Бүгд найрамдах Итали улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тус улсын Наполи хотын Дорно дахины их сургуулийн Ректорын урилгаар зургаадугаар сарын 21-ний өдөр тус их сургуульд зочилжээ.
Элчин сайд их сургуулийн проректор профессор Жоржиo Банти, Ази судлалын тэнхимийн эрхлэгч профессор Микеле Бернардини, тэнхимийн профессор Донателла Гуида нартай уулзаж ярилцсан байна. Профессор Ж.Банти өөрийн их сургуулийн түүхийг Элчин сайдад танилцуулж, дэлхийн 100 орчим орны их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг тус их сургууль нь өнгөрсөн онд МУИС-тай Хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулж, оюутан, багш, профессорын солилцооны талаар тохирсон тухай сонирхуулжээ.
Тус их сургууль нь дэлхийн 80 гаруй гадаад хэл заадаг, Европт төдийгүй дэлхийд томоохонд тооцогддог гадаад хэл, олон улс судлалын төв бөгөөд 1980-аад онд Монгол, Түвд судлалын чиглэлээр ажиллаж байгаад түр зогсоосон талаар проректор Ж.Банти дурдсан юм. 2018 оноос Монголын түүхийн хичээл зааж эхлэх, улмаар 2020 оноос Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаа талаар проф. М.Бернардини мэдээлж байв.
Монгол судлалын уламжлалтай, гадаад хэл, орон судлалын Италийн томоохон их сургуульд Монгол судлалын анги нээхээр төлөвлөж байгаад Элчин сайд талархал илэрхийлж, Монголын төр, засгийн зүгээс гадаад улс орнуудад Монгол судлалыг хөгжүүлэхэд бололцооны хэрээр дэмжлэг үзүүлж байгаа талаар мэдэгджээ.
Монгол Улс, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох 2020 онд Монголын түүх, соёлыг илтгэсэн томоохон хэмжээний үзэсгэлэнг Итали Улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар Элчин сайд Ц.Жамбалдорж мэдээлээд, тус их сургуулийн проф. М.Бернардини уг асуудлаар идэвх санаачилгатай ажиллаж байгааг нь өндрөөр үнэлж буйгаа мэдэгдсэн юм.