“ТЭТГЭВЭРТ ГАРСАН ХОЙНОО Л ХОРООНЫХОО ХУРАЛД СУУНА ДАА…”
Энэ бол гашуун үнэн. Иргэд орчны
тохижилт, хууль бус үйлдлийг ойшоохгүй, голдуу төрийг тойрсон сэдвийг сонирхож,
улстөрчдийн хэлсэн үг рүү хошуурна. Интернэтээр төрийн бодлогын талаар маргана.
Мэдээж, иргэн бүр төрийн үйл ажиллагааг хянах нь зөв. Гэтэл нөгөө талаас бид орц,
хашаанаасаа гараад л бохир, харанхуй гудмаар алхаж, охид, хүүхдүүд нь амь өрссөн
зам туулан хичээлдээ явцгаана… Орчноо тохижуулах дүрэм журмаа хэлэлцдэггүй, хорооны
бодлогоо боловсруулдаггүй, хорооны хэмжээний асуудлыг ойшоохгүй, оролцохгүй, хороо,
дүүргийнхээ төсвийг хянаж мэддэггүй, оршин суугаа газрынхаа түвшинд шийдвэр гаргаж
сураагүй хүмүүс яаж төрийн шийдвэрийг залуурдах гэж?
ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ БОЛ ИРГЭД ЭРХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ ИНДЭР
Ардчилал бидний оршин суугаа тэр
л “Үндсэн нутаг”-ийн асуудлыг хэлэлцэн шийдэхээс эхэлнэ. Нутаг дэвсгэрээ өөрсдийн
мэдэлд авч, дагаж мөрдөх дүрэм журмаа батлан,
хамгаалалтдаа авсан цагт улс орон эзэнтэй болно. Тэр цагт ямар ч эрх мэдэлтэн, бизнесийн
эрх ашиг иргэдийн эрх ашгийг нухчин дарж, газар нутгийг нь хүчээр ашиглаж чадахгүй.
Баг, хорооны иргэд байгаль орчин, нутаг дэвсгэрийнхээ эрүүл, аюулгүй орчныг хамгаалах
үүднээс хэлэлцэн баталсан “Үндсэн хууль” гэж нэрлэж болохоор тэрхүү хууль ёсны баримт
бичгийг гаднын хэн ч хүндлэн дагах үүрэг хүлээнэ гэсэн үг. Ардчилал хөгжсөн улс
орнуудад иргэдээрээ хэлэлцүүлэн хот суурин, нутаг дэвсгэрийнхээ “Үндсэн хууль”-ийг
заавал баталж, чандлан дагаж мөрдүүлдэг учир хэнд ч дураараа дургих боломж олддоггүй.
Алга дарам газар бүр эзэнтэй учир алга дарам газар бүхэн үнэ цэнэтэй.
Иймд баг, хорооны ИНХ нь сонгуулийн
үеэр “амь ордог” нэгж биш, ахмадууд цуглаж, нэг нэгийнхээ барааг харж, баясдаг цугларалт
ч биш, нийгмийн халамж горилогчдын уулзалт ч биш, Засаг дарга нь өөрийн намын үнэнч
гишүүдийг нэр цохон урьж, “дээрээс” гарсан шийдвэр төдийхнийг танилцуулдаг цаг ч
биш юм. Монгол үндэстний гал голомт бол баг, хорооны иргэд. Тэдний шийдвэрийг хэрэгжүүлэх
нь гал голомтоо хамгаалж буй хэрэг. Үндэсний эрх ашиг энэ л гал голомтоо хамгаалахаас
эхэлнэ.
БОДЛОГО, ШИЙДВЭР ГАРГАХДАА ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХӨТЛӨХ ТУСГАЙ АРГА АШИГЛАХ ШААРДЛАГАТАЙ
БАЙНА
ӨНӨӨГИЙН ХУРЛЫН НИЙТЛЭГ ТӨРХ
Нэгэн багийн ИНХ-ыг ажиглалаа.
Хурлын зарыг там тумхан авсан иргэд тал талаас
яаран цуглав. Хурал эхэллээ. Сумын ИТХ-ын дарга, ЗДТГ-ын ажилтнууд, багийн ИНХ-ын
дарга, сумын цагдаа зэрэг хүмүүс ээлж дараалан, цаасан дээр бичсэн баахан мэдээлэл
уншиж танилцуулав. Иргэдэд мэдээлэл хүрч байгаа эсэхийг ч сонирхсонгүй. Мэдээллийн
цагийн дараа иргэдэд асуулт асуух боломж олгов. Хэсэг нам гүм байснаа гэнэт энд
тэндээс зэрэг зэрэг асууж эхлэв. Асуултын хариуг дарга ч өгнө, иргэд ч өөр өөрсдийнхөө
ойлгосноор хариулт өгнө. Танхим зөгийн үүр мэт дүнгэнэж байна. Сэдэв нь өөрөө ноцтой
байснаас ч тэр үү, өмнө нь энэ хурлын сэдэвтэй танилцаа ч үгүй ирсэн иргэдийн дунд
маргаан дэгдэж байна. Дарга өндөр дуугаар зандран, намжаах аядна. Иргэд бусад мэдээллийг
нэгэнтээ мартагнаж, ноцтой сэдэв рүү хошуурцгаав. Иргэд дургүйцэх авч дарга
нар саналаа зүтгүүлсээр, дургүйлхсэн иргэдийг толгой түрүүгүй загнан, дарга нарын
саналыг дэмжигчдээс хоёр хүнийг сонгож, хот руу хуралд явуулахаар шийдэв. “Дэмжсэн
нь гараа өргө!” гэхэд өөр хоорондоо маргалдсаар
суугаад учрыг нь ч олоогүй иргэд ямар асуудал эхэлснийг ч ойшоосонгүй. Сонссон нэг
нь гараа өргөх дургүй байлаа. Гэвч дарга нар нь асуудлаа шийдүүлсэн хэмээн үзлээ.
Морины уралдааны бай ярихад уяач хэдхэн нөхөд гар өргөн асуудлыг шийдэв. Хуралд
ирсэн эмэгтэйчүүд, зарим залуус үг хэлмээр байвч тэдний саналыг угаасаа ойшоодоггүй
бололтой. Давамгайлж ярьдаг цөөн нөхөд л багийн асуудлыг шийдчихдэг янзтай. Ингээд
хурал дуусав. Эцсийн шийдвэр яаж гарсныг, хурлаас гарах шийдвэрийн төслийг хэзээ,
хаанаас авч танилцаж болохыг ч бүү мэд. Ингээд дарга нар санасандаа хүрч, иргэдээр
“хэлэлцүүлэн” шийдвэр гаргасан нэртэй хурал өндөрлөв.
Гэтэл хөтлөх урлагийн аргаар явуулсан
нэгэн багийн хурал дээр хөтлөгч нь “нөлөөлөхийг хориглоно” гэсэн саналыг хурлын
дэгд оруулах санал гаргаж, иргэд дүрмийг гар өргөн баталснаар сумын Засаг дарга
нь дүрмээ хүндэтгэн, хурлыг орхин гарснаар иргэд аливаа дарамтгүй асуудлаа шийдэж
чадсан юм. Засаг дарга ч асуудлыг иргэдээр шийдүүлсэндээ сэтгэл хангалуун байв.
ХӨТЛӨГЧТЭЙ ХУРАЛ БУЮУ ИРГЭДИЙН САНАЛААР ШИЙДВЭР ГАРГАХ НЬ
“Хөтлөх урлаг” нь олон нийтийн
хурал, уулзалт хөтлөх, төсөл хөтөлбөр боловсруулах, төлөвлөх, олон нийтийн оролцоотой
шийдвэр гаргах, албан байгууллага ажлаа төлөвлөх, байгууллагын бүтэц, ажлаа сайжруулах
зэрэг үйл ажиллагаанд иргэд, ажилтнуудынхаа саналыг тусган, ил тод шийдвэр
гаргахад хэрэглэдэг түгээмэл арга юм. Ардчилсан улс орнуудад хөтлөх урлагийн чадавхийг
удирдах ажилтнууд, ИТХ, ИНХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчдөд албан ёсоор тусгай сургалтаар
эзэмшүүлдэг. Мөн тусгай эрх авсан, мэргэшсэн хөтлөгчтэй гэрээ байгуулж, олон нийт,
байгууллагын хамт олныг хамруулсан шийдвэр гаргах, төлөвлөх, ажилдаа үнэлгээ дүгнэлт
өгөх хурал, хэлэлцүүлгийг хөтлүүлдэг. Хөтлөгчийн гол үүрэг нь тухайн хурал, хэлэлцүүлэгт
урьдчилан бэлтгэж, хэлэлцүүлгийн үеэр оролцогчдыг гол сэдвээс хазайлгалгүй, төлөвлөсөн хугацаанд багтаан үр дүнд
хүргэх явдал. Хэлэлцүүлгийн бэлтгэлээс хэлэлцүүлгийн явц, үр дүн шууд хамаарах учир
бэлтгэлээ сайн базаах нь чухал. Хөтлөгч цагаа хуваарилахдаа бэлтгэл 60%, хэлэлцүүлгийн
явц 40% байхаар төлөвлөнө.
ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ
Бэлтгэл ажил нь хэлэлцүүлгийн
зорилго, сэдвийг оновчтой тодорхойлох, хурлын танхимыг сонгох, суудлын зохион байгуулалтыг
төлөвлөх, хөтөлбөр гаргах, хурлын дэгийг тогтоох, сэдэвтэй холбоотой мэдээлэл өгөх,
илтгэгчдийн сэдвийг тодорхойлохыг хэлнэ. Хурал эхлэх, дуусах, завсарлах цаг, хурлын
хөтөлбөр, дэг, бүхий л чухал мэдээлэл, хэлэлцэх сэдэв зэргийг дүрсжүүлж бэлтгэн,
өнгийн картууд, цаасан самбар дээр өнгө ялган бичиж, карт, самбаруудад түшиглэн
хэлэлцүүлгийг хөтөлнө. Хөтөлбөр, үзүүлэн болон бусад материал нь хурал, хэлэлцүүлгийн
амжилтын үндэс. Хэлэлцэх бүхий л асуудлыг хурлын явцад дүрсжүүлэн буулгаж, тэмдэглэл
хөтөлж явах шаардлагатай ба хурлын дараа протоколын хавсралт болгон үлдээнэ.
ХУРАЛ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦ
Хурлын эхэнд сэдэв, зорилгыг танилцуулж,
хөтөлбөр, эхлэх, дуусах, завсарлагын цагийг бичсэн байна. Хурлыг хөтөлбөрийн дагуу
цагт нь багтаан явуулна. Хөтөлбөрийг танилцуулсны дараа хурлын дэгээ нийтээрээ
хэлэлцэн батална. Жишээ нь, гар утсаа унтраах, зэрэгцэж ярихгүй, хоорондоо ярихгүй
байх, удирдлагын зүгээс иргэдийн бодол санаанд нөлөөлөхгүй, төлөвлөсөн сэдвээс хазайхгүй
байхыг тусгасан дэгийг оролцогчидтой зөвшилцөн, гар өргөж батлуулна.
Хөтлөгчийн үүрэг бол хөтөлбөрийн үе шат бүрийг нэгтгэн дүгнэж, талуудыг
харилцан ойлголцолд хүргэж явах, гарсан гол санал, мэдээллийг томоор, гаргацтай
бичиж, нийтэд харагдах газарт байрлуулах. Оролцогчдыг бүлгүүдэд хуваарилж, хөтөлбөрт
тусгасан сэдвүүдийг өөрсдөөр нь хэлэлцүүлнэ. Бүлгийн ажлын тусгай аргууд бий. Гол
зорилго нь цаг хэмнэх, олуулаа санал бодлоо солилцох, олны өмнө үг хэлэх айдсаас
хамгаалах, иргэдийг шийдвэр гаргахад оролцуулах.
Хөтлөгч нь оролцогчдод сэдвийг тайлбарлан, иргэд болон бүлгийн ажлаас
гарсан үр дүнгийн агуулгыг эмхлэн нэгтгэж, агуулга, явцын талаар оролцогчдод байнга
сануулан, ойлгуулж явна. Хөтлөгч нь хурлыг гол сэдвээс хазайлгахгүйн сацуу оролцогчдыг
идэвхжүүлэн хөгжөөх, тэгш оролцуулах, хэн нэгний талд орж, хөндлөнгөөс нөлөөлөхгүй,
шийдвэр гаргахад оролцохгүй. Хөтөлбөрийн дагуу шинэ сэдэв эхэлснийг, хэлэлцэж дууссаныг
оролцогчдод байнга зарлаж, дараагийн шат руу оруулж байх учир олон нийтийн оролцоотой
шийдвэр гаргаж чадна. Урьдчилан бэлтгэх нь
хэн нэгний найруулсан “жүжиг”-ээс ангид ойлголт. Бэлтгэлээ сайн хангасан
хурал, хэлэлцүүлэг нь цаг хэмнэж, үр дүнд хурдан хүрдэг. Баг, хорооны ИНХ, Иргэний
танхимын хэлэлцүүлгийг хөтлөх энэ аргыг ИНХ-ын дэгд хуульчлан оруулах юм. “Хөтлөх
урлаг”-ийн сургалтыг Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр Азийн сан хэрэгжүүлж,
“Орон нутгийн удирдлагын түвшинд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд
явуулж байгаа ба “Хөтлөх урлаг”-ийн сургалтанд хамрагдсан Шууд ардчилал хүрээлэн,
МУИС, Санхүү эдийн засгийн сургуулийн сургагч багш нар явуулж эхлээд байна.
Доктор А.САРУУЛ
Шууд ардчилал хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал