Categories
мэдээ улс-төр

Ж.Мөнхбат: Ерөнхий сайд алдаагаа хүлээн зөвшөөрсөн

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат бүтцийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрээр “Ерөнхий сайд бүтцийн асуудлыг оруулж ирж байна гэдэг бол хоёр жилийн өмнө байгуулагдсан шинэчлэлийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн буруу байсан, давхардсан бүтэцтэй, төсвийн зардал үрэлгэн явж ирснийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Бүтцийг өөрчлөхдөө Засгийн газрыг бүрдүүлж байгаа улс төрийн намууд болон АН нь дотоод дахь фракцууддаа бялуу хүртээх, тэдний амыг таглах байдлаар хандаж болохгүй” гэлээ. Мөн МАН хариуцлага алдсан, муу ажилласан, салбараа унагасан сайд нарыг дахин сайдаар томилохгүй гэсэн байр суурь баримтална гэдгээ илэрхийлсэн юм.

Засгийн газар хоёр Шадар сайдтай байх санал оруулж ирсэн. Гэхдээ Гадаад харилцааны сайдад заавал Шадар сайд гэсэн хачир зүүх хэрэггүй, энэ албан тушаалыг дагаад ажлын алба, зөвлөхүүд бий болох учраас төсвийн мөнгийг үрэлгэн зарцуулах ёсгүй гэж үзэж буйгаа тэрээр илэрхийлэв.

Сүүлийн үед хэвлэлээр МАНАН байгуулагдах нь, МАН засагт хамтрах нь гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ талаар намуудын хооронд яригдсан зүйл байхгүй болохыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат мэдэгдлээ.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал яригдах үед сайд нарын томилгоо эзнээ олсон байх ёстойг ч энэ үеэр сануулсан юм. Тэрээр “Эзнээ олоогүй ямар ч томилгоо битгий хийгээрэй. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний албыг давхар хаших ёсгүй гэдэг саналыг бид Ерөнхий сайдад тавьсан. Монголд маш олон чадварлаг сэхээтнүүд бий. Тиймээс салбараа авч явах чадвартай хүмүүсийг сайдаар томилж, боловсон хүчний бодлогод эргэлт гаргаасай гэж хүсч байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *