МЗЭ–ийн Утга зохиолын төлөө шагналт ахмад зохиолч Жамбалын Пүрэвтэй цөөн хором ярилцлаа. Тэрээр “Амин хайртай нутаг”, “Зүүдэнд ирсэн нутаг”, “Харьд бичсэн шүлгүүд” яруу найргийн номтой. Сүүлийн жилүүдэд Америкт амьдарч бүтээлээ туурвиж буй юм.
-Та бол Говь-Алтай аймгийн Алтай сум, алдарт Аж богдын хүн. Танай сум 100 жилийн их ойтойгоо золгож байна?
-Манай Алтай сум чинь Монгол Алтайн нуруунаас доошоо сунаж тогтсон уул нуруудын бараг төгсгөл хэсэг. Аж богд маань Атас Чингис их уулстай бараа бараандаа сүндэрлэдэг. Монгол Алтайн нурууны салбар уулсаас хамгийн өндөр нь. Далайн түвшнээс дээш 3 мянга 803 метр гээд бодохгүй юу. Захуй Зарман, Хонин ус, Найман мянганы говь гээд алдарт говиудын дунд оршдог. Эргэн тойрны говиуд ноцсон гал шиг халуу шатаж байхад Аж богдын нуруун дээр зундаа хөвөнтэй дээлтэй явна. Аж богдынхоо Хүрэн овооны ихэр гэдэг сүрлэг уулын бэлд би төрсөн. Аав ээж минь малчин хүмүүс. Манай нутгийнхан гучаад оны бослого, их хэлмэгдүүлэлтийн шуурганд Шинжаан руу дүрвэж гарсан. Зарим нь хил дөнгөж даваад Дамбийжаагийн орогнож байсан Маазан сан уулын тэнд нутаглаж үлдсэн байдаг. 1992 онд Бургастайн урд талаар хил нээгдэх үед Өмнөд Монголын Алшаа баруун хошуунд ах дүүстэйгээ очиж уулзаж байсан. Нутгаа л яриад, элэг эмтэрмээр. Монголоос, Ажаас хүн ирж гэнэ гээд л тал бүрээсээ цуглаж байсан. Шөнө дүл болтол уйлаад яриад байсан. Өөрийн нутаггүй байх шиг зовлон үгүй юм байна гэж уулзсан бүхэн хэлж байж билээ.
-Таныг Говь-Алтайд сурагч байхад Түдэв гуай багшилж байсан гэдэг. Чимидийн Алагсай гуай таны анхны номыг гаргасан байдаг. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?
-Тийм ээ, намайг тавдугаар ангийн сурагч байхад Түдэв гуай багш байсан. Түдэв багш дээр багш нар хэзээний л шаваатай харагддаг сан. Ухаантай хүн мөн ч сайхан юм гэж Түдэв багшийн залуу насыг эргэн дурсахад бодогддог. Багш нар, ер нь хүмүүс сонирхсон, дуулсан бүхнээ Түдэв багшаас асууна. Цэнхэр тод өнгийн костюмтай толигор сайхан залуу байлаа. Би гэдэг хүн Архангайн багшийн сургуульд сураад дундуур нь Дорнодод цэргийн алба хаагаад, Дорнодын “Дөл” сонинд анхны шүлгүүдээ хэвлүүлээд, буцаж багшийнхаа сургуульдаа ирж төгсөөд алс хол Алтайдаа багшаар очсон, ийм л намтартай. Сумандаа багшилж ахуйдаа Алагсай гэж тэр сайхан хүн надад нөмөр болсон. “Хүү минь би чиний зарим шүлгийг уншаад нүдээ арчдаг юм” гэж хэлж билээ. Алагсай гуай бол Ломоносовын сургуулийг төгссөн анхны сэхээтнүүдийн нэг. Ер нь тэднийхэн үе удмаараа олноор хүрээлүүлсэн сайхан хүмүүс. Бигэрийн алдарт баатар Чулуун гуай тэр хэд ах дүү хүмүүс. “Майхан ууланд аялсан нь”, “Говь дахь учрал”, “Ирвэст уул”, “Тахийн ус”, “Суман зээрд” гээд мөн ч гоё номуудтай. Нутгийн минь энэ мундаг зохиолч анхны номыг минь (“Амин хайртай нутаг”) минь эх барьж авсанд билгэшээдэг. Нутгаасаа би “Буурал аав” дууны эзэн Түндэвийн Юмсүрэнтэй сүрхий дотно байсан. Бусдаар бол алс хол Алтай сумандаа багшилж, зах хязгаарт залуу насаа үрсэн хүн. Манай сумын хүү Шаравын Батжаргал шавдуулж байж Зохиолчдын хорооныхоо босгыг алхсан. Арлааны Эрдэнэ-Очир гэж ёстой нэг сайхан хүүтэй ах дүүгийн барилдлагатай явлаа. Тангадын Галсан, Шагдарын Дулмаа гуай гээд сайхан буурлуудтай уулзаж үг сургаалыг нь сонсож явсан минь хувь заяа юм. Зохиолчдын чуулганд хоёр удаа оролцсондоо өвгөн ах нь баярладаг.
Говь-Алтайн ТМС-ын захирал Рагчаа надад зориулж
“Ажийн ууландаа агт морь шиг аялж
Архангайд атмандаж даналзсан
Ардын армид ахлах түрүүчээр ханхалзаж
Ардын сургуульд багшаар ханхалзаж
Аж нутгаа засаглан данхалзаж
Ай даа ах минь та аатай явлаа даа” гэж элэглэл бичсэн. Эл хэдэн мөрөөс миний залуу нас харагддаг. “Зүүдэнд ирсэн нутаг”-ийн минь өмнөтгөлийг манай Ж.Батсайхан бичсэн, бас л салхитай онгодтой найрагч даа. Нас хэвийгээд ирэхээр нутгаа их санах юм. Нутгийнхаа хөгшдийг санах юм. Ямар үнэн үгтэй, хүний төлөө хүмүүс байгаа вэ. Төрбат, Хоролсүрэн гэж манайтай айл аймаг явсан хөгшид байна. Аж богдын хойгуур нутагладаг Ядамсүрэн, Боролзой гээд хөгшид байна. Дандаа хүний сайн сайхны төлөө явдаг хүмүүс байжээ. “Өндөр сүрлэг Аж богдоо сүсэглэж өглөө бүр цайныхаа дээжийг өргөөрэй, өнхөрсөн чулууг нь хүртэл анзаарч өөрийн байранд нь буцааж тавиарай” гээд бүхий л насаараа Аж богдоо бичиж, Ажийн нурууныхаа алтан сүлдэнд залбирч явна даа.
Бусдын нутагт явахад
Буурал Аж-аал санана
Буцаад яаран ирэхэд
Бодол сэтгэл тайвширна
Алсын барааг нь харахад
Аньсага аяндаа чийгтэнэ
Амьсгаа хүртэл уужраад
Аавдаа ирсэн мэт бодогдоно
Үлгэрийн юм шиг гайхмаар
Үзэсгэлэнгийн юм шиг бахархмаар
Үнэхээр онгон тансаг
Өндөр сүрлэг богдынхоо
Өвөр дээр нь гараад
Өөрийн энгээр тэвэрмээр
Өвс шороогийн хүртэл
Өмссөн хувцсандаа наалдуулмаар
Буян заяаны нутаг
Буурал Аж-даа мөргөе
Буцаад төрөх тавилангаа
Бурхан таньдаа даатгая.
Бид хоёрын яриа ийм товчхон хийгээд дулаахан өрнөсөн юм. Пүрвээ гуайнхаа
“Харьд бичсэн шүлгүүд” номынх нь өмнөтгөлийг миний бие бичсэн юм. “Харьд бичсэн шүлгүүдээс нь халуун сэтгэл ханхалж, Алтайнх нь салхи амтагдана гэж бичсэн.
“Үзүүр мянганы булгаа
Үгүйлээд байгаа юм уу би
Үүр шөнийн зүүдэнд минь
Үзэгдээд байдаг болчихлоо
Уул толгод нь хүртэл
Уран зураг шиг харагдаад
Урсах усны чимээнд нь
Уртын дуу шиг сонсогдоод”,
“Талын онгон хөрсөн дээр
Тэрлэгээ дэвсээд хэвтэх сэн
Таана хүмүүлийн үнэрт
Тавхан хором саатах сан
Дүүрэн одтой тэнгэрээ
Дөрөөн дээрээсээ хараад
Долоон бурхандаа хандаж
Доторх хүслээ шивнэх сэн
Айзам дууны түрлэгэн дор
Айргийн хул түшээд
Аялгуу сайхан хэлээрээ
Айлын өвөөтэйгээ хуучлах сан
Унаач хүүхдийн гийнгоонд
Уяран уяран баясаад
Уралдааны морьдын бариан дээр
Уйлан уйлан баярлах сан”,
“Хангай говь нь солонгороод
Хонь мал нь сувдраад
Хулан зээр нь хонгортоод
Хулс, зэгс нь шаргалтаад
Харанхуй шөнө байвч
Харагдаад байх шиг санагдана
Хайртай Монгол орон минь
Харах нүдэнд илхэн
Хуурын уяхан аялгуу
Хурдан морьдын төвөргөөн
Уулын бугын урамдах нь
Урсгал усны харгиатах нь
Холын холд байвч
Сонсогдоод байх шиг санагдана
Хосгүй сайхан Монгол минь
Хоёр чихэнд уяатай
Арцат Богдын салхи
Атар хөрсний чийг
Агь таанын үнэр
Аргалын цэнхэр утаа
Өөр холын оронд ч
Үнэртээд байх шиг санагдана
Өлгий болсон Монгол минь
Өөрийн биед минь нэвчжээ
Уулын сонгинын ааг
Уруул чимчигнэх айраг
Онгон хөрсний шим
Шинэ жимсний амт
Алс холд байвч
Амтагдаад байх шиг санагдана
Амин хайртай Монгол минь
Алд биед минь шингэжээ” гэх буурал найрагчийн Лос Анжелост бичсэн шүлгийнх нь мөр бадгуудаас дандаа нутаг нь үзэгдэж Монгол нь ханхалж хүний нутгийн тэнгэр дор нарлаг Монгол руугаа хараад манхайсан хөх тэнгэрийг нь, манан будан татсан уул хангайг нь, гэрэлт туяанд булхагдсан намрын цагаан шөнийг нь, гэгээн дууны айзам ангирын нургисан ганганаатай урин хаврыг нь тэсэхүйеэ бэрхээр санаж суугаа нь нулимстай мэдрэгддэг юм..
One reply on “Ж.Пүрэв: Өвгөн ах нь бүх л насаараа Аж богдоо бичиж, Ажийн нурууныхаа алтан сүлдэнд залбирч явна DNN.mn”
Өө нээрээ Пүрэв ах байна
Америк хүн болсон байхнээ
Өндөр Алтайгаа өвөртлөөд яваа байх
Алсаас Монголоо харж суугаа байхнээ