Categories
мэдээ онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар байна DNN.mn


ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС… “Жаран жил дуулсан Зангад гуай жаргаах зүрхийг минь уяраасаар байна” хэмээх нийтлэлийг хүргэж байна.


Хүдэн татсан сарьдаг байна аа хө

Хүний нутгийн хангай юу даа

Хүслэн татсан амраг тэр минь ээ хө

Хүрэн зүрхний уяа юу даа

Миний өвөө, миний аав, тэгээд би энэ дууны сонсогч. Намайг ухаан ороход энэ дууг томчуул дагаж дуулдаг байлаа. Аавыг минь балчир хүү байхад л энэ дуу радио­гоор цангинадаг байсан юм билээ. Энэ дууг амьдруулсан дуучин, ардын жүжигчин Б.Зангад гуай Монголд радио анх дэлгэрэхэд дуулж л байсан, одоо ч дуулсаар. Монголын урлагт, алтан тайзнаа үзэгчдийн нижигнэсэн алга ташилт дор дуулсан жаран жилийн бахдам ой нь энэ жил тохиож буй.

1951 онд Б.Зангад гуай арван дөрвөн настайдаа Ховдоос урлаг уран сайхнаар шалгарч ардын хувьсгалын 30 жилийн ойн баярын концертод дуулахаар Улаанбаа­тарт анх иржээ. Анх удаа нийслэл хотдоо хөл тавиад наадмын тал­байд “Гурван баатар” хэмээх дууг дуулж, олон зуун хүний алга ташилтыг сонсчээ. Тэрээр энэ мөчөөс өөрийгөө урлагт орсон хэмээн үзэж, энэ үеэс дуучны замналынхаа хуанлийн хуудсыг эргүүлжээ.

Ховдод сурагч Зангадыг мэдэх­гүй, дуулаагүй хүн үгүй. Түүний цээл сайхан хоолой, хүний сэтгэлд нэгийг бодогдуулж дуулдаг эрдмийг нутгийнхан нь шагшин магтдаг байлаа.

Мөнгөн давалгаа халилсан

Мөрөн голын минь урсгал

Мөнх цаст Алтайн сугаас

Мяралзан урсах нь бахдалтай

Хэдэн зуун уулын чанадаасаа

Хээтэн урссан Буянт минь

Б.Зангад гуай энэ дууг 16 нас­тай­даа дуулжээ. Ховд аймгийн соёлын өдрүүд нийслэлд зохиог­дох болж тус аймгийн авьяастнууд нутаг усаа магтсан, байгалийг биширсэн дуунууд дуулах ёстой боллоо.

Тэгтэл соёлын өдрүүдийг зо­хион байгуулах хүмүүс “Зангадын хоолойд яг тохирно” гээд Д.Лхашидийн үг, Ч.Балдангийн ая “Тунгалаг Буянт” гэсэн шинэхэн дууг Б.Зангадад өгөв. Сурагч хүү өндөр хариуцлагатай том концер­тод шинэ дуу эгшиг­лүүлнэ гэхээс дотроо жаахан айдас­тай байсан ч соёлын өдрүүдээр “Тунгалаг Буянт”-ыг олон дахиулж нийслэ­лийнхнийг бишрүүлжээ. Ингээд “Ховдын Зангад” гэх дуучин хөвүүний нэр алдар, авьяасын цуурай Ховдоос нийслэл рүү, нийслэлээс бусад аймгууд руу буухиаллаа. Ингээд Б.Зангад “Тун­га­лаг Буянт”-ыг Улаанбаатараар зогссонгүй, Варшав, Москвагийн тайзан дээр дуулав. Түүнийг энэ дуугаа дуулахад цугласан олон амьсгал даран сонсч, уярна. Дуу­лаад дуусахад удтал алга нижиг­нүүлэн баяр хүргэж дахиулдаг байлаа. 16 настай хүүд ийм их хүндэтгэл, нэр алдар ирнэ чинээ хэн ч санасангүй.

Сурагчаас ардын жүжигчин болтлоо дуулсан энэ дуу бол түүний намтрын салшгүй нэгэн хэсэг. Тэрээр энэ дуугаа том жижиг, гадаад, дотоодын олон тайзан дээр ойролцоогоор таван мянга гаруй удаа дуулсан гэх.

Б.Зангад гуай өнчин өрөөсөн өссөн ч хүүхэд ахуйн жаргалтай мөчүүд, сурагчийн дүрэмт хувцас­тай эгэл хэрнээ алдар суугийн эхлэл дор өнгөрүүлсэн арван жилээ юунаас ч илүү эрхэмлэн нандигнана. Харин түүний урлаг, амьдралын их далайд завь залан орсон идэр залуу насны замыг урлаг судлаачид “Дардан. Нэр алдар нь тогтвортой өссөөр ирсэн уран бүтээлч” хэмээн дүгнэдэг. Энэ ч утгаараа тэрээр тухайн үед Москвагийн Хөгжмийн их сургуульд элсэн орж уран бүтээлчийн ган­хашгүй, гэгээлэг амьдралаа улам батжуулжээ.

Б.Зангад хорин хэдхэн настай хонгор зүстэй байхдаа өөрийгөө алдаршуулах, зуун дамнан дуулаг­даж буй жинхэнэ “ХИТ” дуунуудаа амилуулсан юм. “Хавар ирлээ шүү, хүүхнүүд ээ”, “Жаргаах зүрхэн”, “Сүлд модны наадмын дуу”, “Чиний минь хайр”, “Намрын шөнө”, “Хар ус нуурын шагшуурга”, “Мөрөө­сөл”, “Гоёхон ч чимэг юм уу даа”, “Өссөн нутаг”, “Учир бий”, “Чамдаа дуулъя”, “Ятгын эгшиг”.

Олонд түгж, тухайн үед радиогоор хамгийн их захиалга, хүсэлт авдаг байсан эдгээр дуунуудаа Б.Зангад 1962-1964 оны үед дуулсан байдаг. Тэгэхээр энэ үеийг түүний уран бүтээлийн ид үе гэж нэрлэж болох ч Б.Зангад гуайн хувьд жаран жил дуулж байгааг нь бид харж байгаа болохоор түүний уран бүтээлийг үечлэх нь утгагүй ч юм шиг.

Б.Зангад гуай бүтэн жаран жил дуулж байна. Зуун дамнан алдар суугаа цацруулж буй энэ эрхмийг ийнхүү уран бүтээлээ туурвин, дуулсаар яваа нь түүний хувь хүний мөн чанар, эцэг эхээс өвлөсөн их авьяастай од сар мэт холбоотой ч өөр нэг зүйл байна. Тэр бол түүний дуунууд.

1960-1970 он бол Монголын нийтийн дууны алтан үе. Эдгээр онд Монголын урлаг, утга зохиолд цоо шинэ, соргог мэдрэм­жээр хөг­лөгдсөн бүтээлүүд ихээр төрөн гарсан байдаг. Энэ бүхэн Б.Зангадын уран бүтээлд нөлөөлж түүнийг Москвагийн хөгжмийн их сургуулийг төгсөөд ирэхэд тэр цаг мөч давхцаж, тухайн үеийн Мон­голын суу билэгтнүүд болох Л.Мөр­дорж, С.Гончигсумлаа, Ц.Намс­райжав, Э.Оюун, Г.Бирваа, Ж.Бадраа, Б.Дамдинсүрэн, Ж.Чулуун, Ц.Пүрэвдорж, Л.Ванган, Э.Чойдог нарын бүтээлийг амьд­руулсан билээ.

Б.Зангадын урын санд буй 400 гаруй дууны дийлэнх нь Монголын нэрт хөгжмийн зохиолч, яруу найрагчдын бүтээл байдаг. Ийм болохоор түүний дуунууд өнөөдөр ч эгшиглэсээр, дуулагдсаар байна.

Одоо бол нийтийн дууны гэх нэг дуучин дууныхаа үг, аяыг зохио­гоод тэгээд өөрөө дуулаад бүтэн тоглолт тавьчихдаг. Бүх дуу нь нэг ая, үгтэй. Тэндээс юуных нь мэд­рэмж, уярлыг олж авах вэ гэмээр. Тэгээд иймхэн ядмаг залуус нэг тоглолт тавиад л гавьяат жүжигчин болчихож байгаа юм. Гэтэл Б.Зангад гуай бүтэн жаран жил дуулж байна. Тэрээр маш их алдар хүнд, цэцэг, баярын бичиг, магтаал сайшаал дунд хорин жил явж 1973 онд гавьяат жүжигчин болж түүнээс хойш дахин хорь гаруй жилийн дараа ардын жүжигчин цол хүртсэн юм билээ. Хэрэвзээ Б.Зангад гуай өнөөдөр, одоогийн энэ зохиолын дуучидтай мөр зэрэгцэн дуулсан бол юун хорин жил хүлээх, нэг дуу дуулаад л гавьяат жүжигчин болчихоор байсан шүү.

Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй

Уудам бэлчээрт шуугиан татрахгүй

Алтан намар он жил улиравч дуурсгалтай

Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан

Ай даа намар цаг

Алтан сайхан цаг

Ай даа намар цаг

Амьдрал тэтгэх цаг

Б.Зангад гуайг жил бүрийн “Алтан намар” наадмыг Н.Жанцан­норовын хөгжим, Д.Цэдэвийн шүлгээр бүтсэн энэ дуугаараа эхлүүлэхийг олонтаа харсансан. Одоогоос хэдэн жилийн өмнө уг наадмын нээлтэд очоод анх удаа түүнийг үзэгчийн суудлаас дуулахыг нь сонсч билээ. “Алтан намар” наадмын цар хүрээ хумиг­даж, үзэгчгүй болсон гэгдэж байсан тэр үед Б.Зангад гуайн дуулахыг сонсчихоод л нүдэндээ уярлын нулимс цийлэгнүүлээд гараад явсан олон хүнийг харсан. Тэгэхээр уг хөгжмийн наадмын амин сүнс нь энэ дуунд, Б.Зангад гуайд орших шиг. Энэ хоёргүйгээр “Алтан намар” наадам төсөөлөгддөггүй юм.

Улсын Драмын эрдмийн теат­рын тайзнаа болсон тэр нээлтийн тоглолтод залуу уран бүтээлчид гарч ирээд дуу хуураа өргөхдөө микрофоноос огтхон ч салахгүй, дуугаа дуусан дуустлаа зуурсаар. Тэгтэл бидний сэтгэлд хоногшсон өнөө л ёслолын хувцас, эрвээхэй зангиатай Б.Зангад гуай тайзнаа гарч ирээд микрофон гээчээс тээр хол зогсчихоод ер нь тийм зүйл байдаг юм уу гэлтэй цээлхэн хоо­лой­­гоороо цангинуулж гарсан. Хүмүүс “Энэ Зангад гуай ер хөгш­рөхгүй юм. Дуу хоолой нь яг хэвээ­рээ шүү” хэмээн бахархацгаасан билээ.

1960-1980 оны үед нийтийн дуунд гялалзаж, олны хайр хүндлэлийг хүлээсэн олон дуучин байсан. Тэдэнд дундаас Б.Зангад гуай элгэмсэг зангаараа ялгагд­даг байжээ. Ямар нэгэн концертын үеэр үзэгчид дууг нь дахиж сон­сохын тулд дахиулна. Зарим дуу­чин үзэгчдийн үргэлжилсэн алга ташилтыг үл ойшоон гарч ирчихээд толгойгоо бөхийлгөж уучлал гуйсан болчи­хоод хөшиг­ний араар орчихдог байж. Харин Б.Зангадыг хэд ч дахиулсан дүр­гүйцдэггүй, үзэгч, ирсэн олныг ихэд хүндэтгэдэг байсан хэмээн тэр үеийнхэн ам сайтай байдаг юм.

Монголын урлагт арван хэдхэн настай хүү байхаас зүтгэж Монгол Улсын ардын жүжигчин болтлоо явж буй Баартуугийн Зангадын урлагийн тайзнаа өөрийн давтаг­дашгүй дуу хоолойг хүргэсний жаран жилийн ойн өдрүүд үргэл­жилсээр. Ж.Бадраагийн шүлэг, С.Гончигсумлаагийн хөгжим “Жар­гаах зүрхэн” дуу бол Б.Зангадын уран бүтээлийн оргилуудынх нь нэг.

Алтлан дуртсан наран гийсээр хө

Ашдын заяат нутаг билээ хө

Алслан холдсон уран гоо минь хө

Алаг зүрхний янаг билээ хө

Миний өвөө, миний аав, тэгээд би энэ дууны сонсогч. Миний үр хүүхдүүд ч сонсох болно. Жаран жил дуулсан Зангад гуай минь жаргаах зүрхийг минь уяраасаар л байна.

Д.ГАНСАРУУЛ