Он гарснаас хойш тасарсан нүүрсний экспорт эргэж сэргээд байна. Экспорт сэргэснээс хойш Гашуунсухайтаар л нүүрс гарч байсан бол уржигдраас Шивээхүрэнгийн боомт ажиллаж эхэлжээ. Хилээр нэвтрүүлж байгаа жолооч нарт хорио цээр, эрүүл ахуйн өндөр түвшний хяналтыг Монгол, Хятад аль аль талаасаа авч байна. Жолооч нар Хятадын талд хонохгүй өдөртөө буцаж буй тул үдээс өмнө гараад үдээс хойш буцаж орж ирж байгаа гэнэ. Гашуунсухайт боомтоор өдөртөө 50-70 орчим машин нэвтэрч байна. Харин Шивээхүрэн боомтоор 30 орчим машин нэвтэрсэн мэдээ дуулдлаа.
“Эрдэнэс Таван толгой” баруун зүүн Цанхиасаа нийт 500 мянган тонн нүүрс ачуулжээ. Уурхайн амнаас ачуулсан нүүрс нь Цагаан хадан дээр байгаа аж. “Энержи ресурс” компани 10 гаруй мянган тонн нүүрс урд хөршид экспортолсон бололтой. Тэд Цагаан хаданд ч нэлээд нөөц бүрдүүлжээ. Дашрамд сонирхуулахад, Хятадын талаас өдөртөө 70 машин нүүрс авна гэсэн тохироо хийсэн байна.
“Монгол нүүрс” ассоциациас санаачилсан онлайн хурал саяхан болсон юм. Нүүрсний салбарынхан Хятадын нүүрснийхэнтэй санаа оноогоо солилцсон уг хурлын үеэр урд хөршийн компаниуд нүүрс худалдаж авах сонирхол өндөр байгаагаа дуулгажээ.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргал “Хятадад коронавирусийн оргил үе өнгөрч намжсан. Гэтэл АНУ халдварын тохиолдлоороо Хятадыг давчихлаа.
Европ дэлхийн бусад улсад ч вирус тархсан. Товчхондоо пандемик буюу дэлхийн улсуудыг хамарсан өнгө байдал анзаарагдаж байна. Цар тахал нүүрс, түүхий эдийн үнэ зах зээлд яалт ч үгүй нөлөөлж байна. Манай улсын төсөв бүрдүүлдэг гол эх үүсвэр нь нүүрс. Нүүрсний орлого тасрах нь төсөвт тодотгол хийе гэж байгаа нь ийм учиртай. Нүүрсний зах зээл одоо ямар байх, цаашдаа яаж өөрчлөгдөх талын мэдээллийг анхдагч эх үүсвэрээс шууд авах нь их чухал. Тэр утгаараа Монгол нүүрс ассоциациас санаачлаад Хятадын Нүүрсний үндэсний ассоциаци, Нүүрсний тээвэр түгээлтийн ассоциаци, Төмөр замын судалгааны төв, нүүрс худалдан авагч том компанийн захирлуудыг оролцуулсан видео уулзалт хийлээ. Монгол талаас нүүрс олборлогч, экспорлогч компанийн зарим удирдлага оролцсон. Гаднаас орж ирж буй есөн төгрөгийн дөрвийг нь нүүрснээс олдог учраас нүүрсний зах зээлээ сайн судлах шаардлагатай. Тэр утгаараа улиралдаа нэг удаа уулзахаар болсон” хэмээн ярилаа.
Хятадын тухайд вирус эргээд ороод ирэх вий гэсэн айдастай байгаа учраас Монголтой хиллэж буй хэсэгтээ маш болгоомжтой, өндөр хяналттай хандаж байгаа гэнэ. Манай улсад арав гаруй нь халдвартай гарсан нь ч хилийн хяналтаа чангатгахад нөлөөлжээ. Манайхаас нүүрс тээвэрлэж очсон жолооч нарыг кабинаас нь буулгахгүйгээр халууныг нь хэмжиж хянаж байгаа аж.
Монголын нүүрсний гол зах зээл Бугат гэх мэт хэсэгт манай нийлүүлэлт буурсан, уурхайнуудын үйл ажиллагаа сайн жигдрээгүй гэсэн шалтгаанаар нүүрсний үнэ цагаан сарынх нь өмнө ба хойно бага зэрэг нэмэгджээ. Харин одоо дотоодынх нь уурхайнууд жигдэрсэн гэх шалтгаанаар нүүрсний үнэ тогтворжжээ.
“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээлийн талаар ярилцсанаа хүргэе.
-Урд хөршийн зах зээл дээр нүүрсний үнэ ямархуу байх бол?
-Онлайн уулзалт хийх үеэр Хятадын талын хүмүүс далайгаар орж ирдэг хэсэгт нь нүүрсний үнэ буурсан мэдээ хэллээ. Нэг, хоёрдугаар сард Австралийн нийлүүлэлт нэлээд өссөн болохоор багагүй хуримтлал үүсчихэж. Тэр хэсэгт нийлүүлэлт нь өссөн ч эрэлт буурсан маягтай яваа, хагас жилээс хойш ханш гайгүй болно гэж байна. Оросын нүүрсний нийлүүлэлт өсөх хандлагатай байгаа юм билээ. Орос далайгаар зүүн талаас нийлүүлэхээс гадна Манжуур, Монголын зүүн талаар зүүн хойд Хятад руу нийлүүлдэг. Тийм учраас шууд манай зах зээлийг булаахгүй. Гэхдээ манай нүүрс Хятад руу орохгүй байгаа тохиолдолд хүссэн хүсээгүй Австрали, Оросын нийлүүлэлт өсч байна. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрсний орон зайг их бага хэмжээгээр эзэлж байгаа. Энэ янзаараа удах юм бол бид зах зээл дэх байр сууриа тодорхой хэмжээгээр алдах эрсдэлтэй. Хагас жилээс Хятадад үйлдвэрлэл сэргэлээ гэхэд худалдан авагчид нь багасчихна гэсэн тайлбар бий. Өөдрөгөөр харах гэж оролдох юм бол хагас жилээс хойш оны төгсгөл рүү Америк, Европын үйлдвэрлэл зогсоод хэцүү байдалд орно. Коронавирусийн тархалт намжихаар энэ улсууд хэрэглэдэг зүйлсээ хэрэглэж таарна аа даа. Тэр үед хэрэглээгээ Хятадаас хангах нь тодорхой. Тэгэхээр корона оргилдоо хүрээд намжих үед Хятадын эдийн засагт boom болох магадлал өндөр гэсэн таамаг бий. Тэр үед мэдээж Монголын нүүрс их хэмжээгээр хэрэг болно.
-Нүүрсний нийлүүлэлт хэзээнээс жигдрэхээр байна?
-Хятадын тал долдугаар сараас жигдэрч, өнгөрсөн оны түвшиндээ очно гэж байна. Монголтой хиллэж байгаа хэсгээр эрэлт их байна. Эрэлт байгаа дээр нүүрсээ нийлүүлж чадвал мэдээж ашигтай.
-Нүүрсний одоогийн ханш төсөвт тусгасан үнээс хэр зөрж байгаа бол?
-Улсын төсөвт нүүрсийг 71 доллараар тусгасан. Одоо тэр багцаанд байна. Цагаан сарын өмнө нүүрсний үнэ 830 юань байсан. Одоо 900 орчим дээр тогтсон. Арав орчим хувийн өсөлт үзүүлсэн гэсэн үг. Монголын нүүрсгүйгээр тэндхийн үнэ тогтоно гэдэг муу дохио. Монголын нүүрсгүйгээр дотоодын үнэ тэнгэрт хадахгүй нь гэсэн дохио. Асуудал хүндрээгүй байхад хилээ хааж эдийн засагтаа гай болчихсон юм биш үү гэсэн байр суурийг Хятадын тал хэлж байна лээ, сая болсон онлайн хурлын үеэр. Одоо нүүрснийхээ импортыг ахиу хийе гэхээр Монголоос вирус ороод ирвэл яах вэ гэсэн байдалтай байгаа юм билээ. Уг нь Хятадын худалдааны байгууллагад Монголоос нүүрс авах сонирхол их байна.
-Гашуунсухайт, Шивээхүрэнгээр нүүрс гарахад хяналт шалгалтдаа цаг их авч байгаа гэж ойлголоо. Чингэлгээр тээхийн давуу, сул тал нь юу байна?
-Чингэлэгтэй нүүрсийг кранаар буулгачихаж байна. Энэ арга вирусийн тархалтыг барихад ямар ч нөлөөгүй. Гэсэн хэр нь гарч байгаа өртөг зардал нь өндөр. Тонн тутамд 25 юаниар зардал нэмэгдэж байгаа гэсэн тооцоо дуулдсан. Хорь гучин машин болоод байх ч өмнөх шиг хэдэн зуугаар нь гаргая гэвэл тийм контейнер Монголд байхгүй. Тэгэхээр нэмэлт хөрөнгө оруулалт хэрэг болно. Гэтэл өнөөдөр нөхцөд байдал ямар байгаа билээ. Бид цагаан сард хурааж хумьсан нөөцөөрөө амьдарч байгаа. Дөрөвдүгээр сараас байдал хэцүүдэх гэж байна. Ийм хүнд үед шинээр ийм туршилт оруулж ирсэн нь бас л зохимжгүй юм болсон. Яг гүйцэтгэл дээр явахгүй байх. Шивээхүрэн дээр бас ийм шаардлага тавьсан. Уг нь тавиадхан км яваад хил нэвтэрчихдэг боомт. Таван толгой шиг ачаалалгүй, цэгцтэй газар. Тийм газарт өнөө шаардлагаа тавьчихаар гүйцэтгэлд нөлөөлөөд байна л даа.
-Төсөвт нүүрснээс орох орлого тасрах нь тодорхой болчихов уу?
-Төсөвт нүүрснээс орно гэж төлөвлөсөн орлого тасрах нь тодорхой. Тодруулж хэлбэл, бид төлөвлөсөн 42 сая тонныг гаргаж чадахгүй. Манай компаниуд нүүрсний экспортыг дөрөвдүгээр сараас эрчимтэй явах болов уу гэж найдаж байсан ч өнөө хэр яах нь тодорхойгүй байна. Их сайн явлаа гэж бодоход гуч гаруй сая тонн гарах болов уу. Өнөөдрийнх шигээ олигтой шийдэж чадахгүй, зогсоох эсэх нь тодорхой биш явбал 42 сая тонныхоо талыг л гаргах байх.
-Нүүрсний компаниуд хэцүүдчих шиг боллоо…?
-Харин тэглээ. Хоёрдугаар сарын 10-нд нүүрсний тээвэр зогсоох шийд гарангуут компаниуд ажилчдаа 60 хувийн цалинтайгаар сул зогсолт зарласан. Гуравдугаар сарын 15-наас тээвэр эхэлнэ гэсэн хүлээлттэй байсан учраас гуравдугаар сар гарангуут хүмүүсээ ажилд нь оруулсан юм. Ажилчид нь цалингаа 100 хувь авч эхэлсэн гэсэн үг. Дэд гэрээлэгч, ханган нийлүүлэгчдээ мөнгөө төлөөд уурхайгаа ажиллуулж нүүрсээ овоолоод эхэлчихсэн. Тэнд хэдэн зуун сая ам.долларын нүүрсний овоолго байна. Зардал нь гараад байдаг, нүүрсээ хэвийн хэмжээнд экспортлох эсэх нь тодорхойгүй цаг алдаад байна л даа. Товчхондоо компаниудын санхүүд маш хүнд тусч байгаа. Ийм байдлаар удвал зарим компани үйл ажиллагаагаа нэлээд урт хугацаагаар зогсоох эрсдэл үүснэ. Ажилчдаа халах асуудал хөндөгдвөл олон мянган хүний ажлын байр яригдах байх.
-Нүүрсний салбар хэчнээн хүнийг ажлын байраар хангадаг вэ?
-Уул уурхайн салбарт нийтдээ тавь гаруй мянган хүн ажилладаг. Нүүрсний хувьд энэ тооны гуравны нэгтэй тэнцэхээр хүн ажилладаг багцаа тооцоо бий.
-Хятадын нүүрснийхэнтэй хийсэн онлайн хурлын үеэр нүүрсний зээлтэй холбоотой шинэ мэдээ дуулдав уу?
-Төмөр замын хувьд маш сонирхолтой мэдээллүүдийг Хятадын төмөр замын судалгааны төвийн захирлаас авлаа. Ер нь уул уурхайн түүхий эд овор хэмжээ ихтэй учраас авто замаар тээвэрлэнэ гэдэг утгагүй асуудал. Уул уурхайн тээврийг хол замд машинаар тээвэрлэдэг улс Монголоос өөр байхгүй. Өртөг зардал ихтэй, байгальд сөрөг нөлөөтэй гээд яривал өчнөөн сул талтай тээвэр. Хятадын хувьд манай нүүрс гарч буй боомтууд дээр төмөр зам нийлчихсэн. Ганцхан Ховдын Булганаар гардаг боомт дээр төмөр зам байхгүй. Гэхдээ тэнд төмөр зам барих шийдвэр ирэх таван жилийнх нь төлөвлөгөөнд орчихсон яваа. Тэр төмөр замуудынх нь хүчин чадал дээр маш том тоонууд хэллээ. Эрээнээр15 сая, Ганцмодоор 50 сая, Сэхээгээр 30, Мандалаар 30, Зүүн хатавч боомтоор 35 сая тонн нүүрс тээвэрлэх боломж бий гэнэ. “Аль боомтоор төмөр замаа тавих нь та нарын асуудал. Аль ч боомтоор нүүрсийг чинь авах хангалттай хүчин чадал бий” гэж байна. Зөвхөн нэг боомтоор нүүрс хүлээж авах техникийн хүчин чадал манай улсын жилийн экспорттой тэнцэхээр байгаа биз. Бид нүүрсээ гуравдагч хөрш рүү гаргана гэж ярьдаг. Тэгнэ гэвэл машинаар тээвэрлэх боломжгүй. Төмөр замтай болвол нүүрсний экспортын хэмжээгээ нэмэх, зардлаа багасгахаас гадна гуравдагч хөрш рүү экспортлох боломж нээгдэнэ.
-Таван толгой дээр нүүрс сорчилж олборлолоо гэсэн асуудал яригддаг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Сорчилж олборлох нь хуулиар хориотой л доо. Гэхдээ хувь, хувьсгалын аль ч уурхайд заримдаа гардаг үзэгдэл. Гэхдээ шууд сорчлох гэж хэлэхэд хэцүү. Борлуулалттай, борлуулалт багатай гээд янз бүрийн үед яаралтайгаар ахиу олборлох шаардлага гардаг. Дараа нь хийгээгүйгээ нөхөж хийдэг практик олон улсын уул уурхайд бий. Таван толгой гэснээс энэ ордын олборлолтыг 30 саяд хүргэвэл баяжуулах үйлдвэргүйгээр явахгүй. Сайн чанарын нүүрсний хэмжээ нь багасаад олборлолтын явцад бохирдсон, газарт ойрхон учраас исэлдээд өгөршсөн, байгалиасаа коксжих үзүүлэлт багатай нүүрс холилдоод гараад ирэх асуудал бий. Баяжуулах үйлдвэр барилаа гэхэд үйлдвэрлэлийн явцад зарж болохгүй, хаяж ч болохгүй завсрын бүтээгдэхүүнүүд гардаг. Тэр бүхнийг нь шийднэ гэж тооцоод үйлдвэр барилаа гэхэд багадаа дөрвөн сая, ихдээ найман сая тонноор хэмжигдэх борлуулахад хэцүү эрчим хүчний нүүрс гарна. Тэрийг уул шиг овоолоод байх боломжгүй. Машинаар тээвэрлэж Хятадын хил хүргээд зарах аргагүй. Тээврийн зардлаа даахгүй. Баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүн одоогоор “Энержи ресурс”-ын Ухаа худгийн үйлдвэрээс гарч байгаа. Гэхдээ хэмжээ нь маш бага. Тавантолгойгоор жишээ болгоод ярихаар нүүрсний салбарыг хөгжүүлэх хамгийн том хоёр зүйл бол төмөр зам, боловсруулах үйлдвэр.
-Нүүрсний хулгай гарал үүслийн гэрчилгээний замбараагүй, хяналтгүйгээс болдог гэсэн шүүмжлэл дуулддаг. Нүүрсний хулгай төсөвт орох орлогоос хумсалж байгаа гэдэг утгаараа анхаарах ёстой асуудал шиг санагддаг…?
-Төрийн л хулгай байх. Хилээр нэвтэрч байгаа нүүрсийг нарийн жинлээд гаргадаг. Тэнд нь төрийн албан хаагчид ажилладаг. Үнэхээр тийм асуудал байдаг бол хяналт тавьж байгаа төрийнхөнтэй л холбогдож таарах байлгүй.
-Коронавирусээс үүдсэн хямрал нүүрсний салбарт, эдийн засагт ямар сургамж өгөв, ахиад хямрал болоход хэцүүдэхгүй байхын тулд бид яах ёстой вэ?
-Сүүлийн жилүүдэд шувууны ханиад, гахайн ханиад, SARS, MERS зэрэг халдварт өвчин дэгдсэн. Тахлын хэмжээнд хүрсэн энэ удаагийн коронавирус SARS-2 гэдэг нэртэй. Энэ мэт халдварт өвчний давтамж ойртоод байна гэсэн дүгнэлтийг мэргэжлийнхэн сануулаад эхэлчихлээ. Тэгэхээр ийм халдвар ахиад ч дэгдэх эрсдэл өндөр болчихсон гэсэн үг. Ийм нөхцөл байдалд монгол үндэстэн аюулгүй оршин тогтнохын тулд яах ёстой вэ гэдгийг нүүрсний салбар дээр жишээлээд ярихад бидэнд төмөр зам хэрэгтэй. Дахиад халдварт өвчин дэгдлээ гэхэд хилээ хаагаад мөнгөгүй таг суух уу. Тиймээс төмөр замын асуудлаа хурдан шийдэж, цаг алдалгүй барьж дуусгах шаардлага байна. Таван толгойгоос Сайншанд чиглэлийн төмөр замын суурь ажлыг эхлээд явж байгаа. Зөв, буруу дээр өчнөөн маргаан өрнүүлж болно. Гэхдээ одоо дүүрч, тэр замаа бариад дуусгачихаасай гэж бодож байна. Эдийн засгийн утгаараа бол Таван толгойн Гашуунсухайт, Нарийнсухайт, Шивээхүрэнгийн төмөр замыг зайлшгүй барих шаардлагатай. Нэгдүгээрт, эдийн засгийн ашигтай. Хоёрдугаарт, байгаль орчинд хэрэгтэй. Гуравдугаарт, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад хэрэгтэй.
Дөрөвт нь, Монголын орлого эрс нэмэгдэнэ.