Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр ёслолын үеэр улам ихэсч хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг DNN.mn

ХЭҮК-ын гишүүн Ж.Хунантай ярилцлаа.


-Хагас болон бүтэн өнчин хүүхдийн эрхийн асуудал манай улсад ямар байна вэ. ХЭҮК-ын илтгэлд энэ асуудал яаж тусгагдав?

-Дэлхийн аль ч улс хүүхдийн эрхийг нэгт гэж авч үздэг. Гэвч манай улсад хүүхдийн эрх маш ихээр зөрчигддөг. 2023 оны судалгаагаар асрамжийн газарт байгаа өнчин хүүхдүүд ямар шалтгаанаар өнчирсөн гэх асуудлыг авч үзэхэд 86 хувь нь эцэг эх нь нас барсан. 1.94 хувь нь эцэг эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хасуулсан.

Үлдсэн нь сураггүй алга болсон болон бусад шалтгаантай гэж гарсан. Монгол Улсын хэмжээнд 21 байгууллагын 30 асрамж халамжийн төвд 924 хүүхэд амьдарч байгаа гэсэн судалгаа өнгөрсөн онд гарсан. Асрамжийн газар хагас болон бүтэн өнчин хүүхдүүдийг авдаг байсан бол амьдралын шаардлагаар тэнд амьдарч байгаа гэр бүлтэй хүүхдүүд тал хувийг нь эзэлж байна.

-Гэр бүлтэй хэрнээ асрамжийн газарт очиж байгаа гэдгийг тодруулахгүй юу?

-Шууд хэлэхэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдээ үл хайхарсан, архины хамааралтай холбоотой. Үнэхээр асрамжид аваачихаас өөр арга үлдээгүй болсон болохоор л очиж байгаа.

Гэртээ байвал эрсдэлд орно, тогтмол хүчирхийллийн хохирогч болно. Хамгийн ойрын жишээ гэхэд, цэргийн баяраар аав ээж нь ахуйн хүрээнд архидан согтуурч хүүхдээ мартсанаас болж амь нас нь эрсдэлд орох шахсан. Тийм орчинд байлгаж хүүхдийн амь насыг эрсдэлд оруулах уу, асрамжийн газар аваачих уу гэдэг асуудал гарч ирдэг. Энэ юуг харуулж байна вэ гэхээр өнөөдөр манай улсад архидалт маш их байна. Тэр тусмаа баяр наадам болохоор улам ихэсч, хүүхдийн эрх ноцтой зөрчигддөг. Асрамжид байгаа хүүхдүүдийн тал хувь нь гэр бүлтэй байна гэдэг тэр хэмжээгээр хүүхдийн хүчирхийлэл их байна гэсэн үг.

-Тэгвэл халамжийн төвд байгаа хүүхдүүдэд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Та бүхэн хянаж шалгаж үзэв үү?

-Эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, өсөлт хөгжлийн хоцрогдлыг арилгах, асрамж халамжийн төв дэх эцэг, эхтэй хүүхдүүдийн тоо буурахгүй байх, хүүхэд бүрд сурах бичиг, дүрэмт хувцас хүрэлцээгүй, хандив тусламжаар аргацааж байгаа нь хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөх эрсдэлтэй гэж үздэг. Хүүхдүүд тодорхой хэмжээнд МСҮТ, Их, дээд сургуульд хамрагдаж байгаа хэдий ч төгсөж байгаа хүүхдийн тоо бага. Эргэн нэгтгэгдэх үйлчилгээний хангалтгүй гэх мэт асуудлууд их байдаг. Мөн сургуулийн орчинд нэмэлт мөнгөн хураамж, жишээлбэл ангийн фондны мөнгө, аялал зугаалга, ангиараа биеийн тамирын хувцсаар жигдрэх, хонхны баяр, тэмдэглэлт баяраар ангиараа нийлэх зэрэг арга хэмжээнд тухай бүр оролцох боломжгүйгээс ялгаварлан гадуурхагдах нөхцөлийг үүсгэдэг.

Асрамж халамжийн төвд ирж буй хүүхдүүдийн хувьд хүчирхийлэлд өртсөн, гэмт хэргийн хохирогч, шүүхээр шийтгүүлсэн, хууль зөрчсөн зэрэг асуудлаар ирсэн хэдий ч хүүхдэд зориулсан хөтөлбөр, төлөвлөгөө гаргадаггүй.

Тохирсон мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байгаа байдал хангалтгүй, зарим төвүүд сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээний ач холбогдлыг ойлгоогүй, сэтгэл зүйчгүй байх жишээтэй.

-Нийгмийн хамгаалал хүртэх эрхийн хэрэгжилт хэр байна вэ?

-Манай улсад мөнгөний тусламж авах эрхийн зөрчил түгээмэл гарсаар байгаа. Эцэг, эх нь тогтоогдоогүй, эсхүл нас барсан боловч нас барсны гэрчилгээ байхгүй.

Эцэг эх нь сураггүй алга болсон, эрх зүйн чадамжгүй, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, түүнчлэн эцэг тодорхойгүйн улмаас эхтэйгээ амьдарч байгаад эх нь нас барсан. Гэр бүл салсны улмаас асрамждаа авсан эцэг, эх нь нас барсан бүтэн өнчин хүүхдүүдэд онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж авч чадахгүй байна.

-Асрамжийн газарт байгаа хүүхдүүд дунд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цөөнгүй байдаг. Тэд насанд хүрээд гарахад төрөөс ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлдэг үү?

-Нэг удаагийн дэмжлэг гээд 1.2 сая төгрөг олгодог. Энэ нь мэдээж бас хангалттай хэмжээний биш. Наад захын халамжийг тооцоход насанд хүрчихсэн учир хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө өгөхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй бол халамж гээд дунджаар 325 мянган төгрөг өгнө. Ийм хэмжээний мөнгөөр амьдарна гэдэг боломжгүй зүйл. Нэг ёсондоо төр иргэдээ доромжилж байна. Өнгөрсөн онд гэхэд асрамжийн газарт хүнд хөнгөн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй 92 хүүхэд байна гэж тоологдсон. Үүнээс хүнд хэлбэрийн буюу байнгын асаргаа шаардлагатай 27 хүүхэд байна.

-Асрамжийн газрын хүртээмжийн талаар тодруулмаар байна?

-Улсын хэмжээнд хувийн болон улсын нийт 30 асрамжийн газар байдаг. Үүний дөрөв нь аймаг орон нутагт бий. Тодруулбал, Өмнөговь, Дорнод, Дархан-Уул, Орхон гэсэн аймагт байдаг. Аймаг болгонд нэг асрамжийн газар байх ёстой. Заавал өнчин гэлтгүй, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах байранд түр байлгаж байгаад дахиад нөгөө хүчирхийлэл рүү нь явуулчихдаг. Нэгэнт л хүүхдээ хүчирхийлдэг хүн гэнэт ухаараад хүүхдээ хайрлана гэж байхгүй шүү дээ. Энэ л тулгамдаж байгаа асуудлуудын нэг.

О.ХҮРЭЛЗАЯА

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *