“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж гишүүдийн ихэнх нь дэмжив.
Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, үндсэн чиглэлийн төсөлд Үндэсний аудитын газраар дүгнэлт гаргуулж Байнгын хорооны хуралдаанаар сонссон юм. Уг төсөл нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бодлогын үндсэн баримт, бичгүүдтэй хэр уялдсан талаар дэд ажлын хэсгээр дүгнэлт гаргуулсан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарзориг, Х.Баделхан, Б.Ундармаа, М.Билэгт нар Байнгын хорооны дарга болон Сангийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн юм.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй 61 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад 24 санал нь гишүүдийн олонхийн дэмжлэг авч, 37 нь санал нь дэмжигдээгүй аж.
Иймээс эхлээд Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжив.
Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын 9 дүгээр зорилтын 3 дахь хэсэгт “гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах” гэж; төслийн хавсралтын 18 дугаар зорилтын 4 дэх хэсэгт “цэргийн сургалт, бэлтгэлийн тогтолцоо, материаллаг баазыг бэхжүүлэх” гэж тус тус нэмэх; төслийн хавсралтын 16 дүгээр зорилтын 16.1 заалтын “Төрийн өмчийн талаар баримтлах бодлогыг шинэчлэх” гэснийг “Төрийн өмчийн үр ашгийг сайжруулах, хувьчлах үндсэн чиглэл, бодлогыг шинэчлэх гэж өөрчлөн найруулах; тогтоолын төслийн хавсралтын 5 дугаар зорилтод “Багануурын ДЦС-ыг барих ажлыг үргэлжлүүлэх” гэж; хавсралтын 10 дугаар зорилтод “зарим их, дээд сургуулиудыг Дархан-Уул, Орхон, Багануур, Сэлэнгэ аймагт нүүлгэн шилжүүлж, ажлыг эхлүүлэх,” гэж тус тус нэмэхээр тогтов.
Мөн тогтоолын төслийн хавсралтын 1 дүгээр зорилтод “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг сайжруулах, жижиг зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар 45000 ажлын байр шинээр бий болгох.” гэж; хавсралтын 14 дүгээр зорилтод “Их, дээд сургууль, МСҮТөв төгсөгчдөд өөрт бий болгосон ур чадвартаа түшиглэн ажлын байр, орлоготой болгох гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх тоног төхөөрөмж лизингээр олгох хөтөлбөр хэрэгжүүлэх.” гэж; хавсралтын 13 дугаар зорилтод “Иргэн бүрийг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлж эхлүүлэх.” гэж тус тус нэмэхээр боллоо.
Дараа нь тогтоолын төслийн талаар Байнгын хорооноос дэмжигдээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлсэн ч гишүүдийн ирц хангалтгүй байсан тул үдээс хойших хуралдаанд шилжүүлсэн юм.