг төлөвшүүлэх, намын санхүүжилтийг нь ил болгох, мэргэжлийн институци болгох л байсан. Дээрх хуулийн шинэчлэл нь энэ зорилгоо хангасан эрх зүйн сайн өөрчлөлт болсон гэж хуульчид, судлаачид үздэг. Гэтэл энэ зорилгоос нь няцааж, Улс төрийн намын тухай хуулийн амин сүнс болсон улс төрийн намыг үүрэгжүүлэх гол заалтыг хүчгүй, амьгүй болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцүүллээ. Ямар зүйл заалт вэ гэхээр Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хууль гэж бий.

Таван зүйл заалттай уг хуулийн хоёр дахь зүйлд “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан байна. Энэ нь улс төрийн намууд Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлтэд уялдуулан дүрэм, хөтөлбөрөө илүү өргөн хүрээнд өөрчилж түүнийгээ Дээд шүүхэд хүргүүлэх заалт юм. Адаглаад улс төрийн нам нийт хүн амын нэгээс доошгүй хувьд хүрсэн буюу 35 мянгаас доошгүй гишүүнтэй байх, дэргэдээ судалгааны төвтэй байх, намын санхүүжилтээ шилэн болгосон байх, байгуулагдсан цагаасаа эхлээд дүрмийнхээ дагуу намын их хурал, бага хурлаа явуулсан байх зэрэг шаардлага шинээр хэрэгжиж эхэлсэн Улс төрийн намын тухай хуульд орсон.

Тиймээс эдгээр шаардлагуудыг биелүүлээд, улмаар үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд бүртгүүлэх ёстой заалт гэсэн үг. Энэ хуулийн заалтаар товлогдсон хугацаа нь ирэх оны нэгдүгээр сард дуусна. Гэтэл хуулийн хугацаа дуусах дөхөж байхад дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлсэн улс төрийн нам ердөө долоо байгаа нь асуудал болж байна. Нөгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас ердөө долоон нам яг одоогийн байдлаар шинэчилсэн материалаа бүрдүүлж өгсөн гэх. Ингээд үлдсэн 30 орчим улс төрийн нам ирэх оны нэгдүгээр сараас өмнө их хурлаа хийгээд, дүрэм, хөтөлбөрөө шинэчлээд Дээд шүүхэд хүргүүлж амжихгүй гэжээ. Тиймээс дээрх хуулийн хугацааг дор хаяж хоёр жилээр сунгаж өгөхийг Засгийн газраас хүссэн байна. Өнгөц харахад Улс төрийн намын тухай хуулийн оролцогчид болох улс төрийн намууд тулгамдсан асуудлаа хэлж байгаа мэт боловч цаанаа Монголын улс төрийн намуудын тар нь танигдаж байна. Нэг үгээр хэлбэл, 37 намын дийлэнх нь нам байх чадамжгүй гэсэн үг. Тэгвэл энэ олон чадамжгүй улс төрийн намууд төдийгөөс өдийг болтол яагаад тарчихгүй үйл ажиллагаагаа идэвхтэй явуулаад байдаг вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт нь маш тодорхой. Хатуухан хэлэхэд, Монголын улс төрийн намуудын ихэнх нь хүссэн үедээ хэнд ч үзэл бодлоо худалдаж, хэний ч төлөө юуг ч хийж чадах улс төрийн “биеэ үнэлэгчид”. Тэр дундаа 30 гаруй жил төрийн эрхийг барьсан эрх баригч намын гар хөл бологсод нь жижиг гэж ярьдаг улс төрийн намууд юм. МАН-ын гар хөлийн үзүүрт сайн зарагддаг нам нь зарим сонгуулиар парламентад ганц нэг суудал авдаг.

Үүнийгээ улс төрийн гуравдагч хүчин гарч ирлээ гэж бусдад итгүүлэх гэж оролддог. Эдгээр улс төрийн намуудын сонгуульд оролцдог гол зорилго нь МАН-аас бусад намуудын саналыг тараах, тарамдуулахад оршдог. Ингэснийхээ шанд тэд МАН-аас далдуур санхүүжилт авдаг. Энэ бол Монголын улс төрийн намуудын бодит байдал. Улс төрийн намуудын ихэнх нь нэг намын гар хөл байна гэдэг нь Монгол Улсад ардчилал хөгжихөд хамгийн том саад болж байна гэсэн үг. Улс төрийн намын үүрэг юу вэ гэдгийг энэ жижиг намууд огт мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Учир нь тэд намыг компани, улс төрийг бизнес болгон харж үйл ажиллагаагаа явуулж ирсэнтэй холбоотой. Улс төр, бизнесийн бүлэглэл гэдэг нь үнэндээ энэ. Өнгөрсөн хугацаанд явуулж байгаа энэ бүлэглэлийн үйл ажиллагааг үндэсний хэмжээний том нам болох Ардчилсан нам биеэрээ мэдэрсэн байх ёстой. Сүүлийн хэдэн удаагийн УИХ болон Орон нутгийн сонгуульд АН ямар үр дүнтэй оролцож ирэв гэдгээс л тодорхой харж болно. Сонгууль болгонд МАН, түүний дагагсад болон АН дангаараа гэдэг байдлаар хуваагдан өрсөлдөж ирсэн. Ингээд МАН саналаа авдгаараа авч, үлдсэн саналыг АН болон МАН-ын дагагсад хуваан авдаг. Үр дүнд нь МАН олонх болдог. Үүнийг Ардчилсан нам болон ардчилсан үзэл баримтлалтай улс төрийн хүчнүүд ойлгох хэрэгтэй гэж олон нийт үздэг. Гэхдээ тэд ойлгож байгаа. Ойлгосон атлаа үүний эсрэг тэмцэх сэдэл АН болон ардчилал чигийн улс төрийн хүчнүүдэд нийтэд нь алга байна уу даа гэж харагдахаар байна. Тиймээс улс төрийн намуудын МАН-дагагсад болон АН гэсэн хуваагдлыг цэгцлэхийн тулд л Улс төрийн намын тухай хуулийг шинэчилсэн. Хэрэв хуулиа яг мөрдөөд эхэлбэл хэдэн нам үлдэхийг дээрх тооноос та харсан байх. Яг ингээд хуулийг мөрдөөд эхэлбэл МАН ирэх сонгуулиудад тал хүчээ алдахаар байна. Үүнээс л эрх баригчид айж байгаа бололтой. Хамгийн ойрын хугацаанд болох сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль.

Тиймээс энэ сонгуулиар МАН тал хүчээ алдахгүйн тулд дагагсдаа улаан цээжээрээ хамгаалж, хэрэгжиж байгаа хуулийг хүч түрэн өөрчлөх гэж байна. Юутай ч Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг өнөөдөр шийднэ. Хэрэв УИХ хэлэлцэхийг нь дэмжчихвэл уг хууль ногоон гэрлээр батлагдана. Батлагдлаа гэж бодоход Монголд улс төрийн намууд хэзээ ч төлөвшиж, мэргэжлийн институци болж чадахгүй. Ирэх жилүүдэд болох сонгуулиар ч 30 жил эрх барьсан нам олонх болдгоороо болоод л явна. Эсрэгээрээ Монголын ардчилал унтарсаар л байх болно…

Э.МӨНХТҮВШИН

One reply on “Жижиг намууд үнэндээ ардчилалд очих саналыг тарамдуулж, МАН-ыг ялалт байгуулахад л хэрэг болдог DNN.mn”

Энэ олон гишүүнчлэлтэй намуудыг татан буулгаж чадваас дараа дараагийн сонгуульд ард иргэдийн санал худалдагдахгүй шударга сонгууль болох магдалтай байж болох юм

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *