Эрүүл мэндийн яам өнгөрсөн жилээс иргэн бүрийг эрт илрүүлгийн үзлэгт хамруулах санаачилга гаргасан. Иргэн өөрийн төлсөн эрүүл мэндийн даатгалаар жилд нэг удаа 100 хувь үнэ төлбөргүй эрүүл мэндээ хянуулна гэдэг бусад улс оронд ч байдаггүй боломж. Нэг талаар энэ нь иргэдийн хайнга байдлыг өөгшүүлж буй мэт боловч нөгөө талдаа цөөхөн хүн амтай Монгол Улсад нэг хүний амь нас ч үнэ цэнтэйг харуулж байна. Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд 2022 оны тавдугаар сарын 01-нээс 2023 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 840 мянга гаруй хүн хамрагдаад буй.
Тус эрт илрүүлгийн үзлэг ирэх дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжлэх учир хамрагдаагүй иргэд харьяа эмнэлэгтээ хандахыг зөвлөж байна.
Одоогийн байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүмүүсийн 382 мянга 721 буюу 45,5 хувь нь эрэгтэйчүүд, 458 мянга 115 буюу 54,5 хувь нь эмэгтэйчүүд. Насны хувьд залуучуудын хамрагдах хувь бага байсан аж. Тиймээс энэ жилээс тодорхой зохицуулалтуудыг хийхээр болжээ.