Categories
арын-нүүр булангууд мэдээ ярилцлага

Ж.Ариунболд: Тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуй эрхлэхийг болиулмаар байна

Төв аймгийн Жаргалант сумын Талбулагийн “Хөх баян булаг” ХХК-ийн ерөнхий захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Ж.Ариунболдтой уулзаж ярилцлаа.

 -Танай суманд өнгөрсөн өвөл нэлээд цас орсон бололтой. Газар чийгтэй, тариалалт эхлэхэд тааламжтай харагдлаа?

-Угтвар чийг хангалттай байгаа. Жаргалантын энэ хөндийд 4000 гаруй га-гийн уринш байна. Энд чинь янз бүрийн л юм тарина. Төмс, улаан буудай, овъёос, рапс гээд юу байдаг бүгдийг тарина. Бидэнд тариалалт хийхэд ганцхан л хүндрэл байдаг. Энэ бол мал. Жаргалант руу ороод ирэхэд дүүрэн мал байгаа биз дээ. Намайг анх 1994 онд ирж байхад Жаргалантын сангийн аж ахуй 25 мянга гаруй малтай байсан юм. Гэтэл одоо сумын хэмжээнд 170 мянган толгой мал байна. Тариа ургачихсан байхад дотор нь малаа оруулаад идүүлнэ. Хэлэхээр “Энэ чинь тариа юм уу. Бид мэдэхгүй ш дээ” гэдэг. Энд малчин, тариачин хоёр байнга биенээ ад үзнэ. Мал, бид хоёр хоёулаа Үндсэн хуулийн хамгаалалтад байдаг. Хүн зодвол шоронд ордогтой адил малыг хөөвөл би өөрөө асуудалд орчих гээд байна. Мал, тариа хоёр хуулиараа зөрчилдөөд байна. 

-Тариалангийн эрчимжсэн бүс нутгийг зарлачихвал энэ асуудал цэгцрэх байх?

-Тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал аж ахуйг болиулчих хэрэгтэй. Малын хулгай их байна гээд байдаг. Их байхаас яах вэ. Малаа хээр хаячихаад мотоциклио унаад айраг эргүүлээд, морь уяад явчихаар чинь эзэнгүй, бэлэн байгаа юмыг хүн авахаас яах юм. Тариалангийн бүсэд байгаа мал аж ахуйг эрчимжүүлэх хэрэгтэй. Хэрвээ эрчимжүүлэхгүй гэвэл энэ бүсэд байгаа малаас малын хөлийн татварыг нь өндөр авах ёстой. Тариаланчид хөрсөндөө анхаарал хандуулаад Оросын технологи болохгүй юм байна гээд химийн уринш хийх болсон. Дээрээс нь техник төхөөрөмжиндөө анхаарал хандуулаад утаа баагиулаад, хамаг тос маслоо гоожуулаад байдаг 75 трактороо больчихлоо. Өндөр хөгжилтэй орнуудын техник технологийг бүгдийг оруулаад ирчихлээ. Ингээд бүх зүйлээ зэхчихээд химийн уриншаа хийнэ. Гэтэл уринш хийсэн талбай дээгүүр мал явчихдаг.

-Химийн уринш гэдгээ тайлбарлахгүй юу?

-Химийн уринш гэдэг маань үндсэндээ хөрсөө хөндөхгүйгээр хөрсөн дээр ургаж байгаа зэрлэг ургамлыг устгаад буцаад хөрсөндөө үржил шимээ өгдөг. Би 2015 онд тарих тарианыхаа талбайг бэлтгэхийн тулд ирэх сард буюу хүүхдийн баярын маргаашнаас уриншдаа эхний ээлжийн хүмүүсээ гаргана. Хоёрдугаар ээлжээ улсын баярын дараа гаргадаг. Ингээд уриншаа хийчихдэг. Үүнийхээ үр дүнг би 15, 16 сарын дараа үзэх юм. Гэтэл тэр хооронд өвөлжингөө мал дээгүүр нь яваад талхиад хаячихдаг. Малын хөлөөр гадна нь байгаа зэрлэг өвсний үр цацагдаад миний хийсэн уриншид орчихдог. Малын ялгадсыг бараг л бордоо ухааны юм ярих гээд байдаг. Ялгадсыг тусгайлан боловсруулж байж шивтрийн бордоо гэж зүйл гаргаж ирдэг. Ялгадсанд бактери байдаг учир зэрлэг ургадаг. Ингээд л бидний хийсэн ажил талаар өнгөрдөг. Заримдаа би өөрийгөө ойлгодоггүй юм, юу хийгээд байгаагаа. Намар тариагаа ургачихсан байгааг харах юм уу, үтрэм дээр тариагаа буулгачихаар “Би чинь нээрээ тариачин хүн юм байна” гэж өөрөөрөө бахархана. Тэгтэл хүн амьтны мал талбай руу орчихоор туугаад гаргаад ирэхээрээ өөрийгөө шоронгийн хянагч юм болов уу гэж бодно. 

-Танайхыг газар тариалангийн салбарт хувьчлагдсан анхны компани гэдэг билүү?

-1994 онд хувьчлагдсан. 21 жил тариа тарьж байна. 

-Тариалангийн бүс нутагт малын тоо толгойг зохистой харьцаанд барьж байгаа газар хаана байна вэ?

-Хаана ч байхгүй. Сэлэнгэ аймаг бодлогоороо жаахан зохицуулсан. Тус аймаг 2012 оны жилийн эцсийн тооллогоор 1.7 сая малтай байж. Өнгөрсөн онд эрчимжсэн мал ахуйг дэмжсэнээр малын тоо нь 150 мянгаар багасчихаад байгаа юм байна. Энэ чинь болж байгаа юм. Малаа яах вэ, тариагаа яах вэ гэдэг дээр л бид зөрчилдөөд байна. 

Улс тариалангийн компаниудад 50 хувийн урьдчилгааг нь төлөөд шатахууныг нь зээлээр өгчихөж байна. Хорин хувийн урьдчилгааг нь төлөөд үрийн буудайг нь өгч байна. Банкны зээл олдоно гэж байхгүй л дээ. Жишээ нь, арван тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй газар тариалангийн компани компаниа барьцаалаад зээл авъя гэвэл өгөхгүй. Тэгэхийнхээ оронд Улаанбаатарт байгаа гурван өрөө байраа барьцаалаад зээл авч байна. Газар тариалан ийм үнэлэмжгүй болчихоод байна. Манай компани өнөөдөр гучин ажилчинтай. Тэдний нийгмийн даатгалыг тогтмол төлж байна. Эрүүл мэндийн даатгалыг нь төлж байна. Газрын татвар, ашигтай ажиллавал ашгийн татвараа төлж байна. Үндсэндээ бид баялгаа бүтээгээд л явж байна. Тэгтэл өнөөдөр малчин юу бүтээв. Малын хөлийн татваргүй болсон. Сүүлдээ малчдын нийгмийн даатгалыг нь төлөх гээд байгаа юм биш үү. Бид өчнөөн олон жил ганд нь ч нэрвэгдлээ, цасанд нь тариагаа дарууллаа. Тэр болгонд бид төрөөс ингээч, төр минь нэг ингэж үзээч гэдэггүй. Гэтэл малчдад асуудал тохиолдвол хангалттай харж үздэг. 

-Та малчдад анхаарал хандуулж байгаа шигээ тариаланчдаа ч харж үзэх ёстой гэж хэлэх гээд байна уу?

-Нэг кг гурил 520 төгрөг байсан. Тэгэхэд нэг кг махны үнэ 1500 төгрөг байсан. 2013 оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл гурил тэр үнээрээ л байсан. Гэтэл мах өнөөдөр 10 мянган төгрөг болсон. Ийм байж болохгүй биз дээ. Малчин өнөөдөр мах, ноос, ноолуур, арьс, ширэнд урамшуулал авч, хүүхдүүд нь үнэ төлбөргүй сурч байна. Тариаланчдад буудайнд урамшуулал өгч байна гэж ярьдаг. Өнгөрсөн жил нэг тонн буудайны өөрийн өртөг нь 330 мянган төгрөг байсан. Тэгтэл борлуулсан үнэ нь 300 мянга. Нэг тонн буудайн дээр 30-40 мянган төгрөгийн алдагдал хүлээж байсан. Алдагдлаа үүрээд, засгаас өгч байгаа урамшуулал гэдэг юмаараа алдагдлаа нөхөж, банкны хүүгээ төлөөд явдаг. Өнгөрсөн жил Хөдөлмөрийн яамнаас ажилчдын цалингаа нэмэх шаардлагатай гэсэн. Бид нэмсэн. Цалингаа яаж нэмэх вэ. Бидэнд ганцхан л арга байгаа шүү дээ. 50 байсан ажилчнаа 35 болгож тоог нь цөөлсөн. 15 хүнийг нь би ажилгүйчүүдийн эгнээнд өгсөн. Тэгж л цалингаа нэмнэ шүү дээ. Өөр ямар ч арга байхгүй. Өнөөдрийн манай энэ тогтолцоо буруу байна. Үйлдвэрчний эвлэл гэдэг  байгууллага юу хийдэг вэ. Нам унтаж унтаж байгаад гэнэт нойрноос сэрээд “Цалин нэм” л гэдэг. Үйлдвэрчний эвлэл өнөөдөр цалин нэмэхийн төлөө биш ажилчин ангийг ажлын байртай байлгах, юмны үнийг өсгөхгүй байхын төлөө л тэмцэж байх ёстой. 

-Яам нэг тонн буудайн үнийг өсгөсөн гэж зарласан?

-460 мянга гэсэн үнэ зарлаж байна. Буудай үнийг өнгөрсөн жилийнхээс 43 хувиар нэмчихэж байгаа юм. Өнгөрсөн жил үтрэм дээр ажил эхлэхэд ирж байсан дизель түлшний үнэ 1600 төгрөг байсан юм. 2013 оны тавдугаар сарын 1-нд гэсэн үг шүү дээ. Гэтэл одоо үтрэм дээр ирж байгаа нэг литр түлшний үнэ 1790 төгрөг байна. Өнгөрсөн жилийг бодоход шатахууны өөрийн өртөг 11.8 хувиар нэмэгдсэн байгаа биз дээ. Манай компанийн жилийн нийт зардлын 0.003 хувьд нь дотоодоосоо юмаа авч байна. Өөрийнхөө хонины мах, Жаргалантын хөрсөнд ургуулсан төмс, өөрийнхөө тариад ургуулсан буудайгаар хийсэн гурилаа иднэ. Ингээд дээр нь “Мон лаа”-гийн лаагаа авна даа. Үлдсэн бүх юм нь валютын хамааралд байна. Дандаа гаднаас, импортоор орж ирсэн юм л хэрэглэдэг. Өнгөрсөн жил сэлбэг авахад нэг ам.долларын ханш 1420 төгрөг байсан. Одоо 1800 төгрөг болчихоод байна. Ингэхээр ам.доллар 23 хувиар өсчихөөд байна. Шатахуун 23 хувиар өсчихсөн. Хооронд нь нэмэхээр 43 хувиа барьчихаж байгаа биз. Буудайн үнийг өсгөлөө гэж ингэж худлаа яриад байгаа байхгүй юу. Ингэхээр бид яах вэ. Цалингаа нэмж чадахгүй. Дахиад л надад ашиг байхгүй, алдагдал хүлээнэ. Сэлгээний ургамал гээд рапсын тос тарихаас өөр арга байхгүй. Бид ийм л байдалд орчихсон байна. 

-Танай компани тариалалтаа хэзээ эхлэх гэж байна вэ?

-Энэ сарын 5, 6-наас тариалалтаа эхэлнэ. Манай Жаргалантын тариалалт эхлэх хамгийн ашигтай хугацаа нь тавдугаар сарын 5-наас 25-ныг хүртэл байдаг юм. Энэ хугацаанд багтааж тариалалтаа хийж дуусгана. 

Бид юу тарихаа мэдэхгүй байна шүү дээ, чин үнэнээ хэлэхэд. Аль алинаа бодоод л энэ компаниа яавал алдагдалгүй явуулах вэ гээд хэдэн га-д төмс тарих вэ, улаанбуудайг хэдэд нь тарих вэ. Овъёос тарих уу, тэжээлийн ургамал рапсийг нь тарих уу гээд л бодож байна. 

Д.САРУУЛ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *