Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Шүүх, тагнуул, ОУ-ын байгууллагууд 90 минутын бичлэгийг анхаарч тодруулна гэж найдаж байна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаа хийж МАН-ын 60 тэрбумын бичлэгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданы мэдээллийг сонсч нээлттэй хэлэлцүүлгийг хийжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэдийгээр бид 60 тэрбум гэж ерөнхийд нь ойлгоод байгаа боловч энэ нь цаагуураа төрийн алба цэрэгжсэн бүлэглэлийн хүрээнд явагдаж байгааг илэрхийлж байгаа юм. Улсын дээд шүүхэд энэ талаар гомдол гаргана. УИХ-ын гишүүд өөрсдөө гарын үсэг зурж хүргүүлэх ёстой гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөн Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагуудаас авч энэ талаар арга хэмжээ авахыг хүсч албан бичиг илгээлээ. Мөн Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргалаа. Үүнд төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой баримтыг шалгаж өгөөч гэж байгаа. МАН төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалттайгаар орох талаар энэ бичлэг дээр бичигдсэн байна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан бол үүнийг цуцлах хуулийн заалт байдаг. Тиймээс энэ хуулийг хэрэгжилтийг шаардаж манай бүлгийг гишүүд бүгд гарын үсэг зуран холбогдох байгууллагууд нь илгээж байна” гэв.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуллаа.

Урьд нь энэ бичлэгийн талаар та бүхэн гомдол гаргаж байсан ч Цагдаагийн байгууллага эвлүүлэг байна гээд хэрэгсэхгүй болгосон. Одоо хэр итгэлтэй байна вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард 10 минутын бичлэг гарч ирсэн. Сонгуулийн өмнө энэ бичлэгийг эвлүүлэг биш гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагаас гаргасан боловч сонгуулийн дараа эвлүүлэг байна гэж худал мэдээлэл тараасан. Эцсийн шийдвэрийг Монголын шүүх шинжилгээний байгууллага болон мэдээлэл технологийн холбоо, олон улсын шүүх шинжилгээний холбоонд шалгуулна. Энэ бичлэгт Фэйсбүүк, Твиттер зэрэг олон медиа байгууллагуудын эрхийг зөрчсөн байгаа. Энэ 90 минутын бичлэг бүрэн эхээрээ саяхан гарч ирсэн. Иргэн Д гэх залуу албан ёсоор АН-д хандсан. Гэрчийн аюулгүй байдалд дорвитой арга хэмжээ аваач ээ гэж Цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Ийм том бичлэгийг хуурамчаар хийх ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Шүүх, тагнуулын байгууллага болон ОУ-ын байгууллага үүнийг тодруулж өгөх байх гэж найдаж байна.

-Хэрвээ үйлдэл нь батлагдвал ямар ял шийтгэл оноох бол?

-Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Хэрвээ энэ нь батлагдвал 20 хүртэл жилээр хорих ял байгаа. Мөн улстөрийн намын тухай хуулийн заалтад цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно гэсэн байгаа. Мөн энэ үйлдэл нь батлагдвал тус намыг татан буулгана гэж заасан байгаа. Тиймээс үүнийг шалгуулж эцсийн хариуг гартал нь АН шударга иргэдтэйгээ явах болно гэдгийг мэдэгдье.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *