“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Манай улс өнөө жил 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй яваа. Энэ хэмжээний нүүрс экспортлох боломжгүйд хүрч магадгүй гэсэн болгоомжлол нүүрсний салбарынханд байгаа гэж сонслоо. Бид төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортолж чадах болов уу?
-Монгол улс 2020 оноос их хэмжээний өрүүдээ төлж эхэлнэ. Энэ мэт их мөнгө хэрэгтэй учраас 42 сая тонн нүүрс экспортолно гэх амбиц томтой зорилго тавьсан байх. Тэр логикоор нь харвал зорилго нь зөв шиг байгаа юм. Байгууллагуудын хийсэн судалгаагаар бол Хятад улс өнөө жил 60 орчим сая тонн коксжих нүүрсийг импортоор авах юм билээ. Монголын экспортолж буй нүүрс үндсэндээ коксжих ангиллынх. 60 сая тонн нүүрсний 40 гаруй сая тонныг нь зөвхөн бид нийлүүлнэ гэхээр Австрали, ОХУ, Канад, Индонези гэх мэт бусад улсаас авах нүүрсний хэмжээ багасна гэсэн үг. Өөрөөр хэлбэл Монгол улс хүчтэй байж зорилгодоо хүрнэ. Компаниуд нь хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж, төр нь бодлогоор дэмжиж, гааль нь хөнгөн шуурхай ажиллаж байж 42 сая тонн нүүрс экспортолно. Асар өндөр зохион байгуулалттай, хурдан шуурхай байж чадвал нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ. Тэрэндээ хүрэхгүй бол Засгийн газрын төлөвлөсөн ажлууд хийгдэхгүй хүнд байдалд орно. Бодит байдал дээр тавьсан зорилгодоо хүрэхээргүй, саад болохоор шийдвэрүүд гараад байна л даа. Тээвэртэй холбоотой хоёр сонин зүйл байна. Монголоос гарч буй нүүрсний тал нь Таван толгойн бүлэг ордоос Гашуунсухайтын боомтоор гардаг. Нөгөөх нь Нарийнсухайтын бүлэг ордоос Шивээхүрэнгийн боомтоор гарч байгаа. Шивээхүрэнгийн боомтоор гардаг нь харьцангуй хүндрэл багатай, Таван толгой шиг урт дараалал хил гааль дээр үүссэн зүйлгүй. Тэр утгаараа хэл ам багатай, олны анхааралд өртдөггүй. Тийм хэдий ч экспортод оруулж буй хувь нэмрээрээ Таван толгойн бүлэг ордтой эн тэнцүү хэмжээний нөлөөтэй.
-Яг ямар шийдвэр нүүрс экспортод саад болоод байна вэ?
-Таван толгой дээр өнгөрсөн жил урд хөршөөс нүүрсний худалдан авалтаа багасгаад нүүрс тээврийн машинуудын маш том оочер үүссэн. Хятадын нутгаас нүүрс татаж авдаг машиныхаа тоог цөөлчихөөр наанаас нь машинууд очиж дугаарлаад байдаг асуудал бий. Ийм хяналтгүй нөхцөл байдал үүссэн л дээ. Үүнийг бууруулахын тулд салбарын сайд нь газар дээр нь очиж танилцаад Зам тээврийн яамтай ярилцаж C зөвшөөрөл гэдэг юмыг оруулж ирсэн. Хятадын тал хэчнээн машин гаргаж нүүрсээ цааш нь татахыг харгалзан үзэж, наанаас нүүрс зөөх машинуудынхаа тоог тогтооё гэж шийдсэн юм. Зөвшөөрлөө ийм шалгуураар олгоё, тэгвэл оочер дугаар үүсэхгүй гэсэн шийдэлд хүрсэн юм. Тэр шийдвэрээ хэрэгжүүлэхдээ Монгол улс даяар нэвтрүүлчихсэн.
-Асуудалтай Таван толгойгоос гадна асуудалгүй байсан Нарийнсухайт дээр хүртэл хэрэгжүүлчихсэн гэсэн үг үү?
-Тэгсэн. Шивээхүрэнгийн боомт дээр асуудал байхгүй байхад хэрэгжүүлчихлээ л дээ. Ингээд Шивээхүрэнгийн боомт дээр хүртэл асуудал үүсгэчихлээ. Дөрөвдүгээр сарын 1-нээс хойш C зөвшөөрлийг өгөхгүйгээр зогсоосон юм. Тэр үеэс хойш сар гаруйн хугацаа өнгөрлөө. Хоёрдугаар улирлын квот нь өгөгдөөгүй. Шивээхүрэнгийн боомтын С зөвшөөрөл зогссон. Учир нь Хятадын талаас цөөн тооны машинаар татаж авна гэсэн мэдээ ирж байгаа юм байна. Ирсэн мэдээнийх нь дийлэнхийг Таван толгойн нүүрсийг борлуулах Гашуунсухайтын боомт дээр тавиад, Шивээхүрэн дээр цөөхнийг өгчихөж. 958 машины квот буюу С зөвшөөрөл өгсөн байна.
-Хэвийн ажиллагаатай үед хэчнээн машины зөвшөөрөл өгдөг байсан юм бол?
-Шивээхүрэн дээр өмнө нь хэвийн ажиллагаатай үед 2000 гаруй машин явдаг байсан. Хилээр өдөр тутамдаа 1500 орчим машин гардаг байсан л даа. Одоо бол 958 машинд зөвшөөрөл өгсөн, тодруулж хэлбэл тал нь л явж байна. 1000 машины зөрөө гарч байна гэсэн үг. Нэг машин 100 тонноор ачдаг гээд бодохоор өдөрт 100 мянган тонн нүүрс гаргах боломжоо алдаж байна. Зөвшөөрөл олгогдоогүй 45 хоноод байна. Хугацаа алдсан 45 хоногт энэ мянган машин нүүрсээ тээвэрлэж байсан бол 4.5 сая тонн нүүрс гаргах байж. Тал хүчин чадлаараа явлаа гэж бодоход хоёр сая тонн нүүрс өлхөн гарчих байсан. Хоёр сая тонн нүүрс гэдэг бол 90 сая ам.доллар. Энэ хэмжээний борлуулалтаа бид алдчихаад байна.
-С зөвшөөрлийг Зам тээврийн яамнаас өгдөг байх аа?
-Тэгдэг. Таван толгойн асуудлыг шийднэ гэж улсын хэмжээний зүйл болгож хавтгайруулснаас үүдэж ийм асуудал үүсчихлээ л дээ. Энэ асуудлын сүүдэрт Таван толгойтой адил хэмжээний нүүрс гаргадаг Нарийнсухайтын бүлэг орд дээр сая дурдсан сар хагасын хугацаанд 2-4 сая тонн нүүрс гаргах боломжоо алдчихаад байна.
-Өнгөрсөн оны өдийд Шивээхүрэнгийн боомтоор хэчнээн тонн нүүрс гарч байв. Өнөө жил хэчнээн тонн нүүрс гараад байна вэ?
-Түрүү жилийн өдийд Шивээхүрэнгийн боомтоор гарсан нүүрсний хэмжээ 4.2 сая тонн байсан. Гэтэл өнөөдөр хоёр сая тонн хүрэхгүй хэмжээний л нүүрс гарсан байна. Өөрөөр хэлбэл жилийн өмнөхөөс хоёр дахин багассан гэсэн үг. Монгол улс 42 сая тонн нүүрс гаргана гэж байгаа. Зөвшөөрөл олгодог бодлогоос нь үүдээд гарч байгаа нүүрс нь энэ мэтээр багасчихлаа. Яаж төлөвлөсөндөө хүргэх гээд байна вэ гэж асуухаас аргагүй болчихлоо.
-Нарийнсухайтын бүлэг орд дээр хэчнээн компани ажиллаж байна?
-Таван компани ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтаа хийж уурхайгаа бэлдэж буй хоёр, гурван компани байна. Өмнө нь худалдаж авдаг компаниуд нь тээврийнхээ компанийг хөлсөлж уурхайгаасаа худалдаж аваад урагш нь зөөдөг байсан юм. Худалдан авагч тал гэрээнийхээ хэмжээнд таарсан хэмжээний нүүрс тээвэрлэх машиныг хөлсөлж явсаар өнөөг хүрсэн учраас Шивээхүрэн дээр Гашуунсухайт шиг том бөглөрөл үүсдэггүй байсан юм. Гэтэл одоо C зөвшөөрлөөс шалтгаалаад бөглөрөл үүсдэг болж байна. Зөвшөөрөл авахаар хомсдол үүснэ. Хомсдол үүсэх үед авлига гарч ирдэг. Албан бус мэдээгээр нэг машины зөвшөөрөл авахад 500.000-1000.000 төгрөгийн авлига өгдөг гэж байна.
-Ийм мэдээлэл хаанаас гарч байна гэж?
-Жолооч нарын зүгээс гарч байгаа яриа. Тэгэхээр C зөвшөөрлийг хангалттай хэмжээнд өгөх хэрэгтэй. Хятадын талаас ирж байгаа машинууд ухаалаг, дижитал системд, бүртгэлд шилжсэн. Тэр утгаараа манай талаас цаас авахгүй гэж байгаа. “C зөвшөөрлөө дижитал хэлбэрт шилжүүлээд автоматаар олгодог болчих” гэсэн санал тавьж байгаа юм билээ.
-С зөвшөөрлийг Гашуунсухайт дээр л хэрэглээд явчихмаар юм байна даа…?
-Уг нь онцлогоо бодоод тэгмээр байгаа юм. Тэгэхгүйгээр хавтгайруулчихаар нүүрсний экспортоо тушаад байна л даа. Засгийн газар тавьсан зорилгоо биелүүлэхэд дэм болох журам тогтоолыг л гаргах учиртай. Гэтэл төлөвлөгөөндөө саад болохоор шийдвэр гаргачихаад байна.
-Тусгай зориулалтын замаар л тээвэрлэнэ гэсэн шийдвэр Гашуунсухайтад асуудал болоод байгаа гэв үү?
-Монгол улсын авто замын тухай хууль гэж бий. Тэр хуульд уул уурхайн түүхий эд бүтээгдэхүүнийг тусгай зориулалтын замаар тээвэрлэнэ гэсэн заалт бий. Тусгай зам нь ямар байхыг журмаар тогтооно гээд заачихсан. 2018 оны арванхоёрдугаар сард журам нь гарсан байдаг. Засгийн газрын 379 дүгээр тогтоолоор журам нь батлагдаж гарсан юм. Тэр журамд “Гагцхүү хатуу хучилттай замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэнэ” гээд заачихсан. Байгаль орчин, аюул осол талаасаа зөв шийдэл санаагаар хийсэн байх. Гэхдээ бодит байдал дээр хэрэгжих боломжгүй яаруу шийдэл болсон. Олон улсын жишгийг харвал Австрали, Канад гэх мэт уул уурхай хөгжсөн улсуудад тусгай зориулалтын зам байдаг. Тусгай зориулалтын замыг барихдаа байнгын арчилгаа, усалгаатай хайрган зам барьдаг. Тэр замаар нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэдэг. Зарим тохиолдолд хатуу хучилттай байдаг. Энэ тохиолдолд анхны хөрөнгө оруулалт нь өндөр байдаг юм. Хайрган замын хувьд урсгал зардал нь өндөр гардаг онцлогтой. Компаниуд нь аль нь вэ гэдэг дээр сонголтоо хийж, төртэйгөө ярилцаж стандартаа зохицуулаад явдаг. Гэтэл манайд тийм стандарт байхгүй, сонголт үгүй, зүгээр л хатуу хучилттай гэсэн ганцхан үг биччихсэн. Та төсөөлөөд үз дээ, Монголд хөрөнгө оруулалт хийгээд гурван жил ажиллаж байгаа уурхай хил хүртэл түүхий эдээ тээвэрлэхийн тулд зам баръя гэж бодъё. Хөрөнгө оруулалт нь уурхайнаас нь илүү гараад явчихна. Тийм тохиолдолд компани яах нь тодорхой. Нэг бол үйл ажиллагаагаа хаана. Хаана гэвэл өнөө уурхайд оруулсан хөрөнгө оруулалт нь үнэгүйднэ. Эсвэл хууль зөрчиж тээвэрлэлт явуулахаас аргагүйд хүрнэ. Хуулийн хүндрэлтэй нөхцөл үүснэ. Өчнөөн уурхай ийм маягаар үйл ажиллагаагаа зогсоовол тэдний өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтыг хэн нөхөх вэ гэсэн асуулт гарч ирнэ.
-Одоо тэнд тээвэрлэлт явагдаж байгаа юу?
-Явагдаж байгаа. Хууль зөрчих ийм байдлыг хэрэгжих нөхцөлгүй журмаараа бий болгочихсон. Дорнодын газрын тосны тээврийн асуудал гэж их ярьдаг. Тэгэхээр арчилгаатай, хяналттай, байгаль орчинд хор нөлөө багатай тусгай зориулалтын зам гэж байх ёстой. Тал дээгүүр давхиад байж болохгүйг салбарынхан ойлгож суугаа. Гэхдээ хэрэгжих боломжгүй шаардлага тавьж бас болохгүй. Журам нь 2018 оны сүүлээр гарсан хэр нь нефтийн тээвэрлэлт явагдаж байгаа. Нүүрсний уурхайнууд ч тээвэрлэлтээ хийж байна.
-Түрүүн хэлсэнчлэн хэрэгжүүлэх боломжгүй журам гаргахын том сөрөг тал нь авлига болж хувираад байна уу?
-Яг тэгээд байна. Тийм учраас хэрэгжих боломжгүй журмаа яаралтай өөрчилж, шинэчлээч гэмээр байна.
-Энэ асуудлаар Засгийн газарт санал хүсэлт явуулсан уу?
-Явуулсан. Одоогоор ямар нэг хариу алга. Дахиад хэлье. Эдгээр журмыг хэрэгжүүлнэ гээд зүтгэвэл 2019 оны төсөв байхгүй болно. Нүүрсний экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй, уул уурхайн салбар хүнд байдалд орно. Нөхөн төлбөр гэсэн эрх зүйн маш том асуудал босч ирнэ.