Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хэлэлцэх асуудлын талаар Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулав.
Монгол Улсын 2015 оны төсөв өнгөрсөн хавар батлагдсан 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд батлагдахаар байгаа бөгөөд 2015 оны төсвийн зарлага 100 тэрбум төгрөгөөр буурч чадаж байгаа аж.
Танилцуулгын дараа Монгол Улсын 2015 төсвийн тухай хуулийн төслөөр зүйл, заалт тус бүрээр санал хураав.
Монгол Улсын төсөвт 2015 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,693,487.3сая төгрөгөөр батлах саналыг дэмжигдэв.
Монгол Улсын төсвөөс 2015 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5,603,277.6 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.
Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2015 онд хөрөнгө оруулалт зардлын хэмжээг 655,615.3 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжлээ.
2015 оны төсвийн жилд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 34,315.8 сая төгрөгөөр батлахыг гишүүдийн олонхи дэмжигдэв.
Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүнээс 52 нь зөвшөөрснөөр төсөв батлагдав.