Өнөөдөр NBA-гийн талбайд Хьюстон Рокэтс болон Голдэн Стэйт Варриорс багууд туллаа. Тус тоглолтонд Хьюстон Рокэтс багийн ахлагч Жэймс Хардэн оролцоогүй ч аваргуудтай эн тэнцүү тоглож 114-124-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Тоёото цэнтрт болсон энэхүү тоглолтонд Хьюстон Рокетсийн шинэ цэрэг Жэралд Грийн гайхалтай байж 33 минутад 29 оноо авч, 8 удаа аркны араас оруулсан юм. Ийнхүү тэрбээр Рокэтстэй хийсэн баталгаагүй гэрээгээ шинэчилж улирал дуустал тоглохоор болов. Тоглолтын шилдэг тоглогчоор Голдэн Стэйт Варриорсын холбон тоглогч Стефан Карри 29 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийж тодорсон бол түүнд хамгаалагч Клэй Томпсон 28 оноогоор тусаллаа. Уг тоглолтод Варриорсын довтлогч Кэвин Дурант оролцоогүй гэдгийг онцлоё. Харин Рокэтсоос хамгаалагч Эрик Гордон 30 оноо, 7 оновчтой дамжуулалт, холбон тоглогч Крис Пол 28 оноо, 9 оновчтой дамжуулалт тус тус үзүүлсэн ч баг нь хожигдов.
Б.АМАРТҮВШИН