Categories
мэдээ цаг-үе

Ж.Баттөр: Хятад улс профессорууддаа жилийн 120 мянган ам.долларын цалин өгч байна

Монгол Улсын Их сургуулийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөртэй ярилцлаа.

-Хятад улс шинжлэх ухааны салбартаа маш их анхаарал хандуулж, хөрөнгө мөнгийг харамлахгүй зарцуулж байна. Үүнийг улс орнууд янз бүрээр тайлбарлаж байх юм?

-Хятад улс хямд ажиллах хүч, гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэн бодлого, засаглалын тогтвортой шинж, хятад хүний ажилсаг зан, мөнгөн хуримтлалыг дээдэлдэг уламжлалт үзэл, дэд бүтцээ зогсолтгүй сайжруулдаг бодлого зэрэг хүчин зүйлүүд дээр түшиглэсэн өдөр тутмын бараа бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж сүүлийн 30 гаран жил дэлхийг хангалаа. Эдгээрийг ерөнхийдөө “low end” бүтээгдэхүүн гэдэг. Гэтэл дэлхийн улс орнууд ийм түвшинд хүрээд дэвшил гаргахгүй бол зогсчихдог. Харин Япон, Өмнөд Солонгос зэрэг орнууд дараагийн шат буюу технологи шингэсэн үйлдвэрлэл рүү эрс хурдан шилжсэн тул эдийн засгаа иргэдийн хөгжил цэцэглэлт, амьдралын өндөр түвшин рүү оруулж чадсан. Технологид түшиглэж үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг “high end” бүтээгдэхүүн гэдэг.

Энд эмнэлгийн дүрс оношилгооны төхөөрөмжүүд, хагас дамжуулагч, нисэх онгоцны технологиуд багтдаг.

Мөн үйлдвэрийг автоматжуулах систем, цөмийн эрчим хүчний реакторыг оруулдаг. Сүүлийн үед эм, биотехнолигийн салбар хурдтай хөгжиж байна.

Тиймээс дээрх “high end” бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн тулд Хятадын Засгийн газраас шинжлэх ухааны салбаруудаа дэмжих бодлого баримталж байгаа юм.

-Хятад улс үйлдвэрлэдэггүй юм гэж байдаггүй, бүгдийг үйлдвэрлэдэг?

-Гар утас бусад харилцаа холбооны технологид ашигладаг хагас дамжуулагчийг гадаадаас импортлоход 2014 онд л гэхэд 218 тэрбум ам.доллар зарсан байгаа юм.

Хятад улс хэдийгээр ухаалаг гар утас, компьютерийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг ч эдгээрийн борлуулалтаас хамгийн ихдээ 15 хувийн ашиг л олж үлдсэнийг нь нарийн технологи, хагас дамжуулагч зэргийг нь нийлүүлдэг АНУ, Япон бусад хөгжингүй орнуудад алддаг гэсэн статистик тооцоо ч бий.

-Хятад улс өөрийгөө “Дэлхийн үйлдвэрлэх хүч болно” гэж тодорхойлсон байна билээ?

-Өнгөрсөн онд Хятадын Засгийн газраас “Хятадад үйлдвэрлэв 2025” гэсэн томоохон хөтөлбөр зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 2025 он гэхэд буюу 10 жилийн дотор Хятадыг инновац эдийн засагтай, байгаль орчинд ээлтэй, хариуцлага бүхий дэлхийн үйлдвэрлэх хүч болгох зорилт тавьсан. Энэ хүрээнд нисэх онгоц, агаар сансар, смарт тээвэр, мэдээллийн технологи гэсэн арван салбарт инновацийн 40 төв байгуулахаа зарласан. Мөн шинжлэх ухаан технологийн салбарт зарцуулах хөрөнгөөр ойрын арван жилд АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэсэн байна лээ. Түүний дотор шинэ технологи нээж буй профессоруудын цалинг дэлхийд тэргүүнд гаргана гэсэн.

-Энэ зорилтууд нь хэр биелэх боломжтой вэ?

-Мэдээж амаргүй. АНУ-ыг технологийн өндөр улс болгосон зарим ноу-хау Хятадад байхгүй эсвэл дөнгөж эхлэлийн шатандаа яваа. АНУ-д профессоруудад ажиллаж амьдрахад маш ая тухтай орчинг бүрдүүлж өгдөг. Дээр нь нээлт хийж, патент авсан бол насан туршдаа патентаасаа ашиглуулсны роялти авдаг. Хятадад наад зах нь шинэ бүтээлийн патентын хуулиа улам чамбай болгох гэж оролдож байна. Бас Засгийн газраас илүү хувийн компаниудын дэмжлэг, хөрөнгө оруулалт асар их. Үүнийг Хятадын томоохон компаниуд ойлгож дотоодын судлаачидтайгаа маш ойр хамтран ажиллаж байна.

-Профессоруудын цалин, хангамжаа яаж нэмж байгаа вэ?

-Хятадад гадаадад байж байгаад эргэж ирсэн профессортоо жилийн 120 мянган ам.долларын цалин олгож байна. Манайхаар 240 сая төгрөг буюу нэг сард дунджаар 20 сая төгрөг олгож байна гэсэн үг.

Мөн нэлээд олон улсын сургуульд олон улсын шинжлэх ухааны шилдэг сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлбэл 100 гаран мянган ам.доллараар урамшуулж байна. Ийм урамшууллыг Япон, Өмнөд Солонгос гэхчилэн Азийн орнууд бас олгодог.

Ер нь хэдэн жилийн өмнө Хятадын профессор дунджаар жилийн 40 мянган ам.долларыг авч байхад АНУ-ынх 80 мянгыг авдаг гэж бичдэг байсан. Одоо бараг тэнцэж байна. Энэ бол профессорыг дэмжих нэг л хэлбэр нь. Хөнгөлөлттэй орон сууц гэхчилэн өөр олон байдлаар дэмждэг.

-Яагаад профессоруудаа ийн тойлж эхэлсэн нь ойлгомжтой л доо?

-Ер нь Америк, Япон гэхчилэн технологиор манлайлж буй орнуудын хөгжлийн ундарга нь их сургуулиудаасаа үүдэлтэй гэдэг нь тодорхой болоод олон жил болж байна. Энд СТЭМ хичээлүүддээ хамгийн ихээр анхаарч энэ чиглэлээр дэлхийн хамгийн толгой залуусыг их дээд сургуулиуддаа сургадаг. СТЭМ гэдэг нь Science, Tech­nology, Engineering, Math гэдэг дөрвөн үгийн товчлол юм.

-Манай урд хөрш шинжлэх ухаандаа, эрдэмтдээ ийнхүү анхаарал хандуулаад эхэлчихлээ. Харин манайд нөхцөл байдал өөр л дөө. Бидний хувьд урд хөршөөсөө суралцах зүйл их байна?

-Наад зах нь судалгааны үнэлэмжийг дээшлүүлэх ёстой байх. Манайд оюутнуудад маш их мөнгө хувааж өгч байна. Жилд арван сарын мөнгө болгож нэг оюутанд 700 мянган төгрөг олгож байгаа юм.

Үүнийг энэ олон оюутанд үржүүлэхээр асар их хөрөнгийг зарлагадаж байна. Ийм байхад улсын сан хөмрөг хоосрох нь ойлгомжтой. Уг нь цөөн маш сайн оюутанд олигтойхон тэтгэлэг өгөөд явбал бодит дэмжлэг болно. Яг үнэндээ судалгааны мөнгө олно гэдэг их дээд сургуулийн багш нарт бараг бүтэхгүй зүйл болсон. Бас дээд боловсролын төлбөр, хувийн ясли, цэцэрлэг, дунд сургуулийн төлбөрөөс 3-10 дахин хямд байна.

Гэхдээ улстөрчид огт барьж байгуулаагүй зүйлдээ урьдчилаад тоймгүй их хөрөнгө авч идэж уугаад шамшигдуулаад дуусгаж байгаа нь л хамгийн ноцтой асуудал юм. Эдгээр асуудал, гажуудлаа эн тэргүүнд засч залруулж байж дараагийн алхмуудаа хийх нь зүйтэй байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *