Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баясах: Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байгааг тандахаар Польшийн сайд ирсэн DNN.mn

Олон улсын харилцаа судлаач, гавьяат багш Ж.Баясахтай ярилцлаа.


-Олон улсын нөхцөл байдал эмзэг байгаа энэ үед манай улсад Польш, Япон улсын Гадаад яамны сайдууд айлчиллаа. Дайны нөхцөл байдалтай үед манайд гуравдагч хөршүүд айлчилж буй үйл явцыг та хэрхэн дүгнэж байна?

-Өнгөрөгч нэгдүгээр сарын 24-нд би хэвлэлд ярилцлага өгөхдөө “Өвлийн олимпийн дараагаар дайн эхэлнэ” гэж ярьж байсан. Хоёрдугаар сарын 24-нөөс хойш гэж үзвэл гурван сар өнгөрлөө. Энэ асуудалтай холбоотойгоор АНУ-ыг дагаж байгаа нэг хэсэг орнууд байна. Үүн дотроо хамгийн идэвхтэй улс нь Польш, Япон. Энэ хоёр улсын Гадаад яамны сайд ирдэг нь учиртай. Гол нь Украины хямралаас болж монголчууд ямар бодлого барих гэж байна вэ гэдгийг тандах гэж ирж байгаа юм. Тиймээс бид их болгоомжтой мэдэгдэл хийх ёстой. Польш Улс Их Британитай нийлж НАТО-гийн хамгийн зүүн улс болох гээд улсаа хүчирхэгжүүлэх бодлого явуулж байна. Баруун Украин буюу Львовын газар нутгаа эргүүлж авна гэдгээ тэд зарлачихсан. XV, XVI зуунд тэр газар нутагт Польш их том эзэнт улс байсан. Украины баруун хэсгийг тэд авна гэдгээ зарлачихсан учраас үүнд монголчууд ямар байр суурьтай байна гэдгийг тандах гэж ирж байна.

Үүний өмнө Их Британид Японы ерөнхий сайд айлчилсан. Цэргийн эвсэл байгуулахад Япон оролцоход бэлэн гэдгээ мэдэгдсэн. Япон улс бол өөрийгөө хамгаалах армитай. Үүнийгээ өргөжүүлж цөмийн зэвсэгтэй армитай болохын төлөө явж байгаа. Саяхан Япон, АНУ, Энэтхэг, Австрали дөрөв нийлж Энэтхэгийн далай, Номхон далайд дөрвөн улсын холбоо байгуулсан. Үүнийгээ Куад гэж нэрлэсэн. Тэд нь бүгдээрээ Хятадын эсрэг явах юм. Тиймээс дахиад цэргийн холбоо гаргах гэж байна. Европын холбоо гэж байдаг. Тэгвэл Европын холбоо НАТО-той адилхан цэргийн холбоо болчихлоо. Тиймээс байдал их хүнд болж байна.

-Энэ айлчлалын үр дүн талаас нь яривал…

-Энэ айлчлалаас гарах эерэг үр дүн байхгүй.

-Айлчлалаар харин ч олон эерэг үр дүн гарсан юм биш үү. Хоёр улсын хооронд авто тээврийн “зам” нээгдэх, 1915 оны Монголын хүн амын тооллогын баримт гээд чухал түүхийн баримттай болох нь?

-Богд хааны үед ардын хувьсгалаас өмнө Монголд ирж байсан Польшийн эрдэмтний тэмдэглэлийг л авах гэж байхгүй юу.

-Тэгвэл заавал айлчлал хийгээд байхгүйгээр манай улсын байр суурь ямар байгааг ажиглаад мэдчих зүйл биш үү?

-Манайхаас үг авах гэж байхгүй юу. Амыг асуух зорилготой.

Би МУИС-ийн Олон улсын харилцааны захирал байхад Польшийн Гадаад яамны сайд нь ирж доктор болж байсан. Тэрийгээ баталгаажуулж их сургуулийн реакторт медаль гардуулах шив дээ. Харин Япон, Монгол хоёр бол их ойр. Зөвлөлт нурсны дараа Япон бол Монголын гол хандивлагч улс байлаа шүү дээ. Хоёр миллиард ам.доллар өгсөн.

-Та ярианы эхэнд хүнд байдалд байна гэлээ. Ийм үед бид ямар бодлого баримтлах хэрэгтэй вэ?

-Бид аль болох дуугүй байх ёстой. Мэдэгдэл хийж болохгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний хошуу хөлдөнө гэдэг үгтэй шүү дээ. Бид түрүүлж дуугарвал энэ л болно. Тиймээс бид давын түрүүнд хурдан мэдэгдэл хийж болохгүй.

-Гэхдээ бид Украины асуудлаар мэдэгдэл хийчихсэн шүү дээ?

-Ер нь бол хийх нь хийж байгаа. Манай улс Украиныг дэмжсэн, 250 мянган ам.доллар өгсөн. Гэхдээ энэ нь манайд нөлөөлөхгүй. НҮБ-аас тусламж болгож өг гэсэн мөнгийг бид аваад өгч байгаа юм. Мөн Улаан загалмайн нийгэмлэг 50 мянган ам.доллар өгсөн. Ингээд нийт 250 мянган ам.доллар өгсөн. Бид өөрсдөө жижиг улс учраас жижиг Украиныг дэмжих хэрэгтэй. Тиймээс сөрөг хүчнийхэн мэдэгдэл хийгээд байгаа юм. Энэ бол зөв. Орос нэг намын тогтолцоотой, авторитар дэглэмтэй улс болчихлоо шүү дээ. Сөрөг хүчин байхгүй. Путины бодлогыг шүүмжилдэг хүмүүс байхгүй болсон. Одоо Оросууд буцаад хилийн чанд руу гарах хөдөлгөөн явж байна. Албан бус мэдээгээр манайд 2700 Оросын иргэн Монголын харьяат болох хүсэлт тавьсан байна. Хэн ийм хүсэлтэй байна гээд үзэхээр буриадууд байна. Буриадуудын бие жижигхэн учраас дайнд дайчилж байна. Нуруу өндөртэй хүмүүс танкинд багтдаггүй. Буриадууд жижиг учраас танкны танкист болоод явчихсан. Дайнд хамгийн их өртөж байгаа хүмүүс нь тэд байгаа юм. Москва, Ленинградаас цэрэг дайчлахгүй байгаа. Уулынхан бөгөөд бусад цөөн тооны ястнууд дайнд орж байна.

Эцсийн дүндээ хамгийн хожиж байгаа улс Хятад байна. Өнгөрсөн жил оны өмнө Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал болоод Улс төрийн зөвлөлдөх зөвлөл чуулганаа хийлээ. Энэ үеэр социализмаа байгуулсан гээд зарлачихсан. 2030 он гэхэд дэлхийн нэг номерын улс болно гэдгээ зарлачихсан. АНУ-ын хийж байсан даяаршил дууссан. Одоо дангааршил эхлэх гэж байна. Дангааршилд Монгол Улс яах уу. Аж үйлдвэр нь хөгжөөгүй. Тэгэхээр яах вэ. Дэлхийн байдал өөр болж байна. АНУ-ын ноёрхол дуусч байна. Орос, Хятадын байдал хэцүү байна. Монголд л их халгаатай. Тиймээс бид яаран байр сууриа илэрхийлэх хэрэггүй гэдгийг судлаачид, улстөрчдөд уриалмаар байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *