Categories
мэдээ цаг-үе

Ж.Гүррагчаа: Хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна

1981 оны гуравдугаар сарын 22-нд анх удаа монгол хүн сансарт нисч байлаа. Тэгвэл тэр түүхэн өдрийн 35 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан МУИС-ийн байранд өчигдөр эрдэм шинжилгээний хурал болсон юм. Тус хуралд сансар судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн судлаачид болон Монгол, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Хөдөлмөрийн баатар, сансрын нисгэгч М.Ганзориг зэрэг олон хүндэт зочид ирсэн байлаа. Түүнчлэн Монгол Улсын зөвлөх инженер Ж.Ган-Очир, академич, доктор (Sc.D) профессор Д.Амарсайхан, астрофизикч, (PH.D) профессор Ч.Лхагважав зэрэг хэд хэдэн эрдэмтэн, судлаачид илтгэл тавьсан юм. Эдгээр илтгэлийг уг уузалтын хүрээнд авч хэлэлцээд шилдэг илтгэлийг тодруулж, ОХУ-ын Сансрын нисгэгчдийн холбооны дээд шагнал болох “Ю.А.Гагарин” медалийг гардуулав. Энэхүү шагналыг ШУА-ийн Одон орон геофизикийн хүрээлэнгийн одон орны салбарын эрдэмтэн Ш.Амаржаргал “Дэлхийг хэмжиж ажиглах сансрын геодезийн судалгааны дэвшил” илтгэлээрээ хүртсэн юм. Энэ үеэр сансрын нисгэгч Ж.Гүррагчаатай ярилцлаа.

-Юуны өмнө танд монгол хүн анх сансарт ниссэний 35 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Ойтой холбогдуулан хийж буй анхны арга хэмжээ энэхүү эрдэм шинжилгээний хурал болов уу?

-Баярлалаа. Сансрын хамтарсан нислэг болоод 35 жил өнгөрч байна. Сансрын хамтарсан нислэгийн 10, 15, 20, 25, 30 жилийн ойг өргөн хүрээтэй тэмдэглэж ирсэн. Төр засаг өнөөдрийн байдлаар 35 жилийн ойг урьдынх шиг хэмжээний тэмдэглэх чадваргүй байх шиг байна. Мөнгө төгрөг ч муутай, хүсэл сонирхол багатай ч юм уу ямар нэг байдлаар дэмжье тусалъя, ингэе, тэгье гэсэн юм алга. Гэхдээ эрдэм шинжилгээний байгууллагууд хамтраад сансарт ниссэн ойгоо тэмдэглэж байна. Олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Өнөөдөр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа. Манай ШУА-ийн хүрээлэнгүүд, МУИС хамтраад их өргөн сэдэвтэй, гэхдээ оносон хурал зохион байгууллаа.

-Хүн төрөлхтөн сансар судлалыг олон талаас нь судалж, туршилт хийж байна. Монгол Улс энэ салбарт ахиц дэвшилттэй ямар ажил хэрэгжүүлж байна вэ?

-Сансрыг сонирхох сонирхол буурах ёсгүй. Үргэлж өсч байх ёстой. Хүн төрөлхтөн сансрын аппарат хэрэгсэлгүйгээр, мэдээлэлгүйгээр нэг минут ч амьдарч чадахаа больсон цаг. Бидний хэрэглэж буй гар утас, телевиз гээд бүхий л аргаар сансраас мэдээлэл авч дамжуулдаг болсон. Энэ боломжийг бид алдалгүй зөв ашиглах ёстой. Энэ хөгжлөөс хоцрохгүй байх хэрэгтэй. Сансрын тухай бодлогыг явуулах хэрэгтэй. Гэтэл өнөөдөр Монгол Улсад сансар судлалын үндэсний зөвлөл гэдэг байгууллага ч алга. Энэ бол манай төр засаг дутуу харж байгаагийн шинж. Бидний зүгээс хэд хэдэн оронтой хамтран ажиллахаар туршлага солилцож, уулзалт хийж байгаа.

-ЗХУ-ын баатар, хөлгийн дарга В.А.Жанибековтой хэр холбоотой байна. Ер нь бусад сансрын нисгэгчидтэй хэр харилцаатай байдаг вэ?

-Оросын сансрын нисгэгч нартай холбоотой байгаа. Тэр тусмаа В.А.Жанибековтой холбоотой байдаг.

-Ойн хүрээнд өөр ямар ажил зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Энэ сарын 22-ны өдөр шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамтраад үзэсгэлэн гаргах гэж байна. Сансар, нисэх рүү чиглэсэн үзэсгэлэн. Сансрын хамтарсан нислэгт оролцсон төлөөллийн уулзалт гээд арга хэмжээ болно. Мөн Ю.А.Гагарины хөшөө босгож байгаа. Зургадугаар сарын 1-нд нээлтээ хийнэ. Энэ нээлтийн ажиллагаанд Зөвлөлтийн сансрын нисгэгчдийг урина. В.А.Жанибековоос эхлээд олон сайхан төлөөллийг урих болно.

-Монгол хүн анх удаа сансарт нисчихсэн. Үүний дараа сансарт нисэх хүсэл мөрөөдөлтэй маш олон хүн тантай холбогдсон биз?

-1980-аад оны хүүхдүүдийн ихэнх нь сансарт нисэх юмсан гэсэн мөрөөдөлтэй байсан нь үнэн. Орчин үеийн хүүхдүүд харин өөр бодолтой болсон байх. Сонголт ч өргөн болж. Нөгөө талаар нүд тайлна гэдэг шиг газар газрын хүмүүстэй явж, уулзсан учраас арай өөр сэтгэхүйтэй байна. Тэр үе шиг бүх нийтээрээ сансарт ниснэ гэсэн юм бол одоо байхгүй байх.

-Та сансарт нисэхийн тулд маш нарийн хөтөлбөр боловсруулах хэрэгтэй гэсэн. Тухайн үед та ямар хөтөлбөр боловсруулж байв. Та сансарт нисээд зогсохгүй эх орондоо хэрэгтэй маш олон туршилтыг хийсэн байдаг?

– Сансарт нисэхийн ач холбогдол бол сансрын тойрог замд эрдэм шинжилгээний том ажил явуулах. Хөтөлбөр бэлэн болгох ёстой. Хөтөлбөр бэлэн болсон цагт хүн нисгэж болно шүү дээ.

Монголчуудын хэлдэг сайхан үг бий. Мянга сонсохоор нэг үз гэж. Үүнтэй адил өөрийн гараараа хийсэн сорилт туршилт гэдэг бол хамгийн их үр дүнгээ өгдөг. Тоног төхөөрөмж, сансрын аппаратаар хийдэг туршилт нь маш олон байдаг. Тийм болохоор судалгаануудыг саран дээр ч хийдэг, бусад гаригуудад ч хийсээр байна. Гэхдээ хүн төрөлхтөн өөрийн биеэр хүрэлцэн очиж гараараа хийсэн судалгаа маш их үр өгөөжөө өгдөг. Тийм учраас монголчууд ч гэсэн монгол хүнийг сансарт нисгэж, дахин судалгаа явуулах зорилтыг тавих хэрэгтэй. Төр засгийг ч үүнд анхаарал хандуулах байх гэж бодож байна. Сансарт нисэх дараагийн хүний талаар бид үргэлж бие биедээ санал тавьж байдаг. Одоогоос 35 жилийн өмнө сансрын хамтарсан нислэгийн үед бид гуч гаруй нэр төрлийн судалгааны ажил явуулсан. Ерөнхийд нь гурван чиглэлд хуваан ойлгож болно. Эмнэлэг биологийн, байгаль орчны, технологийн гэсэн ийм гурван чиглэлээр бид судалгаа явуулсан юм. Сансрын нисгэгчид сансрын аппарат хэрэгсэл дээр сууж сансрын хөлгийг жолоодож яваа ч гэсэн сансрын нисгэгч бол өөрөө туршилтын туулай байдаг. Тийм учраас сансрын нисгэгчдийн бие дээр өчнөөн олон туршилт хийдэг. Монгол хүний хувьд ч, үндэстний онцлогийг гаргахын тулд өөр дээрээ судалгаа хийх шаардлага гарч байсан. Монгол хүний идэж хэрэглэдэг хоол хүнс, амьсгалдаг агаар, уух ус, амьдардаг орчин бол нэлээн өвөрмөц. Европын орнуудтай харьцуулбал малын гаралтай түүхий эдүүдийг өргөн хэрэглэдэг. Сүү, цагаан идээг их хэмжээгээр хэрэглэдэг. Энэ бүхэн чинь нэг талаараа бэлтгэл байдаг юм байна. Морь унаад давхисан хүн тэнцвэрийн хувьд бусад улс орнуудын суурин ард түмнийхээс илүү сайн байх жишээтэй. Монголчуудын идэж хэрэглэдэг хүнс, сүү цагаан идээ бол хүний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэг. Үүнтэй холбоотой олон судалгаа хийсэн. Цусны эргэлтийн талаар судалгаа явуулсан. Гэх мэтчилэн харах, баримжаалах энэ бүх юм сансрын тойрог зам жингүйдлийн орчин нөхцөлд яаж өөрчлөгдөх гэдэг нь бас сонин. Тийм учраас ийм чиглэлийн эмнэлэг биологийн судалгаануудыг хийсэн.

-Байгалийн чиглэлийн судалгааг тодруулахгүй юу?

-Хоёрдугаар чиглэлийн судалгаа бол байгаль судлалын чиглэлийнх. Энэ чиглэлээр бид ихээхэн хэмжээний зураг хөргийг авсан. Монгол орон бол сансрын хөлгийн нислэгийн маршрут дагуу байдаг. Монгол өөрөө их нарлаг орон. Үүл, сүүдэр багатай. Өөрөөр хэлбэл газрын гадаргууг халхлах саад бага. Энэ утгаараа эх орныхоо газрын зургийг сансраас нэлээд авсан. Бид хамтарсан нислэгийн зургаан бүс тусгай аппаратаар Монгол орныхоо газар нутгийг бүрэн хамарсан зураг авсан. Сансрын нислэгийн хоёр жилийн дараа энэ бүхнээрээ сэдэвчилсэн карт хийсэн юм. Тэр картыг төрөл бүрээр ашиглаж болно. Карт гэдэг нь зөвхөн зам харгуй, уул ус тэмдэглэсэн карт биш. Олон бүсчлэлийн аппаратаар авсан учраас түүндээ боловсруулалт хийж газар доорх зүйлүүдийг хүртэл тодорхойлох хүчин чадалтай, ямар нэгэн хэмжээгээр манай мэргэжлийн байгууллагууд ашиглаж байна. Жирийн аппаратаар авах зурагнууд ч байдаг. Үүнд газрын гадаргуу дээр байгаа бүтцүүд, уул усны тогтолцоо, цагариган бүтцүүд, Монгол орны нутаг дэвсгэр дээр оршиж буй томоохон хагарлуудыг олж цэгийг тогтооно гэдэг бол их чухал. Тэр цэгүүд дээр ямар нэг байдлаар ашигт малтмал, орд газар байх нь элбэг тохиолддог. Тийм учраас энэ цэгүүдийг олж илрүүлэхэд илүү анхаарал тавьдаг. Технологийн “Эрдэнэт” гэж туршилтууд хийсэн. Жингүйдлийн орчин нөхцөлд кристалл үүсэх процессыг ажиглах явдал юм. Жингүйдлийн нөхцөлд үүссэн кристаллууд хамгийн цэвэр кристалл байдаг. Түүнийг гаргаж авах зорилгоор “Эрдэнэт” гэдэг туршилтыг хийсэн байдаг. Харин технологийн туршилтууд болох “Алтай- 1”, “Алтай-2” гэх туршилтыг хийсэн. Энэ бол хоёр өөр хувийн жинтэй металлууд юм. Хайлуулаад дараа нь нэгдсэн хайлш болгохдоо хамгийн гол нь жигд хайлш болж чаддаг. Газар дээр хийхэд хүнд жинтэй нь дээр ороод хөнгөн жинтэй нь доор ордог. Хайлах процесс өөрөө ганцхан секундэд явагддаг. Тийм болохоор газрын татах хүч ямар нэг хэмжээгээр нөлөөлдөг. Ийм учраас жингүйдэл гаргаж авахад хамгийн цэвэр хайлш гардаг. Ийм замаар гаргаж авсан кристаллууд эмнэхүйн шинжлэх ухаанд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

-Монгол Улс дараагийн хүнээ сансарт нисэх гарцыг хаанаас хайх вэ?

-Хүнээ нисгэхийн тулд эхлээд хөтөлбөрөө хийх хэрэгтэй. Ямар туршилтаас ямархуу үр дүнг хүлээж байна вэ гэдэг нь хамгийн чухал болохоос нэг хүн сансар руу яваад ирэх нь чухал биш юм. Тийм учраас ирээдүйд бид боловсон хүчин бэлтгэхдээ шинжлэх ухааны хөтөлбөрөө бэлэн болгосон байх ёстой. Үүнд судлаачид, шинжлэх ухааны байгууллагууд, мэргэжилтнүүд гол үүрэгтэй. Хамтарсан нислэгийн гол чухал зүйл нь мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллах. Сансрын хамтарсан нислэгийг Зөвлөлтийн эрдэмтэдтэй хамтарч хийсэн туршлага бидэнд байна. Ийм зүйлээс ийм үр дүнг хүлээх ёстой гэх мэтчилэн туршлага монголчуудад байна. Нэг үгээр хэлэхэд төрийн бодлого үгүйлэгдэж байна.

-Мэдээж эрдэмтэд байж болох боломжуудыг эрдэм шинжилгээний хурлаар гаргах байх. Харин нэн түрүүнд хийх бидний алхам юу вэ?

-Төрийн бодлого бий болгохын тулд үндэсний зөвлөлтэй болох хэрэгтэй. Монгол Улсын сансрын бодлогыг гаргах хэрэгтэй. 2020 он гэхэд бид ийм зүйл хийсэн байх болно, 2030 он гэхэд үүний үр шимийг мэдэрчихсэн байх болно гэх мэтчилэн системчилсэн төлөвлөгөө бидэнд хэрэгтэй байна. Сансар судлалын талаар төрөөс барих бодлоготой байх хэрэгтэй. Бид заавал сансрын том агентлаг бий болгоод олон хүнд ажлын хүнд ачаа өгөөд байх шаардлагагүй. Гэхдээ үндэсний зөвлөл байгуулаад Ерөнхий сайд юм уу Шадар сайдаар ахлуулаад ажиллахад өнөөдөр бидэнд боломж бүрэн бий.

-Манай улс хиймэл дагуултай болох боломж бий юу?

-Хиймэл дагуул барих талаар яриад нэлээд удаж байна. Монгол Улсад холбооны төдийгүй дэлхийн зайнаас тандан судлах хиймэл дагуул хэрэгтэй. Байгаль орчин судалгааны хиймэл дагуул хэрэгтэй. Хиймэл дагуулын хэрэгцээ шаардлага манайд бүрэн хэмжээгээр бий болчихсон. Өнөөдрийн сансрын төхөөрөмжийг ашиглах байгууллага бүрэн холбооны хиймэл дагуултай байхад бид өөрсдөө ашиглах боломжтой байгаа юм. Энэ салбарт ажиллаж байгаа байгууллагууд бүгд гадны хиймэл дагуулыг ашиглаж төлбөр, түрээсийг нь өгч байна. Хиймэл дагуул бүтээхэд мэдээж өндөр зардал шаардагдана. Ганцхан удаа ийм зардал гаргаад хиймэл дагуултай болчихвол түрээсийн асар их төлбөрөөс ангижирна. Хиймэл дагуулыг харж, ажиллуулж байх, удирдах мэргэжилтэн хэрэгтэй болно. Мэргэжлийн хүмүүстэй болно, энэ нь улс орны хувьд том алхам, амжилт болж байгаа юм. Ийм алхмууд руу урагшилж байгаа гэдэгт би итгэж байгаа. Хиймэл дагуулыг хийхийн тулд гадаадын сансрын технологи өндөр хөгжсөн улс орнуудтай хамтрах ёстой. Сансар судлалын ажил нь нэг улсаас хамаарахгүй. Олон улсаас хамаардаг хамтын ажиллагааг холбож өгдөг гэж хэлж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *