Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Нүүрс, Оюу толгойн зэсийн гарц, алтны агууламж нэмэгдэнэ гэдэг тооцоолол эргэлзээтэй DNN.mn

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-ОУВС 2024 оны эцэст дэлхийн улс орнуудын Засгийн газрын өр 100 их наяд ам.доллар болно гэж мэдэгдлээ. Ялангуяа бидний урд хөрш БНХАУ-ын өр нэмэгдсэний нөлөө бусад улсуудад зээлийн өндөр өртөг, гадаад өрийн эрсдэл болж ирэхийг анхааруулж байна. Энэ нь Монгол Улсад тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу?

-Дэлхийн эдийн засаг гэдэг нь 100 гаруй триллион долларын асуудал юм. Дэлхийн нийт эдийн засгийн хэмжээ жилд дунджаар гурван хувь орчим өсдөг. Энэ нь 2000 оноос хойших байдлаар. Цар тахлын дараахь өндөр өсөлтийг эс тооцвол гурваас дээш хувиар өсөөд байгааг бид гайгүй байна гэж ойлгож болох юм. Дэлхийн банк, ОУВС зэрэг байгууллагууд өсөлтийг 2024 онд 2.6-3.2, 2025 онд 2.7-3.3 хувьтай байна гэж төсөөлж байх шиг байна. Сүүлийн 20 гаруй жил дэлхийн эдийн засгийн өсөлтөд томоохон жин дарж байсан, манай өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өндөр өсөлтийн цикль дуусчихсан. Гуравдугаар улирлын мэдээгээр, БНХАУ-ын эдийн засаг 4.6 хувийн өсөлттэй гарсан. Төлөвлөж буй таван хувиар өсөх боломж нь эргэлзээтэй байна. Цар тахлын дараа дэлхийн эдийн засагт сэргэлт явагдаж байгаа ч томоохон эрсдэлүүд бийг олон талаас дурдаж байна. Иймд Дэлхийн банкнаас дэлхийн эдийн засгийн өсөлтийг нэлээн доогуур таамаглаж байх шиг. Энэ нь эдийн засаг дахь нэгдүгээр эрсдэл болох дайн байлдаан, геополитиктэй холбоотой. Хоёрдугаарт, дэлхийн эдийн засаг хэдийгээр цар тахлын дараахь байдлаар сэргэж байгаа боловч инфляци зорилтот түвшинд хүрээгүй, мөнгөний бодлого хэрхэх, хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалсан эрсдэл байсаар байна гэж талууд үзэж байна. Тийм учраас энэхүү эдийн засаг, геополитикийн асуудлаас хамаарсан эрсдэлийг бид тооцох шаардлагатай.

-Шинжээчид 2024 оны гуравдугаар улиралд инфляци 6.1 хувь, эдийн засгийн өсөлт 5.9 хувьтай байна гэж төсөөлсөн. Монгол Улсын эдийн засаг энэ оны эцэст, 2025 онд ямар байх төлөвтэй байна вэ?

-2023 оны байдлаар манай эдийн засаг үнэхээр сайн үзүүлэлттэй гарсан.

Эдийн засгийн өсөлт 7.4 хувь, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл, төсвийн тэнцэл зэрэг үндсэн тэнцлүүд эерэг үзүүлэлттэй байсан нь үүний нотолгоо юм. 2024 оны нөхцөл байдал ч гайгүй байх боломжтой харагдаж байна. Ямартай ч эдийн засгийн өсөлт тав гаруй хувьтай гарах боломжтой болов уу. Учир нь, өнөөдөр бидний эдийн засгийн өсөлтийг тодорхойлж буй нэг л хүчин зүйл бий. Энэ бол нүүрсний экспорт. Есдүгээр сарын гүйцэтгэлээр бид 60 орчим сая тонн нүүрс гаргаж, 6.6 орчим их наяд төгрөгийн орлого олсон. Нүүрсний экспортын хэмжээ гайгүй байгаа боловч үнэ дээр ирж байгаа дарамт, экспортын байдал, гадаад худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл дээр өмнөх оноо бодвол харьцангуй эерэг нөхцөл байдалтай байж чадахгүй нь ээ гэж төсөөлөхөд хүргэж байна. Энэ нь өнөөгийн эдийн засгаа яривал, Монгол Улсын эдийн засаг харьцангуй эерэг байна. Рейтингийн байгууллагууд ч бидний зээлдэх зэрэглэлийг өсгөлөө. Гэхдээ энэ нь өнөөгийн нөхцөл байдал гэдгийг бид сайн анхаарч, 2023 оны нөхцөл байдал хадгалагдах боломж багасч байна гэдгийг анхаарах шаардлагатай. Одоо төл бөрийн тэнцэл дээр бага зэргийн дарамтууд ирж, урсгал дансны алдагдал өсөх, гадаад худалдааны тэнцлийн ашиг буурах, инцфляци буцаж өсөх зэрэг анхаарах зүйлс ажиглагд саар байна. Иймд бид 2024 оны төгсгөлд яах вэ гэхээсээ илүү 2025 оны талаар илүү анхаарах шаардлагатай.

-Та энэ талаар жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

-Бид эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр сайн сайхан байна гэдэг төсөөлөл дээр аливаа асуудалд хандах гээд байдаг. Ялангуяа Монгол Улсын төсөв, хөгжлийн төлөвлөгөөнүүд дээр бид өөдрөг нөхцөл байдлыг дагаад хэт өөдрөг хандах гээд байгаагаа харах ёстой. Ирээдүйгээ тооцох ёстой. Дэлхийн худалдааны томоохон байгууллагууд Монгол Улсад нүүрсэн дээр том эрсдэл байна, геополитикийн эрсдэл байна гэж ярьж байна. Иймд бид өөрсдөөс хамаарах зүйлсийг хамгийн сайнаар хийхийг хичээх нь чухал. Үүний тулд бид дотроо бодлогын хувьд маш зөв байх ёстой. Энэ бидний гол эрсдэл болдог. Бид бодлогын хувьд алдаа гаргаж, эдийн засгийн эрсдэлээс шалтгаалах сөрөг нөлөөг нэмэгдүүлэх хандлагатай байдал өмнө нь байсаар ч ирсэн.

-Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл дээр эдийн засгийн өсөлтийг найман хувьтай байна гэж тооцоолсон. Зарим эдийн засагчид хэт өндөр төсөөлөл гэж дүгнэж байна. Ер нь төсвийн төсөлд энэ мэтээс эхлээд онцгой анхаарах зүйл олон байна уу?

-2025 оны төсвийн төсөлд анхаарах нэлээн олон зүйл бий. Эерэг талаас нь харвал, хамтарсан Засгийн газар бий болсон. “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх гэрээ байгуулсан. Монгол Улсын үсрэнгүй хөгжлийг ойрын хугацаанд бий болгох зорилгоор томоохон бүтээн байгуулалт, мега төслүүдийг санаачилж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн амьдралыг сайжруулах, хувийн хэвшлээ дэмжих эдийн засгийн гол суурийг бий болгох гээд бодлого үзэл баримтлалын хувьд нэг их буруутгаад байхааргүй байна. Учир нь өнөөдрийг хүртэл Монгол Улсын явж ирсэн түүхийг харвал бид ер нь тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг бий болгож, иргэдийнхээ аж амьдралыг сайжруулж чадаагүй гэдэгтэй хүн болгон санал нийлэх байх. Энэ агуулгаараа төсвийн бодлого үзэл баримтлалын хувьд харьцангуй зөв, Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцэж байна гэж би бодож байна. Гэхдээ бид түрүүний хэлсэн алдааг давтах гээд байна уу гэсэн бодол байгаа юм. Төсөв дээр бидний дараагийн анхаарах зүйл бол хэт тэлэлт, хэт зардал нь ирээдүйд эрсдэл бий болгож болзошгүй гэсэн байдлаар хандах шаардлагатай. Нөгөө талаас бид төсвийн тогтолцоо, институцийг хэт эвдэж байгаа байдлаа анхаарч зогсоох шаардлагатай.

-Тогтолцоо, институци гэдгийг тодруулбал?

-Дэлхий нийт үүнийг их чухалчилж байгаа нь сая 2024 оны Нобелийн шагналыг эдийн засгийн салбарт хүртсэн бүтээлээс харж болно. Дэлхийн эдийн засаг буюу дэлхийн улс орнуудын хөгжил цэцэглэлт, уналт доройтлын шалтгааны тухай томоохон судалгаа, томоохон бүтээлүүд туурвисан тэдгээр эрдэмтдийг онцолж, Нобелийн шагнал өглөө л дөө. Энэ нь өнөөдрийн Монгол Улсын эдийн засгийн хямрал гэж яриад байгаа, эсвэл бидэнд байгаа сайн сайхан, муу муухай зүйлийн үндсэн шалтгаан нь бидний өөрсдөөс шалтгаалж байна, тогтолцооноос шалтгаалж байна гэдэг асуудал. Тийм учраас төсөв дээр бид энэ тогтолцоогоо харах ёстой. Бид тогтолцоогоо маш хүчтэй эвдэж байна. Наймдугаар сард төсвийн тодотголын хүрээнд бид төсвийн гол тусгай шаардлагуудыг өөрчиллөө. Түүнээс болоод төсөв хүчтэй тэлэх орон зай бий боллоо. Өмнө нь ч бид өрийн шалгуур, өрийн таазаа нэмсэн, маш “хүчтэйгээр” жил болгон өөрчилж, өөрчлөлтийг нь жил болгон ухрааж байсан төсвийн алдагдлынхаа дүрмийг ч баримтлахгүй байсан. Тэгэхээр хуулийг зөв батлах, хуулиа ягштал хэрэгжүүлэх, хуулинд байгаа үг, үсэг бүрийг өргөн барих, боловсруулахдаа, төсөв батлах, хэрэгжүүлэхдээ хэлбэрэлтгүй мөрдөж, хуулийн засаглалыг бий болгох асуудал л бидний хувьд хамгийн гол асуудал л даа. Бидний гол анхаарах зүйл бол энэ. Учир нь, өнөөдрийг хүртэл яагаад зөв, буруу яваад ирсэн бэ гэдгийн үндсэн хариулт нь бидний өнөөдрийн тогтолцоо, системийн гажуудалд орсон байна. Тийм учраас тогтолцоогоо улам сайжруулах ёстой. Ягштал мөрдөх ёстой. Энэ нь Монгол Улсын ирээдүй, Монгол Улсын хөгжил, төсөв ирээдүйд ямар байх вэ гэдгийг чиглүүлэх гол хүчин зүйл байх болно.

-Хятад улс 2030 он гэхэд нүүрстөрөгчийн ялгаруулалтыг дээд цэгт нь хүргэж зогсоох амлалт өгсөн. Мөн Хятадын ченжүүд нүүрс бараг авахгүй байгаа энэ үед ирэх жилийн “их найдлага” талаар болох вий гэсэн болгоомжлол бий. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Монгол Улсын эдийн засгийн өмнөх 30 жилийн хөгжлийн түүхийг харвал, 1995 оноос хойш эрдсийн бүтээгдэхүүнд тулгуурлаж ирсэн. Энэ нь зэс, нүүрсний гарц, үнэ ямар байхаас хамаараад үнэ нь гайгүй, экспорт нь харьцангуй өндөр байвал бид гайгүй байдаг. Унаад байвал төсвөө танадаг, алдагдал нь нэмэгддэг, нийгэм эдийн засгийн байдал доройтдог ийм л циклийн дагуу явж ирсэн. Бидэнд тогтвортой хөгжил гэж байгаагүй. Төсвийн бодлогын хувьд ч дээрх шалтгаанаар эдийн засаг сайн үед өөдрөг төсөөлдөг, хэт тэлдэг. Унахаар нь бүсээ чангалах, хэмнэх тухай ярьдаг. Энийг бид анхаарах ёстой. Цар тахлын үеийг эс тооцвол 2016, 2017 оноос хойш үргэлжилсэн эрдсийн салбарын таатай нөхцөл байдал удаан үргэлжлэх үү, үгүй юү гэдэг дээр бид нухацтай хандах ёстой. Энэ талаар сөрөг дохио, таатай бус мэдээлэл таамаглал нэлээд байна. БНХАУ-ын эдийн засаг, нүүрсний эрэлтийн талаар олон улсын байгууллага, тэр дундаа дэлхий нийтийн энергийн байгууллагуудын гаргаж буй тооцоолол, нүүрсний цаашдын хандлага эерэг бус байгааг анхаарах шаардлагатай.

-Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний өртөг ямар байна вэ?

-Нүүрс өнөөдрийн байдлаар дунджаар нэг тонн нь 110 орчим ам.доллараар гарч байх шиг байна. 2022 онтой харьцуулахад хэмжээ нь даруй хоёр дахин буурчихсан байна. Гэтэл үүний эсрэг талд энэ олон эрсдэл байхад бидний таамаглалаар эдийн засгийг найман хувиар өсгөнө, дээрээс нь төсвийн орлого их өндөр өсөх юм байна, түүнийгээ дагаад төсвийн зардал 35.7 их наяд төгрөг байх юм байна гээд, орлогын гол нь нүүрс, Оюу толгойн зэсийн гарц, алтны агууламж нэмэгдэнэ гэсэн ийм л тооцоолол хийчихээд сууж байна. Энэ нь бодит байдал дээр хэрэгжих үү, үгүй юү гэдэг бас эргэлзээтэй. Төсвийн төсөлд тусгагдсанаас өөр эдийн засгийн өсөлтийг найман хувь байна гэж үзэж буй гадаад, дотоодын байгууллага алга. Үүн дээр төсвийн орлогын бүтцийг анхаарах шаардлагатай. Татварын орлогын бүтцийг харвал, хоёр том эрсдэлтэй зүйл харагдаж байна. Монгол Улсын төсвийн орлого өнөөг хүртэл биелээд явсан уу гэвэл үнэн. Гэхдээ төсвийн орлогын төвлөрөл уул уурхайн салбараас л бий болж, нэг салбараас хэт хамаарсан байна. Дээрээс нь 2025 оноос эхлээд төсвийн зарлагынхаа өсөлтийг татварын орлогын өсөлт нь гүйцэж чадахгүй байх нөхцөлд хүрэхээр харагдаж буй өмнөх нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг илэрхийлж байна. Тэгэхээр бидний хувьд өнөөдөр бодлогын сонголт ямар байх вэ гэдэг ихээхэн чухал асуудал. Үнэхээр төсвийн орлого сайхан байгаа юм бол эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжих хувилбар бас бий. Энэ нь татварын таатай орчин бий болгож, цар тахлын дараахь сэргэлтийг улам дэмжих гэх мэт. Ингэснээр бид эдийн засгийн суурь баазаа тэлэх, хувийн хэвшлээ эдийн засгийн томоохон цохилтын дараа сэргээх боломж бий болгох боломжтой. Үүний тулд бид төсвөө тодорхой хэмжээгээр танаад, төсвөө алдагдалгүй батлаад, Засгийн газрын оруулж ирсэн төсөөллийн дагуу орлого нь үнэхээр нэмэгдсэн бол түүнээсээ хуримтлал бий болгож, томоохон бүтээн байгуулалтуудаа хуримтлалын орлогоосоо тодорхой хэмжээний хоцрог долтойгоор хэрэгжүүлэх ийм боломж эрэлхийлэх нь эрсдэл харьцангуй бага байх хувилбар юм. Харин одоо бидний сонгож буй хувилбар нь харьцангуй эрсдэлтэй талд байна гэж би хувьдаа бодож байна.

-Хамтарсан Засгийн газар “14 мега төсөл хэрэгжүүлэхэд 120 их наяд төгрөг шаардлагатай. Үүнээс 65 их наяд төгрөгийн санхүүжилтийг төр, хувийн хэвш лийн түншлэлээр шийднэ” гэж танилцуулсан ч үлдсэн 55 их наядын санхүүжилт “сох дутна”. Би дэнд үүнийг босгох ямар боломж байгаа бол?

-Ялангуяа үйлдвэр жилтийн талын, химийн, зэс хайлуулах, ураны, нефтийн бүтээгдэхүүн, хиймэл технологи гээд гол гол төслүүд Монгол Улсад хэрэгтэй. Арав гаруй жил ярьсан уул уурхайн салбарт нэмүү өртөг шингээсэн, нэмүү өртөг бий болгох томоохон гангийн үйлдвэр зэрэг төслүүд байна. Эдгээрийг хэрэгжүүлж чадвал үнэхээр сайн. Хэрэгжүүлж чадвал г эж тодотгож байгаа шалтгаан нь өнөөдөр Монгол Улсад нэгдүгээрт, таны хэлж байгаагаар санхүүгийн боломж байна уу. Хоёрдугаарт, засаглалын чадавх нь үүнийгээ дийлэх үү. Жишээлбэл, бид Дарханы замыг барих гээд, зургаан жил ноцолдлоо шүү дээ. Ялангуяа хэрэгжүүлэх түвшиндээ алдаа их гардаг. Авлига, хээл хахуулийн асуудал хөндөгддөг. УИХ-аас бодлогоо батлаад, түүндээ сайн хяналт тавих, Засгийн газар хэрэгжүүлэх боломжийг нь хангах асуудал ихээхэн чухал. Гэхдээ зарим төслүүдийн ТЭЗҮ, зураг төсөл зэргийг бэлдэж байгаа, санхүүжилт нь тодорхой бус төслүүд байгаад байгаа нь нэлээн эргэлзээтэй. Мэдээж явчих төсөл байгаа л байх. Хэрвээ энэ 14 мега төслийг үнэхээр хийж чадвал, ялангуяа тэдгээрээ зөв эрэмбэлж, үйлдвэрлэлийн шинж чанартай, уул уурхайн салбарт нэмүү өртөг бүтээх төслүүдийг нэн тэргүүнд хийж чадвал Монгол Улсын эдийн засгийн суурь тодорхой хэмжээгээр тэлэх нь ойлгомжтой. Хамгийн гол нь санхүүжилт, улс төрийн тогтвортой нөхцөл байдал, дээрээс нь хэрэгжүүлэх чадамж хэрэгтэй. Бидэнд иймэрхүү хэмжээний томоо хон мега төсөл хэрэгжүүлсэн туршлага байхгүй. Олон эрсдэлийг бодох хэрэгтэй. Давтан хэлэхэд, Монгол Улсад үсрэнгүй хөгжлийг бий болгох шаардлагатай эдийн засгийн зоримог бодлого хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй. Гэхдээ тэр бодлого нь нэгдүгээрт зөв үү, хоёрдугаарт тэр бодлогыг бид хэрэгжүүлж чадах уу, үгүй юү гэдэг дээр нэлээн том анхаарлын тэмдэг байгаа юм.

-2025 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар төсвийн төсөлд тусгасан. Ирэх оны төсвийг хэт тэлэлттэйгээр баталвал ямар сөрөг үр дагавар дагуулах вэ?

-Энэ төсөл, хөгжлийн төлөвлөгөөг тэр чигээр нь батлаад, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд тэр 120 их наяд төгрөг орчмын төслүүдийг хэрэгжүүлнэ гээд явбал хоёр асуудал тулгарна. Өнөөдөр эдийн засаг дээр хоёр тал болчихоод байна л даа. Би бол сөрөг буюу эрсдэлтэй гэж үзэж байгаа талд нь байна. Монгол Улсын эдийн засаг 2025 онд найман хувиар өснө гэдэгт үнэхээр эргэлзэж байна. Хэрвээ өсөхгүй бол яах вэ гэдэг асуудал. Уул уурхайн салбарт тодорхой хэмжээний сөрөг цохилт ирвэл яах вэ. Нүүрсний үнэ 100-гаас доошоо буучихвал яах вэ гээд их олон эрсдэл байна л даа. Хэрвээ эерэг талаас нь харвал, эдийн засаг найман хувиар өсөөд, нүүрсний экспорт дараа жил сая гаруй тонн байгаад, нүүрсний үнэ одоогийн түвшнээс ядаж буухгүй байвал бидэнд бас ч гэж 2025 оны төсвийг ямар ч байсан хүндрэл багатайгаар хэрэгжүүлчих боломж байх шиг байна. Хэрвээ эсрэг тохиолдолд төсвийн орлого буурна, алдагдал нэмэгдэнэ. Төсвийг тодотгох шаардлагатай болно. Гол бүтээн байгуулалтын төслүүд нь царцах ийм л нөхцөл байдал үүснэ. Хэрвээ үргэлжлээд, 2026 онд эдийн засгийн нөхцөл байдал таатай бус байвал бидний ярьсан томоохон төсөл, хөтөлбөрүүд цаасан дээр үлдэх нөхцөл бий л гэж хэлэх байна.

-Алтны үнэ 28 хувиар өсч, унци нь 2700 ам.доллар давсан. Шинжээчид 2025 онд унци нь 3000 ам.доллар давна гэж тооцоолж байна. Дэлхий нийт нүүрснээс татгалзах алхам хийж буй энэ үед алтны экспортыг дэмжих нь зүйтэй гэсэн байр суурийг зарим эдийн засагч илэрхийлж байна. Та санал нийлэх үү?

-Ойрын ирээдүйд нүүрсний экспорт бидний гол орлого байх нь тодорхой. Монгол Улс 2022 онд байна уу даа нэлээн өндөр алтны экспорт хийсэн байдаг. Сүүлийн жилд буурсан. Одоогоор Монголбанкны алт худалдан авалт тухайн үеэ гүйцэхгүй байх шиг байна. Тийм учраас бид алт гэдэг металл дээр гол бооцоогоо тавиад байх шаардлагагүй болов уу. Экспортын чиг баримжаатай алтны үйлдвэрлэлийн бодлогыг дэмжихээс илүүтэй алтыг нөөцлөх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх, Монгол Улсын Эрдэнэсийн санг баяжуулах тал руугаа алтны бодлогоо чиглүүлэх ёстой юм байна. Бид нүүрснээс илүү их хамааралтай байгаа нь үнэн боловч энэ хамаарлаа бууруулахын тулд түрүүний ярьсан мега төслүүдийн хүнд үйлдвэрлэлийн төслүүдийг зөв хэрэгжүүлэх, эдийн засгийн бусад сууриа тэтгэх асуудлыг л бодохгүй бол өнөөдрийг хүртэл хориод жил бид уул уурхайн салбараас илүү хүчтэй хамаарлаа л даа. Хамаарал нь улам ч нэмэгдсээр байна. Энэ хамаарлыг бууруулах чиглэлд Монгол Улс ажиллах нь илүү оновчтой. Экспортын орлого улсын нийт төсвийн бодлогын дийлэнх буюу 30 гаруй хувийг бүрдүүлээд байгаа байдлаас яаж салах вэ гэдэг асуудал руугаа Монгол Улсын төрийн бодлого илүү чиглэх ёстой.

-Татварын бодлогоо ч бас анхаарах ёстойг бизнес эрхлэгчид хэлдэг?

-Тийм ээ, татварын бодлогодоо анхаарч байж бид эндээс гарч, цаашдаа яаж тогтвортой хөгжил бий болгох вэ гэдэг асуудал ярих ёстой. Өнөөдрийг хүртэл Монгол Улсын эдийн засгийн таатай үе дандаа нүүрс, уул уурхайн талын гарцаас хамаарч байлаа шүү дээ. Тийм учраас бид эндээс гарах, дээрээс нь сүүлийн үеийн дэлхий нийтийн хандлага БНХАУ-ын эко гангийн үйлдвэрлэл явуулах уул уурхайн бодлогоос хамаараад, нүүрсний эрэлт ойрын тав арван жилдээ харьцангуй гайгүй байж болох боловч түүнээс цааш буурах нь илэрхий, тодорхой болчихоод байна. Иймд бид эрдсийн салбараас өнөөдөр орж байгаа орлогоороо бусад салбараа дэмжих, эдийн засгийн суурь дэд бүтцээ зөв бүтээн байгуулах, суурь дэд бүтцээрээ эрчим хүч, зам харгуйгаа сайн хангаж өгөх тал руу илүү бодож, хувийн хэвшлийг хөгжих боломжоор нь илүү хангах ёстой. 2025 оны төсвийн төсөл хувийн хэвшлийг дэмжинэ гэсэн үзэл баримтлалтай байгаа боловч төсвийн тэлэлт, төрийн оролцоо нэмэгдсээр байгаа нь хувийн хэвшил, мөнгөний бодлогын орон зайд сөргөөр нөлөөлөөд байгаа л даа

Д.Эрдэнэтуяа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *