Өнөөдөр “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд “Глоб” хадгаламж зээлийн хоршооны захирал асан Ж.Мэндбаяр өөрийнх нь холбогдсон гэмт хэргийн талаар мэдээлэл хийлээ. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын улмаас “Баян-Өндөр сан”, “Бизнес кредит”, “Бөөн цагаан нуур”, “Бүтээн байгуулалт хөгжлийн сан”, “Глоб кредит”, “Гэр хорооллын барилгажилт”, “Европын хөгжил”, “Жигүүр инвест”, “Зиб”, “Итгэл сэтгэл ирээдүй”, “Монгол торго”, “Нью болор оргил”, “Оюу алт”, “Си Эм Си”, “Хөрөнгө оруулалт хөгжлийн сан”, “Эрхэст инвест” зэрэг 29 хоршоо дампуурч, 9300 орчим хадгаламж эзэмшигч хохирсон байдаг юм. Хохирогчид тэр үед эрх барьж байсан МАХН-ын үүдэнд олон сар өлсгөлөн зарлаж, батлахыг нь урж, үсээ хусч тэмцлээ хурцаар илэрхийлцгээсэн билээ. Үүний хүчинд тэд хохирлынхоо тавин хувийг эргүүлэн авсан ч үлдсэнийг нь одоо хүртэл авч чадаагүй байгаа юм. Ж.Мэндбаяр “Манай хадгаламж зээлийн хоршоог төрөөс албадан дампууруулахад нийт 8000 орчим хүн хохирсон байдаг. Төр өөрөө ч хохирсон. Учир нь хадгаламж зээлийн хоршооны хохирогчдод хохирлын 50 хувийг буцаан олгосон байдаг. Гэвч төрд өөрийн гэсэн мөнгө байхгүй. Энэ хохирлыг бид төлөх ёстой. Шүүхийн шийдвэр хүчинтэй байгаа. Гэхдээ би бүх ялыг 10 жилийн чанга дэглэмтэй хорих ангид биеэр эдэлсэн. Төлөхгүй ч байж болно. Шоронд дарамт байсан. Харин шүүх шинэчлэлийн хүрээнд дарамт байхгүй болсон. Энэ хэргийн улмаас төр, иргэн, бас би бүгд хохирсон байгаа. Иргэдэд өгөх 10 тэрбум төгрөгийг энэ гурван тал нийлж, хамтарч барагдуулах ёстой. Битүүмжилсэн хөрөнгийг хууль бусаар үргэдүүлсэн этгээдүүдэд хариуцлага тооцож, идэж уусан хөрөнгийг нь гаргуулах хэрэгтэй. Ингэсэн тохиолдолд бид Төрөөс мөнгө нэхэхгүй. Миний хөрөнгийг буцаагаад өгчих” хэмээн ярив. Уг хэрэгтэй холбогдуулан 43 тэрбум 606.5 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн аж. Гэхдээ үүн дээр нэмэгдэх зээлдэгчийн авлагын 14 тэрбум төгрөг, 20 гаруй газар, таван лицензийг үнэлээгүй байдаг гэнэ.