Categories
мэдээ нийгэм

Жак Ма: ХАА, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байна

Өнөөдөр буюу долоодугаар сарын 27-ны өдөр “Sky resort”-д 13.00 цагт “Алибаба” группыг үүсгэн байгуулагч Жак Ма бизнесийн амжилтын талаар илтгэл тавилаа. Энэхүү лекцэнд Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Р.Амаржаргал нар болоод урилга аван хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид оролцлоо.

Жак Ма илтгэлийнхээ эхэнд “Би Монголд гурван жилийн өмнө ирж байсан. Энэ удаад сумогийн 68 их аварга Д.Дагвадоржийн урилгаар хүрэлцэн ирээд байна. Гурван жилийн дараа ирэхэд Монгол улс харьцангуй хурдацтай хөгжсөн нь ажиглагдаж байна. Монгол орон бол өргөн уудам нутаг дэвсгэртэй. Би хөх толботой төрсөн хүн” хэмээн хэллээ. Энэхүү лекцэнд хүрэлцэн ирсэн иргэдийн дийлэнх нь хувийн бизнесийн салбарт ямар нэгэн боломж, санаа авах зорилгоор Жак Магийн илтгэлийг сонсож байна.

Жак Ма илтгэлээ үргэжлүүлэхдээ “Би анх бизнесээ эхлүүлэхдээ инженерүүдийн баг бүрдүүлж ажилласан. Амжилтад ч хүрсэн. Тийм учраас богино хугацаанд энэ их амжилтыг үзүүлж чадаж байгаа юм чинь хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж үзсэн. Мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй, хөрөнгө оруулагчидтай уулзах гээд хэрэггүй. Гол нь хэрэглэгчид, ажиллагсадтайгаа ярилцаж, тэд юуг хүсэж байна вэ гэдгийг ойлго. Миний нэг номерын чухал хүмүүс бол хэрэглэгчид, хоёр дахь нь компани, гурав дахь нь компанид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигчид гэсэн зарчимтай. Би гучин жилийн өмнө амжилттай яваа, алдартай хүмүүсийг үзэн яддаг байсан. Жишээ нь, Билл Гейтс “Миний ажлыг булаагаад авчихлаа” гэж боддог байлаа. Харин та бүхэн намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх, дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүстэй уулзаж байсан гэж боддог байх. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтад хүрсэн хүмүүс эерэг хүмүүс байдаг. Өөрийгөө өрөвддөг хүмүүс амжилтад хүрэх нь юу л бол доо. Оюун ухааны коэффицент, хайрын коэффицент, сэтгэл зүйн коэффицент гэж байдаг. Мэдлэг чухал. Хүмүүсийг хүндэлж сурах хэрэгтэй. Хүмүүсийг хайрла, тэгвэл хүмүүс та бүхнийг хайрлах болно. Өрсөлдөгчиддөө ч сайхан ханд. Би ер нь бууж өгөхгүй, урагшаа тэмүүлнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй амьдрах хэрэгтэй. Маш их мөнгө олохыг эрмэлзэх хэрэггүй. Гэр бүлээ болгоод түүнээсээ гадна бага зэрэг олдог бол талархах хэрэгтэй. Надад байгаа мөнгө бол миний мөнгө биш. Хүмүүс надад итгэсэн учраас энэ мөнгө надад ирсэн гэж боддог. Ухаантай хүмүүс бол би юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Заавал том компанид, заавал сайн захиралтай газар ажиллахаар орох шаардлагагүй. Сайн даргатай байвал олон дэмжлэг үзүүлнэ. Тэр хүн танд үлгэр дуурайлал болно. Гэхдээ өөрөө өөртөө туслах хэрэгтэй. Яаж өсөн дэвжих вэ гэдгээ бодох хэрэгтэй. Та бүхэн 30 хэдэн настай байна, ирээдүй хүлээж байна, юу хийж чадахаар байна, түүндээ анхаарлаа төвлөрүүлж ажилла” гэлээ.

Тэрбээр илтгэлийнхээ төгсгөлд“Дэлхий ертөнц хөгжиж байна, эерэг тал руугаа хөгжиж байгаа гэж ойлгох хэрэгтэй. Өөдрөг сэтгэлтэй бай. Технологийн хөгжил дэвшил явж байна, түүний дэмжлэгтэйгээр эдийн засаг болон анагаах ухааны олон амжилт гарч байна. Хэдэн жилийн өмнө интернэт гэж юу байдгийг мэддэггүй байсан бол өнөөдөр цахилгаан эрчим хүч шиг байдаг л зүйл болж хувирлаа. Хүн бүхэнд боломж нээлттэй байдаг. Та бүхэн энэ их баялагтай оронд төрж, тархи ажиллуул. Яаж эерэгээр наалдуулах вэ гэдгээ бод. Өдөр болгон оюун ухаанаа цэнэглэж амжилтад хүрч чадна гэж бодож байна” гэлээ.

Энэ үеэр хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид асуулт асууж хариултаа авсан юм.

-Та Монголд бизнес эрхэлж байсан бол ямар бизнес эрхлэх байсан бэ. Монголд ямар салбарыг түлхүү хөгжүүлбэл зүгээр вэ?

-Би Монголын эдийн засгийг сайн мэддэг гэж хэлэхгүй. Гэхдээ энэ удаа би Монголд ирэхдээ үнэхээр их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд Монголоос их зүйлийг хүлээж байлаа. Энэ аяллаасаа үр дүн гарна гэж бодож ирсэн. Монголд алт, зэс гээд байгалийн баялаг байна. Гэхдээ өөр нэг баялаг бол монгол хүмүүсийн оюун ухаан юм.

-Монголын бизнес эрхлэгчтэй ямар ажлаар хамтран ажиллах сонирхолтой байна?

-Бизнесийн орчин нөхцөлийг сайжруулах, үйлчилгээ дэд бүтцийн салбарын хөгжүүлэх шаардлагатай гэж харж байна. Ирээдүйд дэлхий дахинаа залуучууд, интернэт, өндөр технологийн өрсөлдөөн байх болно. Манай группын зүгээс Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран үйлчилгээ, хөдөө аж ахуй, санхүү хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах сохирхолтой байна гэв.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *