Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-2023 оны төсвийг батлахаар УИХ-ын чуулганаар ид яригдаж байна. Ирэх жилийн төсөв ямар байгааг та анзаарч харсан байх. Ямархуу төсөв болох шинжтэй байх шиг байна вэ?
-Жил бүрийн энэ үед төсөв, мөнгөний бодлогыг УИХ-аар хэлэлцэж баталдаг. Эдгээр нь Монгол Улсын эдийн засаг, мөнгөний зах зээлийн томоохон бодлогууд болохын хувьд ач холбогдол өндөр. Төсвийн бодлогыг сар гаруйн хугацаанд хэлэлцээд батлах ёстой. Ингэснээр Монгол Улсын 2023 оны ирээдүйн дүр зураг ямар байх вэ гэдэг нь харьцангуй тодорхой харагддаг. Төсвийн хувьд ерөнхий дүр зургаараа хүмүүс хоёр байр суурьтай байх шиг байна. Нэг хэсэг нь төсөв муу боллоо. Алдагдлыг багасгах байсан гэсэн өндөр хүлээлттэй байсан агуулгаар шүүмжилж, нөгөө хэсэг нь төсөв сайжирсан ч хангалттай бус гэсэн байдлаар бага зэрэг чамлаж байх шиг байна. Би хувьдаа хоёр дахь хэсэгт багтаж байна. Төсөвт мэдээж сайн муу тал бий. Эерэг тал нь 2022 оноос эхлээд төсөвт харьцангуй бодлогын шинэчлэл хийх гэж оролдсон явдал. Энэ оны хувьд ч энэхүү бодлого үргэлжилж байна гэж ойлгож байна.Эдийн засгийн тэлэлтийг дэмжинэ, татварын бааз суурийг тэлнэ,эдийн засгийг тэлэхэд зориулагдсан суурь дэд бүтцийн төслүүдийг буюу эрчим хүч, тээвэр, зам харгуй зэргийг сайжруулна гэх зэрэг нь өнөөгийн бидний хийх ёстой гол зүйл мөн. Гол нь хэрэгжилт дээр маш сайн анхаарах, та бүрээс хяналт тавих хэрэгтэй. Мөн татварын орчныг сайжруулах зарим санхүүгийн зах зээлийг дэмжих, старт төслүүдийг дэмжих, үнэт цаас гаргалт, гадаад санхүүжилт, олон нийтийн компани болох асуудлыг дэмжих олон асуудал байна. Энэ агуулгаараа бодлогын хувьд чиглэл нь харьцангуй зөв байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, тоон үзүүлэлт тэлэлт их өндөртэй л гэдэг том сул тал. Орлогыг өндөр төсөөлж, зарлагыг тэлсэн. Зарлага, орлогын өсөлт 20 гаруй хувьтай. Төсвийн алдагдал 1.5 их наяд гаруй төгрөгийн хэмжээнд хүрсэн. Ийм л төсөв болсон. Гэхдээ тоон үзүүлэлт талдаа сөрөг тал нь зардлын үзүүлэлт боловч эерэг тал нь алдагдлыг анх удаа УИХ хууль эрх зүйн орчинд тогтоож өгсөн хязгаар түвшнээс бууруулж орж ирсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүний 3.6 хувьтай тэнцэж болох байсан тэр алдагдлыг 2.8 хувь руу татаж орж ирсэн гэдэг эерэг талыг Сангийн яамны зүгээс дурдаж байгаа. Төсөв дээр гол анхаарах зүйл нь орлого зарлага нь хэд байна, юунд юуг зарцуулах вэ, тэр аймагт тэдэн төгрөг хуваарилсан гэхээсээ илүү энэ төсөв нийгэм эдийн засгийн ямар үр ашгийг бий болгох вэ гэдэг л асуудлыг анхаарах шаардлагатай. Бидний нэг гол алдаа нь төсөв өргөн барьсанаас батлах хүртэл олон нийт, мэргэжлийн хүрээнд хүчтэй ярьж,шүүмжлээд түүний дараа мартдаг. Энэ төсөв хэрхэн хэрэгжиж ямар үр дүнд хүрэв гэдгийг шүүдэггүй явдал. Тэгээд дараа жил төсөв хэлэлцэхээр уламжлал маягаар шүүж эхэлнэ дээ.
-Төсөв дундаас онцлоод асуухад ирэх оны төсөвт ипотекийн хөтөлбөрийг дэмжих чиглэлээр хэдэн төгрөгний төсөв суусан бол. Та анзаарч харсан уу?
-Ипотекийн хөтөлбөр гэдэг зүйл дээр төсөвт онцгой зүйл тусгаагүй. Ипотекийн хөтөлбөрийг одоог хүртэл Монголбанк, арилжааны банкууд хэрэгжүүлсээр байна. Монголбанкны зүгээс бид энэ хөтөлбөрийг авч явах ёсгүй, хариуцсан субьект нь Засгийн газар гэсэн байр суурьтай байдаг. Төсвийн хажуугаар мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ Монголбанк дараагийн санхүүгийн жилээс Засгийн газарт шилжүүлнэ гэсэн байр суурийг бодлогын баримт бичигтээ дурдсан байдаг. Засгийн газрын зүгээс ипотекийн хөтөлбөрийг хэрхэн яаж явдаг вэ гэдгийг анхаарсан, энэ хөтөлбөрийг сайжруулах талын зүйл төсөвт огт дурдагдаагүй. Харин энэ хөтөлбөрт орон нутагт ажиллаж байгаа, орон нутаг руу шилжих иргэдийг урамшуулах, урьдчилгаа төлбөр хүүгийн хувьд урамшуулах зэргээр төвлөрлийг сааруулах бодлогынхоо хүрээнд дурдсан байсан. Миний ойлгож байгаагаар ипотекийн зээлийн санхүүжилттэй холбоотойгоор Засгийн газар 2023 онд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй юм байна. Өмнөх зээлээ татаж авна гэсэн ойлголт нь байхгүй юм байна. Түүнээс гадна ипотекийн зээлийг ашиглаж өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлэх гэж байгаа юм байна л гэсэн байр суурьтай харагдсан. Тэгэхээр Засгийн газар энэ үйл явцыг санхүүгийн эх үүсвэрийнх нь хувьд, тогтолцооных нь хувьд хэрхэн дэмжих вэ гэдэг асуудлыг хараахан харгалзаж үзээгүй мөртлөө гол нь энэ хөтөлбөрийг ашиглаад өөрсдийнхөө бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг дээр анхаарсан. Энэ нь буруу зүйл биш. Гэхдээ Засгийн газрын өнөөдрийн явж байгаа байдал, энэ хөтөлбөрийн давуу болон сул тал, нийгэм эдийн засгийн байдалд нь ач холбогдол өгч, өнөөгийн байдалд нь үнэлэлт дүгнэлт өгсөн байдлаар хандах нь зүйтэй байсан болов уу л гэж харж байна.
-Таван удаа ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан байдаг. Энэ зөв үү?
-Дэлхий нийтээр цар тахалтай холбоотой хямрал болсон. Хямралын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн нэг нь энэ юм. Зээлийн төлбөр зарим бодлогын арга хэмжээнүүдийг авч Засгийн газар, Монголбанкны зүгээс цар тахлын эсрэг тэмцсэн тэмцлийн нэг гол зорилго нь иргэдийн орлогыг хамгаалах байсан. Иргэдийн орлогод цар тахал, түүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал онцгой, огцом нөлөө үзүүлсэн. Тэр утгаараа ипотекийн зээлийг томоохон нийгмийг хамарсан хөтөлбөрийнх нь хувьд тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах нь иргэдийн орлогыг хамгаалах нь томоохон дэмжлэг болох юм байна гэдэг агуулгаар эхэлсэн. Эхлээд зургаан сар байсан санагдаж байна. Тэрнээс хойш сунгасаар байгаад гурван /2 жил 8 сар/ жил орчим үргэлжилчих шиг боллоо. Одоогоор энэ зээлийн хойшлуулалтын сүүлийн хугацаа 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусгавар болж байгаа байх. Тухайн цаг хугацаандаа энэ зөв алхам байсан. Зарим талаар олон арга хэмжээ авсан шүү дээ. Иргэдийн нийгмийн даатгалаас,орлогын албан татвараас тодорхой хугацаанд чөлөөлсөн. Иргэдийн зээл төлөлтийг хойшлуулсан. Банкууд дээр байгаа бодлогын үзүүлэлтүүдээ өөрчилсөн гэх мэт их олон талын ажил хийсэн. Учир нь 2020 оны нэгдүгээр сарын төгсгөлд бид шууд хилээ хаасан. Тодорхой хязгаарлалтад орсон. Хилийн боомтуудаа хаах замаар цар тахалаас сэргийлсэн. Түүний улмаас эдийн засаг 2020 оны эхээр маш хүчтэй буюу 10 хувиар агшсан. Түүнээс хойш унасаар байгаад эдийн засаг 4.6 хувь хүртлээ буурсан. 2020 ондоо энэ арга хэмжээ болж байсан. 2021 ондоо ч тодорхой хэмжээгээр хязгаарлагдмал байсан. Ковид цар тахлыг бид 2021 оны зун гэхэд дуусгана гэсэн чадалгүй 2022 онтой золгосон. Тухайн цаг үедээ буруутгах зүйл байгаагүй. Гэхдээ ингэснээр чухам ямар үр дагавар, сөрөг нөлөөллийг бий болгочихов гэдэг нь нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт, цааш үргэлжлүүлээд байх ёстой юу гэдэг асуудал тулгараад байгаа.
Энэ нь эргээд ипотекийн зээлийн тогтолцоондоо ямар сөрөг нөлөө үзүүлж байна, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа вэ. Өнөөдөр бүхэлд нь эргээд харахад цар тахлын үеэр маш олон халамж, хөнгөлөлт, урамшуулал, иргэдийн суурь хэрэглээг даах гэх мэт олон ажил санаачилж хэрэгжүүлсэн. Тухайн цаг хугацаандаа зөв байсан боловч одоо үүнийг цааш нь үргэлжлүүлсээр байх юм бол эргээд эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх тал нь илүү давамгайлж эхэлнэ. Тиймээс бид одоо зөвхөн ипотекийн зээл гэлтгүй эдийн засгийг өөрийн явах ёстой тэр жам ёсны зүй тогтол руу нь шилжүүлэхийг бүх талаар хичээх хэрэгтэй. Энэ нь эдийн засгийн сэргэлтэд ямар ч бодлогоос илүү эерэг нөлөөлөх болно.
-Ипотекийн зээл эргэн төлөлтөөрөө санхүүждэг. Энэ олон удаагийн зээл хойшлуулалтаас болж дараа дараагийн зээл хүсч байгаа иргэдэд яаж нөлөөлөх вэ?
-Ипотекийн зээлтэй холбоотой тав дахь удаагийн хойшлуулалтаар 3.4 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан мэдээ байна. Ингэснээр сар бүр төлөгдөх ёстой 30 гаруй тэрбум төгрөгийг хойшлуулж байгаа хэрэг. Энэ нь зээлийн дундаж хэмжээгээр тооцвол 400 гаруй өрх шинээр орон сууц авах боломжит хэмжээ. Тодруулбал, ипотекийн зээлд одоогоор 100 мянга гаруй иргэн хамрагдсан. Бид 6 их наяд гаруй төгрөгийн ипотекийн зээлтэй. Зээлийг 1000 төгрөг гэж үзвэл 100 мянган өрхөөс сар бүр 50 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж байх ёстой. Гэтэл үүний ихэнхийг зогсоочихсон гэсэн л үг. Төлбөрийн хувьд нэлээд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээд байгаа. Сүүлд 10 их наядын хөтөлбөр гэдгээр Монголбанк тодорхой хэмжээний санхүүжилтээр дэмжсэн гэж байгаа боловч энэ хөтөлбөр анх гарахдаа Монголбанкны дэмжлэгээр явагдсан ч явцын дундаа өөр өөрийгөө санхүүжүүлдэг хэлбэр рүү орчихсон байсан. Жам ёсны эдийн засгийнхаа гольдролд орж байгаа тэр хөтөлбөрийг зогсоочихсон гэсэн үг. Ингэснээрээ эргэн төлөлт доголдоно. Дахин шинээр зээл авах байдал ч доголдоно. Ийм учраас ипотекийн зээлийн эргэн төлөлт гэдэг нь энэ хөтөлбөрийн оршихуйд нөлөөлнө. Цааш магадгүй дахин сунгах юм бол илүү хүчтэй нөлөөлнө. Ипотекийн зээлийн хөтөлбөр нь өнөө маргааш, 5-10 жил хэрэгжээд дуусах хөтөлбөр биш. Энэ бол хэдэн арван жилээр үргэлжлэх, үе үеийн шинэ залуу гэр бүл орон сууцны хэрэгцээ бүхий хэн болгоныг зээлийн хөтөлбөрт хамруулж, монголчуудын амьдралын чанарыг тасралтгүй олон арван жилээр хангаж байх учиртай хөтөлбөр.Иргэдийн амьдралын чанарыг тогтмол дээшлүүлэхийн тулд энэ зээл асар өндөр ач холбогдолтой. Нөгөө талаасаа нийгмийн өндөр ач холбогдолтой зүйл. Ипотекийн зээл гарснаас хойш барилгын салбар ямар болсон. Иргэдийн амьдралын чанар, орон сууцжих үйл явц яаж хурдассан зэргийг бид тодорхой харж байгаа. Тэгэхээр бид зөвхөн өнөөдрөөр хариуцлагыг ярих биш, энэ бол урт хугацааны хөтөлбөр гэдэг агуулгаар нь харах ёстой. Гэхдээ үүн дээр нэг харгалзан үзэх зүйл нь 2023 онд эдийн засаг ямар байх вэ гэдэг асуудал яригдана. Иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, төсөв мөнгөний зөв бодлоготой байх, эдийн засгийн тэлэлтийг, хурдан сэргэлтийг бий болгох учиртай. Энэ тал дээр Засгийн газар онцгой анхаарах ёстой.
-Ипотекийн зээлийг өргөжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?
-Ипотекийн зээл өөрөө зах зээлийнхээ хүүгээр байх ёстой. Өнөөдөр Монголд Улсад 6 хувь, 3 хувь гээд харьцангуй поп шинжийн, зах зээлийн хөрсөнд үл нийцсэн хэт доогуур хүүг амласан. Гэтэл АНУ-ын буюу хамгийн хүчирхэг эдийн засагтай, биднээс харьцангуй өндөр хөгжилтэй урагшаа явчихсан орны ипотекийн зээл хүү нь яг одоогийн байдлаар 7 хувь давчихсан байх жишээтэй. Тэгэхээр ингэж зах зээлээ дагаж өөрчлөгддөг, зах зээлийн хүүний тогтолцоо руу шилжихгүй бол ипотекийн нөхцөл байдал олон жилийн урт хугацааны тасралтгүй хөтөлбөр болоход харьцангуй удаашралттай бөгөөд сул тал үүссээр байх болно. Үүнийг шийдэх хоёр арга байна. Нэгдүгээрт, эдийн засгаа хурдан хугацаанд зөв өсгөх, иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлээд зах зээлийн хүүг жам ёсных нь дагуу буулгаад өнөөдрийн 3, 6 хувийн хүү нь бодит байдал дээр байх боломжтой хэмжээнд авчрах хэрэгтэй. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас бий болсон нийгмийн дүр төрхөөр бол энэ харьцангуй удах бололтой.Хоёрдугаарт, Засгийн газар энэ ажлыг хүлээн авах гэж байгаа юм бол Засгийн газар Монголын ипотекийн корпорацийн энэ ачааллыг даагаад хоёр жил зээл хойшлуулсан энэ хүнд үеийг давж байгаа энэ институци байхад энэ институцийн дэлхийн зах зээлд гарах, дотоод зах зээлд бонд гаргах боломжийг нь хүүгийн бага зэрэг татаасаар дэмжээд өгөхөд хурдтай сэргэх боломжтой. Тодруулбал, иргэн 6 хувийн хүү төлнө. Зах зээл дээр 10 гаруй хувийн хүүтэй бонд гарна. Зөрүү болох 6 хувийг Засгийн газар төсөвтөө суулгаад өгөх юм бол Засгийн газар асар том эх үүсвэр гаргалгүйгээр шийдэж чадна.
-Монголбанк ипотекийн зээлд хариуцлага үүрэхгүй гээд гараад явчихлаа. Тэгэхээр Монголын ипотекийн корпораци өөрийгөө санхүүжүүлээд явах чадамж хэр бол?
-Би ипотекийн санхүү рүү нарийн өнгийсөнгүй. Ямартаа ч МИК арав гаруй жилийн түүхэндээ Монголын 100 мянган иргэний, өрхийн амьдралын чанарыг сайжруулах ажлыг хийлээ. Хоёр жилийн хугацаанд ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулсан энэ үед ипотекийн зээлийн тогтолцоонд гал алдчихгүй бариад явлаа. Энэ агуулгаараа тодорхой хэмжээний эх үүсвэртэй. Санхүүгийн хувьд боломжийн болчихсон институт мөн мэт. Гэхдээ МИК-ийг хэрвээ бие даалгаад орхиё гэж байгаа бол бусад улс шиг төрийн татаасыг нь болиул. Монголбанкны дэмжлэгийг болиулах гэж байгаа бол энэ байгууллагыг зах зээлийн хүүгээр тоглолтод орох орон зайг нь нээж өг. Тэгж чадвал энэ байгууллага өөрөө өөрийгөө аваад явчих болов уу гэж би харж байна.