Categories
мэдээ улс-төр

Ж.Бат-Эрдэнэ сайдыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Жадамбын Бат-Эрдэнийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд санал нэгтэйгээр Ж.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас чөлөөлөх талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжлээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны удирдах зарим албан тушаалтнууд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр ажлын байрандаа архи, согтууруулах ундаа хэрэглэж, нэгнийхээ амь насыг хохироосон гэмт хэрэг, мөн наймдугаар сарын 12-ны өдөр төмөр замын ноцтой осол зам, тээврийн салбарт гарсан.

Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад албан ёсоор хүргүүлээд байсан юм.

Хуралдааны үеэр УИХ Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан бөгөөд энэ хүрээнд төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах ажлуудыг үе шаттай, иж бүрнээр хийж буйг Г.Занданшатар сайд хэлсэн. Төрийн албаны шинэчлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, дэг журамтай байлгах зорилгоор 47 журмыг шинэчлэн боловсруулаад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *