Categories
мэдээ цаг-үе

Жаран жилийн хойно уулзаж буй Бүрэнгийн сургуулийн нэг ангийнхан

Төв аймгийн Бүрэн сумын бага сургуульд 1952-1956 онд суралцаж дөрөвдүгээр анги төгссөн “хүүхдүүд” уулзлаа. Цааш анги дэвших бол аймгийн төв, аль эсвэл Улаанбаатарыг зорьдог үе байж. Малчин голдуу өрхийн хүүхдүүд дөрвөн жил суралцаад өөр, өөрсдийн замыг хөөгөөд эргээд 60 жилийн хойно уулзаж байгаа нь сонин. Тэд “Номун” хэмээх амралтын газар байхад нь бид очсон юм. Бид гэдэг нь ардын уран зохиолч Д.Цоодол, УИХ-д гурвантаа сонгогдож байсан, шинжлэх ухааны доктор Н.Тогтох гуай, хуульч, сэтгүүлч, доктор Ш.Сүхбаатар нар бөлгөө. Бүрэнгийн сургуульд Н.Тогтох гуай 1953 онд, Д.Цоодол гуай 1954 онд элсэн суралцаж байжээ. Нэг хоёр ангийн дээр, доор суралцаж явсан найзуудтайгаа уулзаж хуучны явдлуудыг дурсаж, сэтгэлээ сэргээхээр шийдсэн нь тэр. Харин хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатар бол ангийнхныхаа уулзалтад оролцож буй Г.Санлиг гуайн хүү билээ. Уулзалтад 75-76 нас хүрсэн ангийн нөхдөөс гадна 90 насыг зооглож буй ангийн багш Д.Дагвадорж гуай иржээ. А.Алтангэрэл “Бид хэдий өндөр настай болж байгаа ч багынхаа дурсамжийг мартаагүй, түүнийгээ уудлан ярилцаж буй нь сайхан байна. Манай ангийнханд анхалж “А” үсэг зааж амьдралын дөрөөнд сүү дусаасан Д.Дагвадорж багш маань ирлээ. Үүнээс сайхан уулзалт гэж хаа байхав” хэмээж суув.

Ц.Валя гуай “Ангийнхнаа харах сайхан юм. Одоо энэ Д.Цэдэнсодном, Л.Охин нартайгаа уулзаагүй 60 жил өнгөрсөн байна шүү дээ. Бөөнөөрөө ингэж уулзсан тохиолдол байсангүй. Бидний үед ангидаа эргээд тэдэн жилийн дараа уулзъя, барья гэсэн тов ч тавьдаггүй байж” хэмээхэд Д.Юмжирмаа гуай “Сурвалжлагч хүү минь нэрийг нь санахгүй байвал Л.Охиныг “эр хонь” гээд биччихсэн ч яахав” хэмээн тоглоом хийхэд Г.Санлиг гуай “Манай Бүрэнгийнхэн чинь жигтэйхэн хоч нэр өгнө. Ямар сайндаа л сая ангиараа уулзах гээд Охин гэдэг чинь юу билээ гэхэд яагаав нөгөө эр хонь гэхээр нь санаж байгаа юм” хэмээв.

Салбар салбарт улс орондоо ихийг хийж бүтээхэд амьдралаа зориулж мөн олон сайхан үр хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн эдгээр ахмадууд “Манай ангийн охин”, “Хөвгүүд маань…” гэж ирээд ярих нь дотно сонсогдоно. Өнөө 60 жилээр сураггүй болсон нөхдүүд ч хаагуур юу хийж явснаа сонирхуулж байлаа. Д.Дондов “Би Бүрэнгийн бага сургуулийн дөрөвдүгээр ангийг төгсөөд Улаанбаатарт очсон. Тэндээ дунд сургуулиа дүүргээд Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум төгсч Сэлэнгийн сангийн аж ахуйд агротехникчээр дөрвөн жил ажиллалаа. Дараа нь Дархан хотод очиж шүүхэд олон жил болсон доо. Дархан хотын хуулийн хэлтсийн дарга, ерөнхий арбитр, шүүхийн орлогч дарга, шүүгч, сум дундын шүүхийн ерөнхий шүүгч зэрэг ажлуудыг хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Одоо ч эвлэрүүлэн зуучлагчийн ажил хийж байна. Ангийнхантайгаа уулзалгүй бараг 60 жил болжээ. Хааяа зун амралтаараа ирэх үедээ А.Алтангэрэлтэй таардаг юм. Бусадтай нь уулзаж байсангүй. Сая ангийн охид Г.Санлиг, Д.Юмжирмаа нарын хүү Ш.Сүхбаатар, А.Ганхуяг нар зохион байгуулаад биднийг уулзуулсанд туйлын баяртай байна. Гудамжинд таарвал ангийнхнаа танихгүй зөрөөд л өнгөрөхөөр болжээ. Сүхбаатарын талбай дээр анх уулзахад энэ чинь хэн билээ гээд танихгүй өнгөрч байна лээ шүү” хэмээн хуучлав.

Харин Л.Охин гуай “Малын дэргэдээс холдсонгүй ээ. Сургуулиа төгссөний дараа Дундговь руу шилжиж нэгдлийн мал хариулсан даа. Ямар сайндаа цэрэгт явах гээд очтол Дундговь аймгийн Дэмбэрэл хурандаа “Чи хонь руугаа яв. Цэрэгт чамайг авахгүй” гээд намайг цэргээс шууд хасч байлаа. Би 1500 төлөгтэй байсан. Түүнийгээ бусдад шилжүүлээгүй орхичихсон байдаг. Их мал байхгүй юу. Ер нь тэгээд ажил хийсэн хүн л амьдарна шүү дээ. Одоо нутагтаа эргэж ирээд чамгүй олон жил болсон байна” хэмээн ярив.

Харин Осолгүй манлай жолооч Д.Цэдэнсодном гуай “Би Төв аймагт ажил хийж байгаад нэг зуднаар Эрдэнэсантын тэжээлийн аж ахуйд очиж ажилласан юм. Тэндхийн дарга нар намайг үнэлсэн юм байлгүй, хүрээд ирвэл шинэ ЗИЛ 130 машин бариулъя гэж байна. Төв аймагт дөрвөн ЗИЛ 130 ирэхэд надад өгөөгүй юм” гэж ярихад дэргэд нь суусан эхнэр нь нударч байна. Тэрээр үргэлжлүүлэн “Тэжээлийн аж ахуй татан буугдахад Өвөрхангайн Хархоринд тэрэгтэйгээ шилжсэн. Зах зээлийн шуурганаар бааз ч байхгүй болж хотод ирсэн. 39 жил олон газарт тэрэг барилаа. Миний Монгол Улсад хийсэн гавьяа гэвэл өвс тэжээл л их зөөсөн хүн дээ” хэмээв. Энэ мэтээр Т.Маруся гуай “Эгч нь авто баазад жолооч нарын тооцоог бодож, сэлбэг хэрэгслийн нягтлан, бичиг хэргийн эрхлэгч байлаа. Ийм гурван ажлыг 32 жил хийсэн” гэвэл Ц.Валя “Би хот орж арван жилээ төгсөөд эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад тэндээсээ Эвлэлийн төв хороонд ажил хийж явсаар тэтгэвэртээ гарсан. Зургаан хүүхэд төрүүлж өсгөлөө” гэж хуучлав.

Д.Юмжирмаа гуай “Би Худалдааны техникум төгсөж нийтийн хоолны чиглэлээр ажилласан. Октябрийн районд л ажилласан даа. Сүүлд Москва ресторанд ерөнхий тогоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан” гэв. Г.Санлиг гуай “Нутагтаа улсын чанарын аварга малчин болтлоо мал маллаж, үр хүүхдээ өсгөлөө” хэмээх аж. Тэдний ангиас багшаар ажилласан нь А.Алтангэрэл гуай. Тэрээр “Би Д.Дагвадорж багшийнхаа өнгөн дээр залгамжлаад л багш болсон хүн дээ. 33 жил багшилсан. Бага ангийн багшаар 12 жил ажиллаад 1975 онд Багшийн дээд сургуулийг түүх, газарзүйн багш мэргэжлээр төгссөн. Ингээд 21 жил дунд ангийн түүх, газарзүйн багшаар ажиллалаа. Бүрэн сумандаа болон Дэлгэрхаан, Баянбараат, Эрдэнэсантад ажиллаж байсан. Олон түмний хүүхдүүдийг сургаж хүмүүжүүлж зохих хэмжээний боловсрол олгоод тэднийхээ дуу шуугиан, баяр баясгалангийн ачаар өдий зэрэгтэй явж байна” хэмээв. Дэргэд нь суусан Д.Дагвадорж багш “Эднийг сургуульд орж байхад би дөнгөж л 30 нас хүрэх гэж явж. Би Дэлгэрхаан сумын уугуул хүн. Бүрэн, Дэлгэрхаан сумдад багш, захирлаар ажиллаж байгаад 1962 онд аймагт шилжиж сургуулийн захирал хийсээр тэтгэвэртээ гарсан юм. Хөдөө 22 жил, аймгийн төвд 20 жил багш, захирлын ажил хийлээ. Тэр үед монгол гэрт л хичээл хийдэг байсан юм. Сүүлд байшинтай болсон доо. Нэг жаахан цагаан байшинтай. Цонхыг нь цагаан цуу ямбуугаар таглаад хадчихсан байдаг байж билээ. Энэ А.Алтангэрэл миний ахмад шавь байгаа юм. Журналын эхэнд А.Алтангэрэл байдаг байлаа. Хамгийн түрүүнд л нэр нь дуудагдана. Сурлагатай ч хүүхэд байсан” хэмээв.

Нэгдүгээр ангид 29 сурагч элсэж, дөрөвдүгээр ангийг 18 хүүхэд төгсөж байжээ. Өдгөө зарим нь бурхан болсон бол зарим нь хаа яваа нь сураггүй байгаа гэнэ. Мөн ирж амжаагүй улс ч байгаа аж. Монгол Улсын гавьяат малчин Б.Батпүрэв, ахмад санхүүч З.Мандах нар бие нь жаахан тааруу шалтгаанаар ирж амжаагүй тухай ангийн нөхөд нь ярилаа. Тэднийг сурагч ахуй үед сурагчид гэрт л хичээлээ хийж, байрладаг байжээ. Гал тогоо, хичээлийн байр, дотуур байр хэмээх дөрвөн гэрт л Бүрэнгийн сургууль хичээллэж байсан аж. Охид, хөвгүүдийн гэр тусдаа ангийн багш нь орой гэрүүдээр явж хүүхдүүдээ унтуулах, өдөр хоолонд нь оруулах үүрэгтэй байсан байна. Бэхэнд дүрдэг шумуул үзэгтэй, бэх нь өвөл хөлдчихдөг байсан талаар дурсацгааж байв. Мөн охид нь ногоон, хөвгүүд нь цэнхэр дээл өмсөж хүзүүндээ алчуур зангиддаг байсан аж. Гутлын хувьд монгол гутал, гар хийцийн өөрсдөө улласан гутал, бахиал өмсдөг байсан гэнэ.

Хичээлийн хувьд дөрвөн аргын тоо, монгол хэл, дуу хөгжим, зураг, биеийн тамир ордог байжээ. Гол төлөв л дөрвөн аргын тооны хичээл ордог байсан тухай хуучилна. Биеийн тамирын хичээл дээр гадаа уралдуулж, барилдуулдаг байсан аж. Нэг удаа гүйлтийн тэмцээн зохион байгуулахад Т.Маруся түрүүлж шагнал авч байжээ. Энэ талаараа хожим нь “Миний хажуугаар Юмжирмаагийн сүүдэр л харагдаад байсан” гэж ангийнхандаа ярьсныг нь дурсаж хөгжицгөөв. Тухайн үедээ хөөцөлдөх, маатаг цохих, чоно тарвага болох, уралдах, барилдах гэсэн тоглоомууд л байсан тухай ярив. Мөн даам тоглох тун дуртай хүүхдүүд байсан байна. Харин өвөл болохоор модон чарга, хөлд бэхэлдэг төмөр канкигаар гулгадаг байсан аж.

Л.Охин гуай “Хүн болгон загнах болохоор дээр үед төрхгүй хүүхэд гэж байгаагүй. Аав ээжээсээ айна. Харин нэг удаа гэрийн ар, өврөөс Н.Тогтох бид хоёр чулуу явуулж байтал нэг нь миний толгойд таарчихаж байсан юм. Сүүлд сорвийг нь би морины туурайны мөр гэж ярьдаг байлаа” хэмээн ангийнхнаа инээлгээд авав. Харин Н.Тогтох гуай “Бид хоёр гэрийн хоёр талд зогсчихоод гэр давуулаад л чулуу шидээд байсан. Муудалцсан биш тоглож байгаа хэрэг л дээ. Гэнэт л Охин час гээд явчихаж байгаа юм. Гэхдээ чи ч над руу бас нэлээдийг явуулсан шүү” хэмээн хуучны явдлаа дурсав.

Д.Цоодол гуай “Дондов их гоё дуулдаг бор хүү байсан даа. Одоо ямар байна” гэх. Мөн “Энэ Д.Юмжирмаа их хөөрхөн охин байсан. Даанч надаас хэд эгч байсан юм” гэж нийтийг хөгжөөгөөд авах юм. Түүнчлэн “Цэдэнсодном оо, хоёулаа нэг толгой дээр баахан ярьж суугаад салж билээ, санаж байна уу. 16-17 настай л байсан байх” хэмээхэд Д.Цэдэнсодном гуай “Саналгүй яахав дээ. Харин чи мартаагүй байдаг сонин юм аа” хэмээн хуучин явдлуудаасаа ярьж байлаа. Хуучин ангиараа авахуулсан зураг сураглатал байдаггүй. Харин Т.Маруся, түүний өвөө, Д.Юмжирмаа нарын авахуулсан ганц зураг байна. Ер нь тухайн үед суманд зурагчин байгаагүй болохоор ангиараа авахуулсан зураг ховортой аж. Д.Юмжирмаа гуай “Шонгийн модонд хүлээтэй хар радио нь ганц соёлын юм байлаа. Дуугарахаас дуугарахгүй нь их дээ. Нэг удаа хотоос зурагчин ирлээ гэхэд гарч гүйх гээд ширээндээ тээглүүлж хормойгоо урж байлаа. Даалимбан дээлтэй л хүүхэд нас маань өнгөрсөн дөө” хэмээн ярив. Багш, сурагчид бүгд дээлтэй үеийн нэг сургуулийнхан аж.

Хуульч, сэтгүүлч Ш.Сүхбаатарын “Бүрэнгийн сургуулийнхан” хэмээх номыг уншиж ангийнхныхаа нэрсийг харж ямар хүүхэд байсныг ярилцаж байтал Д.Цоодол гуайн “Бүрэнгийн сургууль намайг яруу найрагч болгосон” хэмээх дуртгал гараад ирэв. Гэтэл Н.Тогтох гуай “Цоодолыг яруу найрагч болгочихоод намайг юу ч болгосонгүй” хэмээн наргихад цөмөөр инээд наргиан болов. Түүнчлэн дотроос нь “А үсэг бичихээс адуу элдэх нь амар юм” гэснийг уншиж хөгжилдөнө. Энэ зуур “Тэр үед хүүхэд сургуулиас гарахад сүр бараа болдоггүй байжээ. Хүүхдүүд ч улирах зэргээр янз бүрийн л явдал болно” гээд инээлдэх аж.

Эх орондоо их хөдөлмөрөө зориулж ирсэн эдгээр ахмадуудын намтар, шагналыг бичих гэвэл дэндүү нуршуу болно. Тиймээс зориуд тойрч ангийнхантайгаа уулзахдаа ямар байцгаасан түүнийг нь л бичив.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *