Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдэд баримт олгохгүй бол орлогынх нь хоёр хувиар торгоно

НӨАТ-ын буцаан олголт, урамшууллын систем өчигдрөөс орон даяар эхэлсэн билээ. Тодруулбал, иргэн та бараа, үйлчилгээ авахдаа төлдөг НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах боломжтой юм. Уг системийг хэрэгжүүлэх төслийн багийнхны зүгээс бэлтгэл ажлаа бүрэн хангаж дууссан бөгөөд одоо аж ахуйн нэгж, байгууллагуудыг цахим баримтыг нэг бүрчлэн үйлчлүүлсэн иргэдэд олгохыг шаардах, шалгах ажил өрнөж байгаа аж.

Өнөөдрийн байдлаар нийт 7000 гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага НӨАТ-ын буцаан олголт, сугалаа бүхий цахим баримтыг хэвлэн олгож эхлээд байгаа юм байна. Тухайлбал, бүх шатахуун түгээх станцууд, томоохон супермаркетууд, түргэн хоолны сүлжээ, найман нэрийн барааны дэлгүүрүүд, Некст элекрониксийн бүх салбарууд цахим баримт олгож байна. Мөн Баянүзүрх захын наймаачид ч дундын нэг хэвлэх машинаар цахим баримт иргэдэд олгож байгаа ажээ.

Энэ мэтчилэн нийтдээ 27000 гаруй байгууллага цахим баримтыг хэвлэж өгөх үүргийг хуулиар хүлээж байна. Тиймээс баримт өгөхгүй байгууллагуудыг шалгаж, 10 хоногийн хугацаат үүрэг өгөх нь ээ. Хэрэв сануулга авсан байгууллагууд 10 хоногийн дараа гэхэд цахимт баримт хэвлэж өгөх ажлыг хэрэгжүүлээгүй тохиолдолд орлогынх нь хоёр хувьтай тэнцэх төгрөгөөр торгох юм байна.
Харин иргэдийн зүгээс баримтаа шаардаж авах хуулиар олгогдсон эрхтэйгээ санах хэрэгтэй. Дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ тухайн газрыг НӨАТ төлөгч мөн эсэхийг лавлаж, хэрэв мөн бол баримтаа нэхэх ёстой юм байна. Таны аваагүй орхисон баримт бүр таны буцаан авах мөнгө, үүгээр зогсохгүй 100 сая төгрөгийн хонжвортой сугалаа ч байх эрсдэлтэй тул заавал шаардаж аваарай. Хэрэв танд баримт олгохгүй бол 1800-1288 дугаарт залган мэдэгдэх боломжтой.
Харин цахим баримтаа авсан бол www.ebarimt.mn сайтад бүртгүүлэн сугалааны эрхээ аваарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *