Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэрэгт холбогдолтой тус улсын 17 иргэнд хилээр нэвтрэх хориг тавьсан тухай Канадын Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв. Гадаад хэргийн сайд Кристиа Фрилэнд хэлэхдээ, сэтгүүлчийг амийг хөнөөсөн хэрэг нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн эсрэг үйлдсэн байж боломгүй үйлдэл хэмээгээд уг хэргийн сэжигтнүүдэд хориг тавьснаар тэднийг хэргийн хариуцлагаа хүлээхэд тус нэмэр болно хэмээн найдаж байгаа ажээ. Сэтгүүлчийн аллагын хэрэгт сэжиглэж буй 17 этгээд Канад улсад нэвтрэх эрхгүй болсны зэрэгцээ тус улс дахь тэдний хөрөнгийг мөн битүүмжлэх юм. Ж.Хашогги нь 10 дугаар сарын 2-нд Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газар руу гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр орсны дараа сураггүй болсон бөгөөд Саудын Арабын эрх баригчдын мэдээлснээр, сэтгүүлч Консулын газарт болсон маргааны улмаас амиа алдсан аж. Мөрдөн шалгах ажиллагааны эхний хариу гарсны дараа Саудын Арабын Прокурорын газраас сэтгүүлчийн амийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан 18 хүнийг баривчилсан тухайгаа мэдэгдсэн юм. Энэ хэргийн сэжигтнүүдэд АНУ, Герман болон Франц улс тус тус хилээр нэвтрэх хориг арга хэмжээ авсан тухай өмнө нь мэдээлсэн билээ.