Иргэд Төрийн ордноор цахим аялал хийх боломжтой болжээ. Орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан бүтээсэн Төрийн ордонтой танилцах цахим аяллын вэб хуудсыг албан ёсоор нээх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Төрийн ордонтой танилцах энэхүү цахим аяллын вэб хуудсыг “Пано интерфейс” ХХК-ийн хамт олон орчин үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан өөрсдийн санаачилгаар амжилттай бүтээсэн гэдгийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэллээ. Англи, монгол тайлбартай эл цахим аяллаар иргэд сонгогчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны болон бусад танхимууд, Төрийн ордон дахь түүх, соёлын дурсгалт үзмэрүүдээс гадна УИХ-ын даргын албан өрөө тасалгаа, үе үеийн УИХ-ын дарга нар, Ерөнхий сайдуудын хөрөг зураг зэрэг сонирхолтой үзмэрүүдтэй танилцах боломжтой болж байгаа юм. Цахим хуудсыг бүтээхэд нийт 3000 гаруй ажлын материал орсны зэрэгцээ Төрийн ордны өрөө тасалгаа, хуралдааны танхим, музей, үзмэр зэрэг 42 обьектыг 100 гаруй цэгээс харуулснаараа онцлогтой ажээ. Цаашдаа Тамгын газрын зүгээс цахим хуудсыг улам боловсронгуй болгож бусад хэлний тайлбарыг нэмэх, Төрийн ордонтой танилцах захиалгыг цахимаар авах, хөдөлгөөнт дүрс, видео дүрсээр баяжуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Хэдийгээр иргэд Төрийн ордонд чөлөөтэй орж танилцах боломжтой болсон ч бүхэлд нь танилцах боломжгүй. Харин энэхүү виртуаль аяллын шинэ цахим хуудас нээгдсэнээр эх орныхоо зүг бүрт ажиллаж амьдарч байгаа иргэн хэн боловч хүссэн цагтаа гэрээсээ, албан өрөөнөөсөө, гадаад орноос ч энэхүү хуудсанд нэвтэрч Төрийн ордны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах боломжийг олгож байгаа юм. Та бүхэн Төрийн ордонд цахимаар аялахыг хүсвэл http://tour.parliament.mn цахим хуудас руу зочлоорой.