Categories
гадаад мэдээ

Итали: Оросын олигархуудын дарвуулт онгоц, байшингуудыг хураан авчээ || DNN.mn

Италийн Санхүүгийн цагдаагийн алба ОХУ-ын таван олигархийн 143 сая евро буюу 150 сая гаруй ам.доллароор үнэлэгдэх вилла, байшин, дарвуулт завь зэргийг хураан авсан байна. Энэ талаар бямба гараг /2022.03.05/-т тус улсын цагдаагийн газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Санхүүгийн цагдаагийн тусгай хэлтэс Генуя хотын эдийн засаг, санхүүгийн цагдаагийн хэлтэс, тэнгисийн цэргийн ажиллагааны газартай хамтран баасан гараг /2022.03.04/-т Оросын хэд хэдэн олигархуудын эд хөрөнгийг битүүмжлэх тушаалыг гүйцэтгэсэн байна

Нэр дурдсан этгээдүүдийн хөрөнгийг царцаах тушаал гарчээ:

1/ Алексей Александрович Мордашовын Генуя хотын боомт дахь “Lady M” дарвуулт онгоц, ойролцоогоор 65 сая евро /ойролцоогоор 71 сая ам.доллар/

2/ Геннадий Николаевич Тимченкогийн Сан-Ремо хотын боомт дахь “Лена” дарвуулт онгоц, ойролцоогоор 50 сая евро /55 сая ам.доллар/

3/ Алишер Усмановийн Арзакена дахь Гольфо-дель-Певеро хотод байрлах үл хөдлөх хөрөнгө, ойролцоогоор 17 сая евро /ойролцоогоор 18 сая ам.доллар/

4/ Владимир Рудольфович Соловьевийн Комо муж дахь 8 сая орчим евро буюу 8.7 сая ам.долларын үнэн бүхий үл хөдлөх хөрөнгө

5/ Олег Савченкогийн Лука муж дахь XVII зууны үеийн “Villa Lazzareschi” /Вилла Лаццарески/ шилтгээн, үнэлгээ нь 3 сая орчим еврогийн буюу 3.3 сая ам.доллар

Эдгээр хоригийг Европын Холбооны зөвлөл Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийлэл үйлдсэнтэй холбогдуулан хэд хэдэн хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг арга хэмжээ авсны дараа авсан юм.

Үүнээс өмнө, Оросын тэрбумтан Алишер Усмановийн дарвуулт онгоцыг Герман хураан авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Усмановийн эзэмшдэг “Dilbar” /Дилбар/ бол 15,917 тоннын багтаамжтай дэлхийн хамгийн том моторт дарвуулт завь бөгөөд хамгийн том усан сантай, хоёр ч нисдэг тэрэг буух боломжтой, дотроо саун, гоо сайхны салон, биеийн тамирын заалтай аж.
Алишер Усманов нь эл дарвуулт онгоцоо 2016 онд 600 сая ам.доллароор худалдаж авч байсан агаад түүний захиалгаар 52 сарын хугацаанд бүтээжээ. 2021 оны аравдугаар сараас хойш эл дарвуулт онгоцыг дахин шинэчлэхээр Гамбург боомтод байрлуулсан байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *