Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Гантулга: Компьютер тоглоом, гар утасны хэрэглээний талаар тусламж үйлчилгээ үзүүлдэг нөхөн сэргээх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсч байна DNN.mn


СЭМҮТийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, сэтгэцийн эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ямар донтох эмгэг давамгайлж байна вэ?

-Үүнийг зөвхөн манай эмнэлгээр үйлчлүүлэгсдээр тооцоход хязгаарлагдмал. Учир нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 ортой хүүхдийн тасаг ажиллаж байгаа. Тасагт хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бүх чиглэлээр хандаж, үйлчилгээ авдаг. Бидний амьдралын хэв маяг их өөрчлөгдөж ухаалаг утасгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү болж байна. Ялангуяа цар тахалтай хоёр жил дэлхий даяар амьдралын хэв маяг өөрчлөгдөж цахим хэрэглээ рүү эргэлт буцалтгүй шилжлээ. Цахим хэрэглээний сөрөг үр дагавар хамгийн наад зах нь хүүхдүүдийн анхаарал төвлөрүүлэх, ойлгох чадвар сулрах, гар утсанд донтох эмгэгээр илэрч байна. Яг үүн рүү чиглэсэн судалгаа одоогоор хийгдээгүй ч хүн бүрд тулгамдаж байгаа асуудал бол хүүхдийн болон өөрийн дэлгэцийн хэрэглээ.

-Хүүхдүүд гар утаснаас өөр ямар төрлийн донтох эмгэгт өртөж байна вэ?

-Хүүхдийн зан үйлийн хүрээнд хамгийн түгээмэл донтолт бол гар утас, компьютер тоглоом. Учир нь хүүхэд, өсвөр насныхны дунд мансууруулах бодисын хэрэглээ харьцангуй бага. Хүүхэд хамгааллын чиглэлээр хэд хэдэн хууль яригдаж байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, сургуулийн нийгмийн ажилчдын хүүхдэд хандуулах анхаарал өмнөх үеэсээ нэмэгдсэн. Энэ утгаараа ноцтой тохиолдлууд харьцангуй цөөрсөн. Мэргэжлийн хүний хувьд дэлгэцийн хэрэглээ хэдий их байна, төдий чинээ тархи ядарна. Ингэснээр сурах үйл явц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хүүхдүүд өөрийн гэсэн үздэг юм, тоглодог тоглоом, онлайн найзууд хүрээлэлтэй болоод эргэн тойронд юу болж байгаагаас тасарчихдаг. Цаашилбал, цахим орчноос хүүхдүүд рүү ирж байгаа эрсдэл нэмэгдэж байна. Чухал мэдээллээ алдаад дарамтад орох, сэтгэл санаагаар унах, айдас, түгшүүрт автах зэрэг олон асуудалд өртөх сөрөг үр дагаварууд илт нэмэгдэж байгаад хамгийн их санаа зовж байна.

Саяхан ЕБС-д сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тандах зорилгоор туршилтаар ажиллалаа. Фокус бүлгийн ярилцлага хийхэд өдөрт хамгийн багадаа 3 ба 4-өөс дээш 10 орчим цагийг хүүхдүүд ухаалаг утас үзэж өнгөрүүлж байна. Тиймээс багш, эцэг эх, хүүхдүүдээс олон улсын сэтгэл хөдлөл, зан үйлийг илрүүлэх асуумжийг хийж байгаа. Энэ нь бүх хүүхдийг хангалттай төлөөлөх олон хүүхэд биш л дээ. Гэхдээ нэг ангиас гурван сурагч гээд нийт 15 хүүхэдтэй ажиллахад дэлгэцийн хэрэглээний тулгамдсан асуудалгүй хүүхэд байсангүй. Энэ хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдэг зөвлөмжийг энэ судалгаанд үндэслэн гаргана. Бусад сургууль руу чиглэсэн арга хэмжээнүүд явагдана.

-СЭМҮТ-д хэд орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Цахим тоглоомонд донтож 2017 онд 7-19 насны 99 хүүхэд, 2018 онд 57, 2019 онд 52, 2020 онд 16, 2021 онд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлсэн гэсэн статистик байна. 2020 оноос хойш буурсан нь цар тахлын хөл хориотой холбоотой. Манай эмнэлэгт хандаж, ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 гэж зөвлөгөө өгдөг утас байдаг. Энэ утсаар холбогдож зөвлөгөө авдаг эцэг эхчүүд олширсоор байна. Бид сардаа нэг удаа ээлжилж тусгай дугаар дээрх утсаар зөвлөгөө өгч жижүүрлэж хонодог. Сүүлчийн жижүүр хийж хонодог өдөр хамгийн сүүлд холбогдсон дуудлагыг сайн санаж байна. Орой унтах үед орж ирсэн дуудлага “Манай хүүхэд унтах цаг боллоо гэхэд утсаа үзэхээ болихгүй уурлаад байхаар нь WiFi төхөөрөмжөө унтраатал орилоод хана руу утсаа шидчихлээ. Орилж хашхираад уурлаад бөөн юм болж байна, одоо яах вэ” гэсэн ээж холбогдсон. Энэ бол тэр хүүхэд үнэхээр дэлгэцийн хамааралтай болчихсон, шаардлагыг хүлээж авахгүй түрэмгий авир гаргаж байгаа буюу эсэргүүцэн тэмцэж байна. Энэ бол хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдалд хүрсэн тохиолдол. Энэ мэтчилэн хандаж байгаа тохиолдол олон ч ирж хэвтэн эмчлүүлж байгаа нь хэд вэ гэдэг эргэлзээтэй, цөөхөн ч ортой. Цаашид компьютер тоглоом, гар утасны хэрэглээний талаар тусламж үйлчилгээ үзүүлдэг нөхөн сэргээх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тэнд олон хүүхэд хүлээн авч дэлгэцийн хэрэглээ хориотой хүүхдүүдийн утасгүй амьдралын хэв маягт зориулсан нөхөн сэргээх төв хэрэгтэй. Энэ бол эмнэлэг гэхээс илүү тулгамдсан асуудалтай хүүхдүүд байгаа юм. Гар утас руу анхаарлаа төвлөрүүлчихээр гадна орчинд юу болж байгааг анзаардаггүй.

-Цар тахлаас хойш хандах хүүхдүүдийн тоо хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Цар тахлын хөл хориотой хоёр жилийн хугацаанд нэмэгдсэн дэлгэцийн хэрэглээний үр дагавар одоо гарч байх шиг?

-Цар тахлаас өмнө сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хүүхдүүд хандахад эмнэлэгт ирж цаг аваад 2-3 хүүхдийн дараа ороод үзүүлчихдэг байсан. Одоо утсаар цаг авахад наанадаж 14-21 хоногийн дараа үзлэгийн цаг авдаг болсон. Энэ нь аутизм, сэтгэл зүй, гар утас, компьютер гэх мэт хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлын тоо нэмэгдэж байгаагийн шинж. Цар тахлын хоёр жил хөл хориотой хүссэн хүсээгүй эмчлүүлэгчдийн тоо цөөрсөн. Ковидоос өмнө 30 ортой хүүхдийн тасаг байсан, одоо 15 болсон. Үлдсэн 15 оронд ковидын дараах сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай насанд хүрэгчдийн тасаг ажилладаг болсон. Одоо манай СЭМҮТ-д сэтгэцийн эмгэгийн сэргээн засах төв баригдах ажил яригдаж байгаа. Үүний нэг хэсэг бол хүүхдүүдэд зориулсан ажил хэрэгжиж эхэлж байна. Компьютер, дэлгэцийн тоглоомын асуудалтай хүүхдүүдэд зориулсан хэсэг бий болно.

-Эцэг эхчүүд хүүхдээ гар утсанд донтох эмгэггүй байгааг хэрхэн мэдэх вэ?

-Хүүхэд унтах цагтаа унтаж, хичээлээ хийх цагтаа хийж, аав, ээждээ туслах цагтаа тусалж, гар утсаараа тоглох цагтаа тоглож байвал эрүүл. Гэрт гар утаснаас өөр тоглоом байх ёстой. Бүх тоглоомын бага хувийг гар утасны тоглоом эзлэх ёстой. Олон зуун хүүхэд донтох эмгэгтэй болсны дараа тэдэнтэй ажиллах хэцүү. Хэвийн байдалд оруулахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тулгамдсан асуудал байгаа үед нь зөв менежмэнт, арга хэмжээг зохион байгуулж чадвал хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг зохистой түвшинд нь барих боломжтой. Тиймээс сургуулиудаар дамжуулж үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

-Сүүлийн жилүүдээс ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллах болсон…

-Тийм ээ, сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Сэтгэл зүйч бол тулгамдсан асуудалтай хүүхдүүдтэй ажиллах хүн. Тиймээс бид ЕБС-иудад ямар үйл ажиллагаа явуулах нь зөв бэ гэдэг дээр ажиллаж байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ дэлгэцийн хамааралтай болж байгааг анзаарсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Гэр бүлийн орчинд утасгүй, цахим орчингүй цагтай болох хэрэгтэй. Хэцүү байж болох ч таны гэр бүлдээ зарцуулж байгаа чанартай 30 минутын хугацаа олон арван хүүхдийг цахим донтолтоос сэргийлж чадна. Дэлгэцийн хэрэглээ бол ганцхан хүүхэд биш эцэг эхчүүдтэй ч холбоотой асуудал. Жишээлбэл, орой 30 минутыг утасгүй, телевизгүй гэр бүлээрээ тойрч суугаад тоглоом тоглох, ярилцах. Ингэснээр хүүхдүүд “Аав, ээжтэйгээ тоглох, ярилцах ямар гоё байдаг юм бэ. Аав, ээж маань миний найз шиг надтай тоглох үнэхээр сайхан юм байна” гэдгийг мэддэг болно. Өөрөө фэйсбүүк үзэж байж хүүхдээ боль, чи болохгүй гэдэг бол шударга бус. Хүүхдэдээ тавьдаг шаардлагыг өөртөө тавьж гэр бүлээрээ, хамт олноороо ухаалаг утасгүй цаг гаргаж хэвших хэрэгтэй. Хэрэв ухаалаг утасгүй, цаг гаргах гэтэл хүүхдүүд нь уурлах, дургүйцвэл мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай. Миний хувьд хүүхэд бүр донтсон, асуудалтай болсон байгаа гэж бодохгүй байна. Мэдээж тулгамдсан асуудал болчихсон. Хэтрээгүй, тулгамдсан асуудал байгаа үед нь л энэ энгийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

-Ер нь дэлгэцийн хэрэглээ хэдэн цагаас хэтэрвэл анхаарах шаардлагатай вэ?

-“Screen time” буюу утасны цагаар шууд үнэлгээ хийхэд хэцүү л дээ. Сошиалд юмуу тоглоомонд зарцуулж байгаа үр ашиггүй цаг тань хоёроос хэтэрвэл анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, би сурагч, хичээлээ дөрвөн цаг хийх ёстой байхад хоёр цагийг нь үр ашиггүй сошиалд өнгөрүүлж байвал анхаарах, өөртөө шаардлага тавих хэрэгтэй болж байна. Би хичээлээ хийх ёстой гэдгээ мэдсээр байж тавхан минут утсаа үзчихье гэчээд 30 минут үзэж байвал асуудал үүсч байгаагийн шинж. Харин компьютер тоглоомонд донтох эмгэгийг олон улсад DSM-5 оношилгооны есөн шалгуур шинжийг тодорхойлсон байдаг.

-Ямар шинжүүд илэрвэл компьютер тоглоомонд донтсон гэж үздэг юм бэ?

-Дараах есөн шинжээс сүүлийн 12 сарын хугацаанд таваас дээш шинж илэрч байвал компьютер тоглоомонд донтох эмгэгтэй гэж үзнэ. Үүний нэгдүгээрт, интернэт ашиглаагүй үедээ ч интернэт тоглоомын талаар бодолд автах. Хоёрдугаарт, интернэт тоглоом тоглохыг хоригловол уурлаж цухалдах, айж түгших, санаа зовних, сэтгэлээр унах. Гуравдугаарт, интернэт тоглоом тоглох хугацаа улам уртсах. Дөрөвдүгээрт, интернэт тоглоом тоглохоо багасгах эсвэл болих оролдлого хийж байсан. Тавдугаарт, интернэт тоглоомоос бусад зүйлд сонирхол буурах. Зургадугаарт, интернэт тоглоом тоглох олон сөрөг үр дагавартайг мэдсээр байж удаан хугацаагаар тоглосоор байх. Долдугаарт, интернэт тоглоом тоглодгоо гэр бүл, найз нөхөд, эмч, багш бусад хүнээс нууж, цагаа багасгаж хэлэх. Наймдугаарт, сэтгэл санааны таагүй байдлаасаа гарахын тулд тоглоом тоглож асуудлыг түр зуур аргацаах. Есдүгээрт, интернэт тоглоомоос болж хичээлээ таслах, сурлагын амжилт буурах болон гэр бүл, найз нөхдийн харилцаанд асуудал үүснэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *