“Амьдралын өнгө” булангийн энэ удаагийн дугаарт хорт хавдар өвчнийг даван туулсан Ж.Намууныг урилаа.
-Та одоогоор хаана ажиллаж, амьдарч байгаа вэ?
-Би 2013 онд Өмнөд Солонгост ирсэн. Сурч байгаад, 2020 оноос нэгэн гоо сайхны эмнэлгийн Монгол багийн ахлагчаар ажиллаж байгаа. Анх ажилд ороход ганцаараа монгол ажилтан байсан. Харин одоо дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багтай болсон.
-Эх орноо санаж байна уу?
-Монголоо их санаж байна. Манай гэр бүлийнхэн бүгдээрээ Монголд байдаг. Эмээгээ маш их санаж байна. Намайг очих үед хатуу хөл хориотой, эмээтэйгээ уулзаж чадалгүй холоос барааг нь харчихаад л ирсэн. Хамгийн гол нь эмээ маань намайг хорт хавдар туссан гэдгийг огт мэдээгүй. Хөнгөн өвдөөд эмчилгээ хийлгэж байгаа л гэж боддог. Өвдсөнөөсөө хойш эмээтэйгээ нэг ч удаа уулзаагүй. Өндөр настай болохоор эмээтэйгээ л уулзмаар байна.
-Хамгийн сүүлд хэзээ Монголд ирсэн бэ?
-Химийн тариагаа дуусгаад 2020 оны Цагаан сараар очсон. Намайг очмогц хил хаагдсан. Цагаан сар өнгөрөөгөөд ОХУ-аар дамжиж ирсэн.
-Та анх оношоо сонсоод яаж хүлээж авсан бэ?
-Эмнэлэгт нөхөртэйгөө хамт очсон байсан. Үнэхээр гайхсан, залуу хүн өөрсдийгөө хорт хавдар тусна гэж төсөөлдөггүй юм билээ. Анх бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг оношийг сонсоод “Миний бодож байгаа хавдар мөн үү, чи сайн асуугаад өг” гэж нөхөртөө хэлж байсан. Хүн цочирдохоор сайн ойлгохгүй, итгэхгүй, тэнгэр газар нийлж байгаа юм шиг л санагдсан.
-Удаагүй хагалгаанд орсон уу?
-Тийм ээ, тухайн үед пүрэв билүү баасан гариг байсан юм. Ирэх даваа гаригт нь эмнэлэгт хэвтэж долоо хоног шинжилгээ өгөөд шууд хагалгаандаа орсон. Яаравчлахаас өөр арга байгаагүй.
Маш олон тийш үсэрхийлчихсэн, эцсийн шат буюу дөрөвдүгээр шатандаа орчихсон байсан. Хэрвээ би хоёр долоо хоногийн дараа үзүүлсэн бол эмчилгээгүй болох хэмжээнд хүрсэн байсан. 2019 оны долдугаар сарын 30-нд хагалгаанд орсон. Хагалгааны явцад бүдүүн гэдсээ авахуулж, элэгний 70 хувь, давсагныхаа тодорхой хэсгийг тайруулсан. Хагалгааны дараа 12 удаагийн хими эмчилгээ хийлгэж, 2020 оны нэгдүгээр сард дууссан. Эмчилгээ дууссанаас хойш таван жилийн хугацаанд эмчийн хяналтад гурван сар тутамд шинжилгээ өгдөг.
-Тухайн үед бие давхар байсан гэсэн үү…
-Хагалгааны дараа химийн тариа хийлгэхэд шинжилгээ өгдөг. Хагалгааны өмнө надаас хангалттай олон удаа “Жирэмсэн байх магадлалтай юу” гэж эмч нар асуусан. Учир нь хагалгааны явцад урагт хортой тодруулагч бодис, мэдээ алдуулагч ихээр хийдэг. Би “Үгүй ээ” л гээд байсан. Гэтэл хагалгааны дараа хоёр сартай ураг, зүрх нь цохилж байсан. Үнэхээр цочирдож эмчээс “Хэрвээ хүүхдээ төрүүлбэл яах вэ” гэж асуусан. Эмч нэгэнт маш хүнд хагалгаанд орж, урагт муу бүх зүйлийг хэрэглэчихсэн, дөрөвдүгээр шатанд орсон хагалгаа учир яаралтай химийн тариагаа эхлэх хэрэгтэй, эхлээд өөрийнхөө эрүүл мэндийг бод гэж хэлээд хагалгаанд орж авахуулчихсан (хоолой нь чичирч, нулимс урсав).
-Хагалгааны дараа эмчилгээнд орохдоо үсээ хусуулсан байсан. Эмэгтэй хүний хувьд үс гэдэг гоо сайхны маш чухал хэсэг шүү дээ…
-Гараараа илэхэд л туг тугаараа унаж байгаа үсээ харах маш хэцүү байсан. Үсээ боохыг, чихнийхээ араар үсээ хийхийг гээд жижиг зүйлсийг үгүйлдэг юм билээ. Хүн өөрийн мэдэлгүй өөрийгөө их өөлдөг. Тэр бодлуудад хүний бие гомддог юм болов уу гэж бодсон. Урт үстэй байхдаа үсээ хурдан тайрах юмсан, миний биеийн тэр нь муухай байна гэж их ярьдаг байлаа. Бие өвдөөд үсээ хусуулаад сууж байхдаа тэр бодлууддаа маш их харамссан.
-Энэ өвчний шалтгаан нь юу юм бол?
-Ерөөсөө л амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, стрессээс үүсдэг. Хооллолт, нойр, сэтгэл зүйн байдал хамгийн чухал нөлөөтэй.
-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Би энд охин, нөхөртэйгөө амьдардаг. Манай нөхрийг Н.Батбуян гэдэг. Хөдөө өссөн хүүхэд, гэр бүлсэг, хүнийг хайрлаж, хүндэлж чаддаг маш сайн залуу бий. Би энэ бүгдийг даван туулж, ингээд яриад сууж байгаа нь миний ханийн ач.
Химийн тариа хийлгээд сульдаж байхад миний хөлийг шар тосоор тослоод л сууж байсан. Намайг 11 цаг хагалгаанд орж байхад гадаа ганцаараа хүлээгээд л суусан. Хэрвээ дараа төрөл гэж байдаг бол нөхөртэйгөө дахин учрахыг хүсдэг. Тэр үед би түүнийгээ дахиж өвдөж зовоохгүй ээ… Надад хань, охин хоёр минь байхад юунд бууж өгөх ёстой юм, надад хийж чадаагүй олон зүйл байсан болохоор маш их хичээсэн. Охин маань дөрвөн настай. Намайг хагалгаанд ороход манай охин ой гарантай байсан.
-Аав, ээждээ оношоо яаж хэлж байсан бэ?
-Ямар ч байсан эмнэлгээр яваад хорт хавдар мөн юм байна гэдгийг нь мэдчихээд утсаар хэлж байсан. Их цочирдсон байсан болохоор яг юу гэж хэлснээ санадаггүй.
-Өвдөхөөс өмнөх Намуун, одоогийн Намуун хоёр юугаараа өөр вэ?
-Өмнөх зургаа харахаар хуурамч юм шиг, би биш юм шиг санагддаг. Харин хагалгаанд орсноосоо хойш өөрийгөө олж, илүү таньсан. Хэн нэгэнд таалагдах гэж биш, би өөрийнхөөрөө байх нь чухал юм байна гэдгийг мэдэрсэн. Өвдөхийн өмнөх Намуун хайнга, дураараа, түргэн ааштай байсан. Харин одоо юманд тайвнаар ханддаг, уурлах биш гаргалгааг нь олох гэж хичээдэг болсон. Мөн эрүүл мэндээ маш сайн анхаарч, өөрийгөө хайрладаг болсон. Өмнө нь би өөрийнхөө төлөө амьдардаггүй байсан юм шиг санагдаж байна. Гэр бүлийнхэндээ саад болохгүйн тулд өөрийгөө хүчилж ажилладаг байсан. Одоо бол өөрийгөө хайрлаж, өөрийнхөө төлөө амьдарч байна. Эрүүл байх нь миний хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээж буй хариуцлага.
-Таны хувьд юу хамгийн үнэ цэнэтэй вэ?
-Халуун ам бүлээрээ хоол хийгээд, энгийн зүйлсийн талаар ярьж инээгээд суух шиг жаргал байхгүй байх.
-Таны хувьд эрүүл мэнд гэж юуг хэлэх вэ?
-Хариуцлагатайгаар өөрийгөө хайрлахыг хэлнэ.
-Хаа нэгтээ хорт хавдраар шаналж буй хүмүүст хандаж та юу гэж хэлэх вэ?
-Бидний бодож байгаагаас ч олон хүн хавдар гэдэг өвчнөөр өвдөөд, шаналж байдаг. Тусламж хүсч над руу холбогддог хүмүүс ч бий. Тэдэнд чадахаараа дэм болж, эмнэлэг, эмчээ зааж өгөхийг хичээдэг. Гэхдээ тэр хүмүүст “Би чадсан юм чинь та чадна” гэж хэлэх хэцүү байдаг. Учир нь хүн бүр өөр учраас миний танд хэлж чадах зүйл бол “Та эцэст нь тултал тэмцээрэй, хэзээ ч битгий бууж өгөөрэй” л гэдэг. Хэн бүхэн өөрийн бодож байгаагаас ч ихийг хийж чадна.
-Та ажлынхаа хажуугаар моделиор ажилладаг. Энэ тухайгаа яриач?
-Химийн тариа дуусаад хоёр сарын дараагаас моделиор ажиллаж эхэлсэн. Хүссэн зүйлээ хийхгүй бол харамсах юм байна гэж бодоод хамгийн дуртай модель руугаа “Би танайд модель болох чин хүсэлтэй байна. Хэрвээ боломж бүрдвэл би маш их баярлана” гэж сошиалаар мессэж бичсэн. Гэтэл надад веб сайт руу ороод анкет явуулаарай гэж хариу ирсэн. Шалгаруулалтад орж тэнцээд түүнээс хойш ажлынхаа хажуугаар реклам, брэндүүдийн моделиор ажиллаж байгаа.