Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Сауле: 11 мянган толгой мал хорогдсон нь цэвэр хариуцлагын асуудал

Бог мал зурган илэрцүүдБаруун аймгуудад бог малын мялзан төст өвчин илэрсэнтэй холбогдуулж Улсын онцгой комисс Ховд, Баян-Өлгий, Увс аймагт энэ сарын 9-нөөс 16-нд ажиллалаа. Малын мялзан төст өвчин өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Ховд аймгийн Булган суманд гарсан. Өвчин анх гарах үед холбогдох албаны хүмүүс тодорхой арга хэмжээ авч ажлаагүйн улмаас 11 мянган толгой мал хорогдсон ажээ.

Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор 11,5 тун вакцин оруулж ирлээ.

Манай улсад бог малын мялзан төст өвчин гарч байгаагүй бөгөөд малаас малд вирусын замаар дамждаг өвчин ажээ.Энэ сарын 10-нд Ховд аймгийн Булган сумын Ярантын боомтоор 11,5 сая тун вакциныг БНХАУ-аас нэвтрүүлж, аймгийн онцгой комисс хүлээж авсан билээ. Улмаар сум орон нутаг руу тээвэрлэх ажлыг зохион байгуулсан. Харин вакцинжуулалтыг 10 дугаар сарын 12-ны өдөр албан ёсоор эхлүүлээд байна. Энэхүү вакциныг мялзан төст өвчин гарсан. Ховд аймгийн 11 сум, Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгийн Булган сум, Увс аймгийн Өмнөговь , Өлгий сумдад хийжээ. Энэхүү ажлыг Улсын онцгой комиссын гишүүд болоод ОБЕГ, МХЕГ байгууллагууд хяналт тавьж ажилласан юм.

Мялзан өвчний эсрэг вакциныг хүлээн авлаа.

Олон улсын стандартад нийцсэн биологийн амьд вакциныг малд хийснээр мялзан өвчний эсрэг гурваас дөрвөн жилийн дархлаа тогтоно гэдгийг малын эмч нар онцолж байсан юм. Мөн вакцин хийсэн малын махыг 21 хоногийн хугацаанд хүнсэнд хэрэглэдэггүй байна. Иймээс баруун аймгууд, вакцинжуулалтын хугацаанд өвчлөл гараагүй эрүүл бүсээс малын махыг гарал үүслийн гэрчилгээ, ариун цэврийн бичигтэйгээр аймгийн төв рүү оруулж, худалдаалан, хүнсний хэрэгцээгээ хангаж байна. Монгол Улсын шадар сайдын тушаалаар баруун аймагт гарсан бог малын мялзан төст өвчний голомттой бүсэд ажиллах улсын онцгой комиссын гишүүд Ховд аймагт аравдугаар сарын 9-нд ирлээ. Энэ оны аравдугаар сарын 8-ны байдлаар аймгийн хэмжээнд 74.166 толгой мал өвчилж, 11.869 толгой мал хорогдож, 59.775 мал эдгэрч, 2482 толгой мал өвчний шинж тэмдэг илэрч байгаа аж. Ховд аймгийн 11 суманд бог малын мялзан төст өвчиний голомт илрээд буй аж. Тухайлбал Булган суманд 37847 мал, Үенч суманд 22145 мал өвчтэй байна. Мялзан төст өвчин өмнө манай улсад гарч байгаагүй бөгөөд анхны тохиолдол нь Ховд аймгийн Булган суманд өнгөрсөн оны сүүлээр илэрсэн хэмээн мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Ховд аймгийн Булган сумын тамгын газрын дарга Ч.Батаа: Манай сумын хэмжээнд 40 мянган мал өвчилснөөс долоон мянган мал хорогдсон. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын сүүлээр энэхүү өвчний шинж тэмдэг илэрсэн. Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Булган сум хорио цээрийн бүс нутагт орсон. Одоогийн байдлаар вакцинжуулалтын арга хэмжээ бүрэн авч дууссан. Цаашдаа хорио цээрийн дэглэмээ бууруулах болно.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Засгийн газраас бог малын мялзан төст өвчний эсрэг вакцин худалдан авах санхүүгийн асуудлыг бүрэн шийдсэн. Өмнө нь бог малын мялзан төст өвчин манай улсад гарч байгаагүй. Одоогийн байдлаар Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай аймгуудад энэхүү өвчний шинж тэмдэг илрээд байна. Энэ өвчинтэй холбоотойгоор гадаадын мэргэжлийн малын эмч нар ирж зөвлөгөө өгсөн. Бид нарын хамгийн гол зорилго бол ажлаа хурдан шуурхай, чанартай дуусгах явдал юм. Харин дараа нь хариуцлагын асуудал яригдах болно. Малын мялзан өвчин 2015 оны сүүлээр гарсан. Тэр үеэс одоог хүртэл өвчин даамжирсаар нэг аймгийн хэмжээнд 11 мянган толгой мал хорогдоод байна. Үүнийг бид цэвэр хариуцлагын асуудал гэж үзэж байна. Мөн энэ асуудлаар ямар нэгэн улстөржилт хэрэггүй. Зөвхөн үнэн бодит байдлыг л гаргаж ирэх шаардлагатай. Манай улсын эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Засгийн газраас малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны хүрээнд 13,2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн малчдын хариуцлагын асуудал яригдах ёстой. Мал нь өвчлөхөөр төрийнх болдог, малынхаа ашиг шимийг авах болохоор өөрийнх нь болдог. Энэ үзэл санаагаа өөрчлөх хэрэгтэй гэж малчдадаа хэлмээр байна. Тийм учраас малчдын хувийн хариуцлага, сахилга батын тухай мөрдөгдөх эрх зүйн бодлого явуулах шаардлагатай.

Ариутгал, хяналтын пост.

Ховд аймгийн арван нэгэн сумын хэмжээнд 65 голомт тогтоож, 41 пост, хөдөлгөөнт эргүүл 12-ыг ажиллуулж буй аж. Ингэснээр малын шилжих хөдөлгөөнд хяналт тавьж гол замууд дахь халдваржуулалтыг тогтворжуулах арга хэмжээ авч ажиллаж байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Т.Баатарзориг танилцууллаа. Цаашид Ховд аймагт гарсан бог малын мялзан төст өвчний талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Ховд аймгийн малчин зурган илэрцүүдХовд аймгийн Манхан сумын малчин Б.Сэндмаа: Манайх дөрвөн зуу гаруй малтай. Сумын зарим багаас бог малаас мялзан өвчин илэрсэн. Энэ өвчин гарсантай холбоотойгоор аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм мөрдөгдөж ирсэн. Ингэснээр бид намаржаандаа гарч чадахгүй байна. Удахгүй вакцинжуулалт дуусах байх. Өвлийн бэлтгэл ажил тааруухан байна. Учир нь малчид малаа борлуулж, ашиг шимийг нь хүртэх боломж багассантай холбоотой.

Улсын онцгой комисс.

Улсын онцгой комисс Ховд аймагт гурав хоног ажлаад мялзан төст өвчин илэрсэн Баян-Өлгий аймгийн Булган сумыг зорилоо. Баян-Өлгий аймгийн хэмжээнд таван суманд вакцынжуулалтын аян явагдсан. Энэхүү ажлын хүрээнд нэг сая 160 мянган толгой мал вакцинжуулалтад хамрагджээ. Булган сумын хэмжээнд 8778-н толгой мал өвчилсөн. Үүнээс 904 толгой мал хорогджээ.Булган сум баруун талаас Хятад улс, хойт талаасаа Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум, зүүн өмнөд талаас Ховд аймгийн Мөнххайрхан, Булган сумтай хиллэдэг. Бог малын мялзан төст өвчин илэрсэнтэй холбоотойгоор Цүнхэл, Улаан хус багт хяналт шалгалтын пост гарчээ. ХХААХҮ-ийн дэд сайдаар ахлуулсан Улсын онцгой комисс дээрх хоёр постын үйл ажиллагаатай танилцлаа. Хяналт шалгалт, ариутгалын постод нэг төрийн албан хаагчаар ахлуулсан гурван хүн ажиллаж байв. Шүршигч буу, ариутгалын бодис, байр, хоол хүнсний нөөц бололцоо хангалтай хэмжээнд байгааг дайчлагдсан нутгийн иргэд хэлж байлаа.

Баян-Өлгий аймгийн Булгам сумын онцгой комиссын шуурхай хуралдаан.


Баян-Өлгий аймгийн Булган сумын мал эмнэлгийн үржлийн тасгийн эрхлэгч С.Халебек:

Бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулж Засаг даргын захирамж гарсан. Энэ хүрээнд бид шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Вакцинжуулалтын арга хэмжээ удахгүй дуусна. Үүний дараа бидний толгойны өвчин болсон отрын асуудал яригдах болно. Жил бүр манай сумын бог малын 60 орчим хувь нь хил залгаа сумын нутгаар оторт гардаг. Тухайлбал, аймгийн Засаг даргын захирамжаар Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын тусгай хамгаалалтай газарт жил бүр малчид маань оторт гардаг. Харин энэхүү малын мялзан төст өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоож хөл хөдөлгөөн хорисон. Үүнээс шалтгаалж малчид маань тодорхой цаг хугацаандаа малаа отрын бүсэд оруулж чадахгүйд хүрээд байна.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нь Улсын онцгой комиссын шийдвэрээр Баян-Өлгий аймагт хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хэсгийг ахалж, холбогдох хүмүүсийн хамт тус аймагт 3 өдөр ажиллалаа. Ажиллах үеэр аймгийн Онцгой комиссыг хуралдуулж хил дамнасан малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал солилцож, цаашид анхаарах асуудлын талаар хэлэлцэв.

Баян-Өлгий аймгий Засаг даргын орлогч Ш.Хавыл:

Манай аймгийн онцгой комиссын хуралдаанаар бүх малыг вакцинжуулалтад бүрэн хамруулсан эсэгт хяналт тавьж ажиллаж байна. Манай малчид энэхүү өвчний талаарх мэдээлэл муутайгаас шалтгаалж халварыг дахин сэдрээх аюултай тул хоблогдох сум, багийн засаг дарга нарт иргэддээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх үүрэг чиглэл өглөө.

Увс аймгийн Өмнөговь сум. Бог малын мялзан төст өвчний эсрэг вакцин хийлээ

Увс аймгийн Өмнөговь сумын засаг дарга Р.Төмөрчөдөр:

Манай сум хөдөө аж ахуйн дөрвөн багтай. 2015 оны эцсээр нэг зуун ерөн хоёр мянга долоон зуун толгой мал тоологдсон. Бог малын гоц халдварт мялзан өвчний шинж тэмдэг наймдугаар сарын сүүлээр Баянгол багт илэрсэн. Тус багийн малчин Отгонбаяр, Баярсайхан нарын хотноос шинжилгээний дээж авч, холбогдох газарт нь хүргүүлсэн. Шинжилгээгээр малын мялзан өвчин болох нь илэрсэн. Энэ үеэс хойш сумын Засаг даргын захирамж гарч, долоон цэг дээр хорио цээр тогтоосон. Байнгын ажиллагаатай постуудад 150 орчим төрийн албан хаагч болоод малчдыг дайчлан ажлуулж байна. Сумын хэмжээнд 236 мал энэ өвчнөөр өвчилсөн. Үүнээс 27 бог малыг устгаж, ариутгасан. Одоогийн байдлаар 192 мянга дөрвөн зуун толгой малыг вакцинжуулахаар ажиллаж байна.

Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *