Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.06.06) хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хоёр асуудал хэлэлцсэн. Эхлээд “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа.

Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы зургадугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” 96 дугаар захирамжид заасан Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, “Тогтоолын хавсралтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, /“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”/-ийг хэлэлцэхээр Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эдийн засгийн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд энэхүү цагалвар хамаарахгүй гэдгийг Ж.Бат-Эрдэнэ гишүүн танилцуулав. Төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул төслийг батлах санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудлыг цагалвар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Дараа нь Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулсан юм.

Иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн агаарын тээврийн цар хүрээ өргөжиж, аюулгүй ажиллагааны олон улсын стандарт шаардлага илүү боловсронгуй болж, салбарын хөгжлийг дэмжих, үр ашигтай, өрсөлдөх чадвартай иргэний нисэхийг өргөжүүлэхэд чиглэсэн оновчтой, үр дүнтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуулийн хуулийг шинэчлэн найруулах шаардлага үүссэн гэв. Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг 51 зүйлтэй. Төсөлд иргэний нисэхийн хяналт, зохицуулалт, түүнийг хэрэгжүүлэх байгууллагын зохион байгуулалт, чиг үүрэг, үйл ажиллагааны зохицуулалтыг олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөмж болгосон иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлэн тусгасан байна. Түүнчлэн шинжлэн шалгах, судалгаа дүгнэлт хийх эрх бүхий байгууллагын статусыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас санал болгосон “Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хууль”-д нийцүүлэн төслийг боловсруулсан байна. Иргэний нисэхийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, түүний бүрэн эрхийг олон улсын эрх зүйн зохицуулалтын практик туршлагад тулгуурлан эрхийг төвлөрүүлж, үүргийг хавтгайруулсан тогтолцоог өөрчлөх зорилгоор шийдвэр гаргах эрх бүхий субъект болох “Дарга”-ын эрх, үүргийг хамтад нь тодорхой тусгаж өгчээ. Иргэний нисэхийн мэргэжлийн хяналт зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй агентлаг (ИНЕГ)-ын бүтэц, үйл ажиллагаанаас эдийн засгийн зохицуулалт, аж ахуйн үйл ажиллагааг салгаж, эдийн засгийн зохицуулалтыг иргэний нисэхийн асуудал эрхэлсэн яаманд, бизнесийн үйл ажиллагааг компанийн хэлбэрт шилжүүлэх, ИНЕГ-ын статусыг тохируулагч агентлаг байх нь оновчтой хэмээн үзжээ. Өрсөлдөх чадвар бүхий агаарын тээврийг хөгжүүлэх, зорчигчдын эрх ашгийг хамгаалахад чиглэсэн эдийн засгийн зохицуулалтыг шинээр тусгасан байна. Одоогийн хуульд зөвхөн одоо тээвэрлэгчийн эзэмшилд байгаа агаарын хөлгийг зохицуулж байгааг өмчийн олон хэлбэрийн агаарын хөлгийг үйл ажиллагааг зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа гэв.

Өмчийн олон хэлбэрт ашиглалтын төрөл бүрийн нөхцөлд нисэх буудлуудын зохицуулалт, нислэгийн аюулгүй байдал, нислэгийн хөдөлгөөний нэгдмэл байдлыг хангасан үйлчилгээний үйл ажиллагаа, төр, төрийн зохицуулалтыг төсөлд шинээр тусгажээ. Монгол Улсын агаарын зайд агаарын навигацын үйлчилгээг иргэний нисэхийн дүрмээр гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд үзүүлэхээр тусгасан. Мөн одоо агаарын тээврийн үйл ажиллагааны төрлийг тогтоож, ерөнхий зориулалтын нисэхийн зохицуулалтыг тодорхойлсон зэрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, зохицуулалт, үйл ажиллагааны цар хүрээ харилцааг хуулийн төсөлд тодорхой тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан. Төслийг баталснаар манай улсын иргэний нисэхийн үйл ажиллагааны аюулгүй, үр ашигтай, хүртээмжтэй байдал нэмэгдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирч, хөрөнгө оруулалт, өрсөлдөөн нэмэгдэх, салбарын бүтэц, зохион байгуулалт, нисэхийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоо оновчтой, боловсронгуй болгох эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан бол төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Н.Ганибал, Ж.Бат-Эрдэнэ нар үг хэллээ. Ингээд Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 60 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ DNN.mn

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасан.

Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталж, 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам өргөжиж байна. Түүнчлэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хуулийг 2013 онд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын загварын хуулийг 2014 онд тус тус боловсруулж, гишүүн улс орнуудад мөрдөж ажиллахыг зөвлөмж болгожээ.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 10 бүлэг, 51 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар,

-Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирна.

-Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулна.

-Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигаци, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэнэ. Ингэснээр бие даасан үйл ажиллагаа явуулах, орон тооны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх боломжтой болно.

-Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.

-Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Ингэснээр төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилнэ.

-Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ.

-Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулна. Шинээр агентлаг байгуулахгүй тул бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсөвт дарамт үүсэхгүй бөгөөд орон тоо дунд хугацаанд нэмэгдэхгүй байхаар тооцсон байна.

-Засгийн газрын агентлагийн үзүүлдэг агаарын навигацийн болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг салбарын сайд танилцуулав.

Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсад иргэний нисэх хүчин үүсэж хөгжсөний 98 жилийн ой, агаарын тээвэрлэгчдийн баярын өдрөөр Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *