Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Хэдий “оймсчин” ч бай, иргэнийхээ нэр төр, эрхийг хамгаалах нь төрийн үүрэг

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатартай уулзаж хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухай асуудлаар ярилцлаа.


-Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинтой холбоотой тулгамдаж буй асуудлуудаас яриагаа эхлэх үү?

-Хэвлэл мэдээллийн хууль,эрх зүйн орчин, түүний зохицуулалт бол хүний эрх, тэр тусмаа ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл болох иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай асуудал юм. Тийм учраас бусад салбартай тэр бүр адилгүй хүний эрхийн мэдрэмжтэй, нарийн зохицуулалт шаардаж байдаг. Дан ганц Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ч биш дээрх эрхтэй хамаарал, холбогдолтой хуулиудын зохицуулалтаас ч ихээхэн хамаардаг. Ганцхан жишээ хэлэхэд, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой 6,21 гэж заалт үндсэндээ хэвлэл мэдээлэлд тавьсан эдийн засгийн цензур болж олон редакц, сэтгүүлчийг их хэмжээний торгуулийн ял, зэмд унагаж хохироолоо.Их хурлын гишүүний хэлсэн үг, хийсэн мэдэгдлийг дамжуулсан хэвлэл ч хүртэл энэхүү Зөрчлийн тухай хуулиар худал ташаа мэдээлэл тараасан хэргээр цагдаад дуудагдахад хүрсэн. Тухайн эх сурвалж нь өгсөн мэдээллийнхээ төлөө хууль, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай эсэх тухай ярьсан бол өөр хэрэг, гэтэл мянга мянган иргэдээ, биднийгээ төрд төлөөлж байгаа субьектийн хэлсэн, ярьсныг худлаа байна гэж үзэхээрээ зүгээр л дамжуулсан хэвлэлтэй нь хариуцлага тооцоход хүрч байгаа бол тэр ямар ч эргэлзээгүйгээр буруу хууль, буруу зохицуулалт юм.

Магадгүй Их хурлын гишүүн чуулган дээр ч юм уу хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байх, тэгвэл тэр хариуцлагыг нь хэвлэл хүлээх ёстой юу, гишүүдийн өгсөн мэдээлэл, хэлсэн үг үнэн эсэхийг шалгаж, нотолсон хойноо л нийтэлж, нэвтрүүлэх үүрэгтэй юу гээд олон асуулт гарч ирнэ ээ дээ.Тэгвэл энэ бүхэн чинь чөлөөт хэвлэлийн өөрийн нэгэнт тогтсон мэргэжлийн дүрэм журмаараа явдаг зүйл.

Сэтгүүл зүйн мэдээлэлд заавал эх сурвалжтай байх мэргэжлийн шаардлага тавигддаг нь санаандгүй зүйл биш, тухайн эх сурвалжид мэдээллийн бодит байдлын хариуцлагыг давхар ногдуулж байдаг онцлогтой, үүнээс гажуудуулах ямар ч зохицуулалт байх боломжгүй.Хуулийн энэ заалт нь ардчилсан нийгмийн бие даасан чухал институци чөлөөт хэвлэлд учруулсан нэг төрлийн дарамт, хэвлэлийн чөлөөнд халдсан, эрхийн мэдрэмжгүй муйхар зохицуулалтын нэг байсан.

Ер нь хууль төдийгүй хэвлэлд, төрд, нийгэмд бүхэлдээ эрх, хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл илт үгүйлэгдэж байгаа.

Саяхан энэ заалтыг өөрчлөөд Эрүүгийн хуулинд оруулсан нь бас л ихээхэн маргаан мэтгээн дагуулж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрх зүйн зохицуулалт хичнээн нарийн төвөгтэй зүйл болохыг л харуулаад байгаа юм.Түүнээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан л тусгай эрх эдлэх гээд, хуулиас гадуур байх гээд байгаа хэрэг огтхон ч биш.

-Та сая манай хэвлэлээс авахуулаад төрд ч хүний эрхийн мэдрэмж ихээхэн дутагдаж байгаа тухай хэллээ. Үүнийгээ тодорхой баримт дээр дэлгэрүүлж ярьж болох уу?

-Бишгүй л бий. Нөгөө тоталитар дэглэмийн үеийн сэтгэлгээ, арга барил хадгалагдсаар байгаатай холбоотой байх. Хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу түүндээ тохирсон ял шийтгэлээ л хүлээх ёстой байдаг шударга, ардчилсан зарчим олонтаа зөрчигдөж байна. Жишээлбэл, танай сониноор ч яригдаад байсан даа, төрийн тодорхой байгууллагад л байх ёстой мэдээлэл болох авлигын мөнгөө оймсондоо нуусан этгээдийн үйлдэл, дүрсийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан тухай. Бидний өнөөгийн байгаа байдал, хүний тодорхой эрхийн зайлшгүй хамгаалалт нэг ийм л түвшинд.

Гэтэл хар тамхины хэрэгт холбогдсон манай иргэнийг саяхан Германы шүүхээр орохоор ирэхэд нь хэвлэлийнхэн зураг авах үед харгалзагч нь барьж яваа сониноороо нүүрийг нь хааж халхалж байгаа зураг хэвлэлээр тарсныг бид харсан. Шүүхээр яллагдах гэж байгаа, гадны иргэн ч гэлтгүй хүн л бол хүн, хүний эрхийг дээдлэн хамгаалах нь тэндхийн төр, төрийн ажилтны үүрэг ажээ. Соёл, төлөвшил, хандлагын ялгаа эндээс л харагдана.

Ардчилсан нийгэмд ерөөсөө ямар нэг гэмт хэрэгтэн, тэр хэдий “оймсчин” ч бай иргэнийхээ эрх, нэр төрийг хамгаалах нь төрийн үүрэг юм. Тэр “нүүр хийх газар”-гүй болтол нь ичээж цээрлүүлэх, бусдад сургамж болгох гээд байгаа гэмтэнд чинь ч “амьд явах эрх” нь байгаа л бол хүний эрх, нэр төр нь бас хамт байдаг юм.Үүнээс гадна ямар ч буруугүй гэр бүл, ойр дотныхон нь буруутгагдах, ялгаварлагдах ёсгүй гэдэг ардчилсан зарчим үйлчилж, гэм зэмгүй тэдний эрхийг хамгаалах ёстой болохыг төр ч, хэвлэл мэдээлэл ч удирдлага болгох ажиллах ёстой. Ер нь иймэрхүү байдал цөөнгүй удаа давтагдахад тухайн гэмт хэргийг жигшүүлэх, үйлдсэн этгээдийг олон түмэнд шившиглэх замаар түүнийг бууруулна, таслан зогсооно гэж боддог нийгэм дэх хоцрогдсон сэтгэлгээ, түмний түрхэрээн ихээхэн нөлөөлж байгаа нь илт харагддаг. Магадгүй ийм нэмэлт маягийн шийтгэл, цээрлүүлэлт өнөөхөндөө олны таалалд нийцэж байж мэдэх ч, өнөөдөр муусайнуудыг өмгөөлж, хамгааллаа хэн бэ энэ гэж хараалгуулж загнуулсан ч хамаагүй, бид ирээдүйд илүү сайхан нийгмийг бий болгохын тулд иргэд нь жинхэнэ ёсоор эрхээ эдэлдэг, иргэний эрх, нэр төр нь хамгаалагддаг дархлаа, соёлын төлөө байхаас аргагүй юм.

-Бас иргэд, олон нийтэд ч хүний эрхийн ойлголт, мэдрэмж их дутагдаж байх шиг санагддаг?

-Тийм. Заримдаа ч юун хүний эрхийн мэдрэмж, гэм буруутай эсэх нь ч хамаагүй хэн хүнгүйг л зарла, шившиглэ, дүүжил, шатаа гэх нь “нийгмийн сүлжээ”-нд бол наад захын хэрэг. Тэгээд арай зүй зохист юм ярьсан нэгнээ гутаан доромжилно, нийтээрээ уулгалан дайрна. Зарим нь бүр захиалгатай, зохион байгуулалттай ч байна. Ийм хэтийдсэн байдал, сэтгэлгээ, суртхууны доройтол нь олон жил тогтносон үзэл суртлын нийгмийн улбаа, ардчилсан соёл, харилцааны уламжлалгүй явж ирсэн бидний түүх, олонхын маань гайхуулан бахархах дуртай шашингүйн үзэл, хүмүүжил гээд олон зүйл шалтгаантай л даа. Гэхдээ одоо бол энэ бүгдийн тухай биш иргэд маань бусдын эрхийг хүндэтгэдэг, хүний эрхийн боловсролтой, мэдрэмжтэй, эерэг хандлагатай болж төлөвшихөд төр их үүрэгтэй, хэвлэл чухал оролцоотой болох тухай л яриад байна. Ингэхийн тулд гэнэт өөрчлөгдөн мундаг болчих олон түмний ухамсарт итгэж хүлээх биш, тэр өөрчлөлтөд нь нөлөөлөх хууль эрх зүй, тэр тусмаа чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчин маань эхлээд хүний эрхэд суурилсан, хүний эрхийн нарийн мэдрэмжтэй байх явдал чухал юм.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал нэлээд яригдаж байна. Энэ тухай таны бодол, байр суурь…?

-Нийгэм, технологийн хөгжил, дэвшлийн улмаас мэдээлэл харилцааны салбар, тэр дундаа хэвлэл мэдээлэл ихээхэн өөрчлөгдөж эрх зүйн шинэ шинэ зохицуулалтууд хийх, хэвлэлийн эрх чөлөөг илүү өндөр түвшинд баталгаажуулах шаардлага ихээр бий болж байгаад эргэлзэх хэрэггүй. Хэвлэлийн эрх чөлөө их эмзэг зүйл учраас түүнийг хуульчлахад тун болгоомжтой хандахгүй бол үндсэн хуульд заасан иргэний язгуур эрх зөрчигдөх, хэвлэлийн бие даасан, хараат бус байдал хөндөгдөх улмаар Монгол Улс олон улсад яаж харагдах, хэрхэн үнэлэгдэх гээд маш олон асуудалтай холбоотой учраас муу хууль баталбал ихээхэн хор уршигтайг юуны түрүүнд бодох ёстой.

Гэхдээ хэт болгоомжлоод цаг нь болоогүй, илүү их судлах ёстой гээд суугаад байх биш, түрүүчийн хуулийг бүтэн 20 жил хэрэгжүүлж ирсэн туршлагаас алдаа, оноо нь юунд байна, одоо энэ харилцаанд зайлшгүй хэрэгтэй зохицуулалтууд юу байх вэ гэдгээ тодорхойлж, бусдын сайн жишгийг тусгаад шинэ орчин, нөхцөлд шинээр хуульчлан баталгаажуулах хэрэгцээ тулгамдсан байна. Бид 10-аад жилийн өмнө хоёр ч хуулийн төслийг баахан ярилцаад цаг нь болоогүй гээд буцааж байсан, хэзээ цаг нь болох вэ.

-Хэвлэл, мэдээллийн салбарынхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд санал авахаар сэтгүүлчдийн дунд хэлэцүүлэг явуулсан байх аа?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг ХЗДХЯ-нд байгуулагдаад нэлээд удаан ажиллаж хуулийн төслийн анхны хувилбарыг гаргасан юм билээ. Сэтгүүл зүйн салбараас энэ хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулах МСНЭ болон хэвлэл мэдээллийн төрөлжсөн байгууллага, холбоодын төлөөлөл өргөн оролцсон 20 гаруй хүнтэй ажлын хэсэг бас байгуулагдаад салбар салбарын сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийж саналуудыг нь боловсруулан хуульд тусгуулах зарим саналаа өгсөн, одоо ч цөөнгүй санал оруулахаар бэлтгэж байгаа. Энэ хаврын чуулганаар хууль хэлэлцэгдэж амжихгүй байлаа ч цаашид сайн хуультай болохын тулд сайн хэлэлцүүлэх хэрэгтэй юм.

-Хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад тустай ямар ямар нааштай сайн заалтууд орсон бол?

-Өмнөх хууль батлагдаад олон жил өнгөрчихсөн учраас цаг хугацаа, хөгжил өөрчлөлтийн эрхээр зайлшгүй шаардлагатай болсон олон зохицуулалт туссан байгаа.Сэтгүүл зүйн хараат бус үйл ажиллагааны гол тулгуур болох сэтгүүлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хуульчлахаар тусгасан нь гол чухал зүйл. Мөн хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хамгаалахад тустай хувьцаа эзэмшигч нь редакцтай хараат бус байдлын гэрээ байгуулах болон редакцид сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг байгууллагын дотоод журамд тусган хангах тухай, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдлыг хангах асуудлыг нэлээд тодорхой тусгасан зэрэг олон дэвшилтэт зүйл, заалтууд туссан. Хэвлэл мэдээллийн ажлын хэсгийнхэн дотроо бас сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг явуулж саналуудыг яамны ажлын хэсэгт хүргэх замаар олон өөрчлөлт оруулж аль болох хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг хамгаалж чадах “амьд” хууль болгоход анхаарч байгаа юм. Тухайлбал, сэтгүүлчид, хэвлэлийг ялангуяа албан тушаалтнууд нийтлэл, нэвтрүүлгээр шүүмжилснийх нь төлөө хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаж удаан хугацаагаар шүүх, цагдаагийн үүд сахиулж нэг ёсондоо залхааж, мохоох арга хэрэглэх явдал их болсон учраас хэвлэл мэдээллийн эсрэг үндэслэлгүй гомдол гаргасан этгээд хуулийн хариуцлага хүлээдэг байх заалтыг оруулах саналыг сэтгүүлчид гаргаад явж байна.

-Сэтгүүлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хуульчлах нь яагаад чухал байдаг вэ. Зарим судлаач энэ хуулийн төслийн нууц эх сурвалжаа илчлэх шаардлагатай холбоотой хэсэгт шүүмжлэлтэй хандаж байна билээ?

-Чөлөөт хэвлэл, түүний мэдээллийн бодит байдал нь эх сурвалжийн өгсөн үнэ цэнэтэй мэдээлэл дээр тогтдог, олон нийтэд зайлшгүй хүргэх ёстой, аливаа чухал мэдээллийн эх сурвалж нь ил гарахыг хүсэхгүй, өөрийгөө нууцлахыг хүсэх явдал сэтгүүл зүйн практикт түгээмэл гардаг учраас нийгэм дэх аливаа болж бүтэхгүй зүйлийг илчилсэн, хэн нэг эрх мэдэлтний олон түмнээс нууцлах гэсэн мэдээллийг өгсөн ч юм уу, тэрхүү нууц эх сурвалжаа хамгаалах нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг байдаг. Сэтгүүлчийн энэ эрхийг ардчилал, чөлөөт хэвлэл хөгжсөн орнууд хуулиар хамгаалдаг, харин манайд өдий болтол хуульчлагдаагүй явж ирсэн нь хэвлэлийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг байсаар байна.Энэ заалтыг хуулинд оруулах нь шударга ёс, иргэдийн хүртэх мэдээллийн чанар, чөлөөт хэвлэлийн хөгжилд нэг том алхам болно.

Зарим талаар шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна.Хуулийн төслийн сэтгүүлч нууц эх сурвалжаа илчлэх тохиолдол, шаардлагад “…үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй…” бол гэж байгаа нь хэт ерөнхийлсөн, олон улсад баримталдаг зарчмаас гажсан зүйл байгаа нь үнэн. Жишээ нь, үндэсний аюулгүй байдал их өргөн хүрээтэй ойлголт учраас юу хамаагүйг хамааруулаад сав л хийвэл эх сурвалжаа илчлэхийг шаардаад байвал ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хохиролтой хэрэг болно. Бас олон улс оронд “нийгмийн эрүүл мэндийн болон олон нийтийн эсрэг гэмт хэргийг илчлэхэд зайлшгүй шаардлагатай бол…” гэж онцгойлон заадаг нь энэ хуулийн төсөл дэх “хүний амь нас, эрүүл мэнд” гэснээс хамаагүй ялгаатай болохыг анзаарч, тэрхүү жишгээр тусгаж байж сая нууц эх сурвалжийн хамгаалалт болж чадна гэдгийг ч бодолцох ёстой гээд олон зүйл бий.

-Тэгвэл хуулийн төслийн ямар заалтыг нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд байж болохгүй гэж үзэж эсэргүүцээд байгаа юм бэ?

-Уг хуулийн төслийн Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага гэсэн 13 дугаар зүйлд Хэвлэлийн зөвлөл байгуулах, тэр нь улсын төсвөөс санхүүждэг байхаар тусгасан байгаа юм. Мөн уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийнх нь төсөлд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Засгийн газраас анхдугаар хурлыг нь сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулан хийж Хэвлэлийн зөвлөлийг байгуулахаар заасан байна билээ. Хэдийгээр хуулийн төсөл эцсийн хувилбараар гарч нийтэд хэлэлцүүлэгдээгүй байгаа боловч ингэж хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтыг хуульчлах замаар төрийн зохицуулалт болгох нь, түүнийгээ төрөөс санхүүжүүлэх нь чөлөөт хэвлэл, хэвлэлийн хараат бус байдалд халдсан хэрэг, хэрхэвч байж болшгүй зүйл гэж сэтгүүлчид, редакциуд үзэж байгаа. Хэрвээ ийм байгууллага байхаар оруулах юм бол хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хэлэлцүүлгийг бүхэлд нь эсэргүүцэх, батлуулахын эсрэг байх болно гэдгээ олон удаагийн санал авах хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид, мэргэжлийн холбоод илэрхийлсэн. Хэвлэл, мэдээллийн салбарынхан ихэд болгоомжтой хандаад байгаагийн учир нь хэдийгээр эрх зүйн орчны зарим зохицуулалт чухал байгаа ч муу хууль гаргачихвал иргэд, олон нийтийн нүд чих, шударга үнэний дуу хоолой болж тэртэй тэргүй эрсдэлтэй нөхцөл, элдэв дарамтан дунд ажилладаг чөлөөт хэвлэлийг бүр “хуулийн дагуу” эрсдэлд оруулах юм болчих вий гэдэг болгоомжлолоос үүдэж байгаа юм.

Ерөөсөө манайд хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэлийн зөвлөл бусад орнуудын жишиг, туршлагаар байгуулагдаад ажиллаж байхад түүнд хөндлөнгөөс оролцох, хуульчлах гэх ямар ч шаардлага байхгүй. Чөлөөт хэвлэлийн хэвийн үйл явцад хөндлөнгөөс оролцох ийм үйлдэл нь наад зах нь жил бүр олон улсын байгууллагуудаас тогтоодог манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг унагааж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орноос хэвлэлийн эрх чөлөөгүй орны жагсаалтад шууд оруулах эрсдэлтэй.

Энэ чинь зүгээр нэг жагсаалтын тухай ч биш, тухайн орны засаглалын ардчилсан байдал, улсын гадаад нэр хүндийн илэрхийлэл, цаашлаад олон зүйлд шалгуур, хэмжүүр болж байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *