Монголбанкнаас инфляцийн тайлангийн бүтцэд гарсан өөрчлөлтийг өчигдөр танилцуулсан юм. Нэг удаагийн болон нийлүүлэлтийн шинжтэй инфляцийн дарамт буурч байгаа гэнэ. Энэ дүгнэлтдээ хүнсний ногоо, мах, суудлын машиныг жишээ татав. Харин шатахууны үнийн нөлөө нэмэгдэж буй аж. Эрэлтийн шинжтэй инфляци алгуур өсч эхэлсэн гэж төв банкнаас мэдээллээ. Ирэх жил нийлүүлэлтийн шинжтэй инфляци буурах бол эрэлтийн шалтгаантай инфляци аажим өсөх таамаг гарчээ. Инфляцид сөргөөр нөлөөлөх шалтгаануудад шатахууны үнэ нэмэгдэх эрсдэл, төрийн зохицуулалттай барааны үнэ өсөх магадлал, улсын секторын цалингийн нэмэгдэл багтсан байна. Улсын секторын цалингийн өсөлтийг дагаж хувийн хэвшлийн цалин нэмэгдэх, зардал өсөх, цаашлаад ашигт ажиллагаа нь буурах эрсдэлтэй гэж болгоомжилж байгаагаа Монголбанк онцлов. Цалин өсөх хэрээр хэрэглээ нэмэгдэнэ, хэрэглээ өгсөх тусам инфляцид сайн биш нөлөө үзүүлнэ гэсэн дүгнэлт ч дуулдав.
Сүүлийн үед олны анхааралд орсон шатахууны үнийн өсөлт ч төв банкийг түгшээж эхэлжээ. Төв банкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлогын төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувд “Дэлхийн зах зээл дэх газрын тосны үнэ цаашид төсөөллөөс давж өсөх нь шатахууны үнийг өсгөж болзошгүй. ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнууд үйлдвэрлэлээ танах хэлэлцээрээ 2018 оныг дуустал үргэлжлүүлэх, Саудын Араб өдрийн үйлдвэрлэлээ бага зэрэг нэмэгдүүлэх, Иранд тавьсан хоригийн хоёрдугаар үе энэ оны арваннэгдүгээр сард хэрэгжиж эхлэх зэрэг зах зээлд үүсч болзошгүй нөхцөлүүдээс шалтгаалан газрын тосны үнэ өсөх эрсдэлтэй байна. Шатахууны үнийн хувьд шулуун шугам болчихсон. Дээшээ, доошоо хаашаа ч явж магадгүй” гэсэн юм. Ирэх онд инфляци 7-9.5 хувьд хэлбэлзэнэ гэсэн таамаг гарчээ. Хүнсний хувьд 3.5-6 хувьд барих бол хүнсний бус зүйлийн тухайд 8.5-11 хувь гэсэн тоо сонсогдов.
ЭДИЙН ЗАСГИЙГ УУЛ УУРХАЙ ЧИРНЭ
Төв банк эдийн засгийн өсөлт дээр өөдрөг тоо хэллээ. Өнөө жил 6.2 хувиар хэмжигдэх эдийн засгийн өсөлт ирэх онд 6.6 хувьд хүрэх гэнэ. Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болон уул уурхай дагасан бүтээн байгуулалт аж. Зэсээс бусад уул уурхайн бүтээгдэхүүний өгөөж дажгүй гарчээ. Зэсийн хувьд Оюу толгойн зэсийн алтны агууламж буурсан гэх шалтгаан өгөөжийг нь бууруулсан юм байна. Энэ жилээс агуулга нь нэмэгдэж эхэлсэн гэж Н.Ургамалсувд онцлов. Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөн нь худалдаа, тээврийн салбар сэргэхэд нөлөөлжээ. Оюу толгой гадны том компаниудын Монгол дахь салбараар дамжуулж тоног төхөөрөмжөө авдаг учраас импортоос гадна худалдааны салбар давхар сэргээд эхэлчихэж. Хөдөө аж ахуй барилга, эрчим хүчний хувьд сайн биш зурагтай байгаа, ирэх жил ч сүрхий сайжрах магадлал бага салбарт багтжээ. Өнгөрсөн онд ургац алдсан, мал төллөлт буурсан, том малын зүй бус хорогдол өндөр байгаа гэх мэт шалтгаан хөдөө аж ахуйн салбарыг чангааж эхэлсэн байна. Эрчим хүчний тухайд шинэ эх үүсвэр барихаас нааш гэгээлэг мэдээ дуулдахгүй нь бололтой. Барилгынхан өнөөдрийнх шиг гацсан хэвээр ирэх оныг үдэх гутранги таамаг голлож байгаа аж.
Монголбанкны зүгээс ирэх онд уул уурхайн салбарын өсөлт 1.9 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 7.9 хувиар хэмжигдэнэ гэсэн таамаг гаргаснаа танилцуулав. Уул уурхайн хувьд түүхий эдийн үнэ бага зэрэг буурах ч нүүрс, төмрийн хүдрийн ханш эерэг нөлөө үзүүлэх нь. Зэсийн баяжмал дахь алтны агууламж өснө гэсэн сайн мэдээг ч дуулгалаа.
Уул уурхайн бус салбарын өсөлтөд нөлөөлөх шалтгаануудад дэд бүтэц инженерийн бүтээн байгуулалтууд эрчимжинэ, хөдөө аж ахуй, санхүү, даатгалын салбарын идэвх сэргэнэ, нүүрс угаах үйлдвэрүүд ашиглалтад орно гэсэн шалтгаануудыг жагсаажээ. Товчхондоо эдийн засгийн өсөлтийг хөрөнгө оруулалт л тэтгэж байна гэсэн дүгнэлтийг төв банкнаас онцолсон юм. Сонирхуулж хэлэхэд эдийн засгийн салбаруудаас уул уурхай, боловсруулах, худалдааны салбарт ажиллагсад сүүлийн улирлуудад нэмэгджээ. Үүнээс гадна төрд ажиллагсдын тоо ч өссөн гэнэ.
Эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх шалтгаан гадаад талдаа өндөр гэсэн болгоомжлол байна. Том гүрнүүдийн худалдаа, геополитикийн зөрчилдөөн экспортод нөлөөлөх эрсдэл бий аж. АНУ-ын бодлогын шийдвэрийн хариуд бусад улс орнууд, тэр дундаа манай экспортын гол зах зээл болох Хятад улс ямар бодлого барих нь өнөөг хүртэл тодорхой бус байгаа гэж Н.Ургамалсувд ярив. Ирэх жил ханш нь буурахгүй гэж таамагласан уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хаашаа эргэх нь урд хөршийн шийдвэрээс шалтгаалах юм байна.
Эдийн засгийн өсөлтөд нөлөөлж мэдэх дотоод шалтгааны нэгд Таван толгойн IPO-г багтаажээ. Учир нь өнөөг хүртэл IPO-г хэрхэн яаж хийх талаар бодитой мэдээллүүд олонд ил болоогүй, тодорхой бус хэвээр байна гэх тайлбарыг төв банкнаас хийлээ.
БИЗНЕСИЙН ЗЭЭЛ ААЖМААР СЭРГЭЖ БАЙНА
Хэрэглээний зээлийн өсөлттэй зэрэгцэн бизнесийн зээл ч аажмаар сэргэж эхэлжээ. Худалдаа, боловсруулах, уул уурхайн салбар бизнесийн зээлийн сэргэлтэд голлох нөлөө үзүүлсэн байна. Чанаргүй зээл буурахгүй байгаа гэж Н.Ургамалсувд онцлов. Уул уурхай, худалдаа, барилгын салбарынхан чанаргүй зээлдэгчдийг тэргүүлжээ. Чанаргүй зээлийн хэмжээ худалдааны салбарт л үл ялиг буурсан аж. Уул уурхайн салбарын зээлийн чанаргүйдэл арай сайжирсан, барилгын салбарын хувьд бахь байдгаараа хэцүүхэн зурагтай яваа гэнэ.
ДАРАА ОНЫ ЭДИЙН ЗАСАГ ХУДАЛДААНЫ ДАЙНААС ХАМААРНА
Дараа оны эдийн засаг төв банкны таамаглаж байгаачлан өсөх эсэх нь АНУ, БНХАУ-ын дунд өрнөж буй худалдааны дайнаас хамаарах бололтой. Манай улсын бараа, бүтээгдэхүүнээ зарж доллар олдог гурван зах зээл бий. Гадаад худалдааны 90 хувийг Хятад улс эзэлдэг бол евро бүс найман хувь, ОХУ хоёр хувийг эзэлдэг.
Олон улсын валютын сан, Дэлхийн банк, бие даасан судалгааны байгууллагуудын дүгнэлтээс анзаарахад ирэх онд урд хөршийн эдийн засгийн өсөлт саарах зураг гарчээ. Энэ жилийн хувьд БНХАУ төсвийн тэлэх бодлогыг зориудаар хэрэгжүүлсэн учраас манайд эерэгээр нөлөөлсөн гэсэн дүгнэлтийг төв банкнаас хэлж байна. ОХУ-ын тухайд худалдааны хоригоос гараагүй учраас эдийн засгийн өсөлт нь тааруу үргэлжилнэ гэсэн таамаг голложээ. Европын холбооны эдийн засаг давгүй байгаа ч АНУ-ын хориг сөргөөр нөлөөлөх эрсдэл бий аж. Тодруулж хэлбэл АНУ, БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн Хятадын эдийн засгийн өсөлт болон суурь металлуудын үнийн төлөвт сөргөөр нөлөөлж магадгүй гэнэ. Хятадын зээлийн өндөр түвшин 2022 он гэхэд ДНБ-ийх нь 260 хувь хүрч нэмэгдэх эрсдэл үүссэн нь тус улсын эдийн засгийн өсөлт саарах гол шалтгааны нэг юм байна.
Манайх шиг хөгжиж буй орнуудын эдийн засагт сөргөөр нөлөөлөх шалтгаануудад АНУ-ын гадаад бодлогын хүлээлт, Холбооны нөөцийн банкны хүүгээ нэмэгдүүлж буй байдал, Туркийн лирийн сул ханш, Аргентиний өрийн хямралыг жагсаажээ. АНУ-ын Иранд тавьсан хоригийн хоёрдугаар үе энэ сард хэрэгжиж эхлэх хүлээлт бий. Энэ хүлээлт биеллээ олвол манай улсад шатахууны үнийн өсөлт том эрсдэл болох нь. Ийм шалтгаанаар хойд хөрш татвараа өөрчлөхөд л шатахууны үнийн өсөлт бидэнд сорилт болно гэдгийг ганц төв банк ч биш эдийн засагчид онцолж буй.
Шинжээчдийн таамаглаж байгаачлан АНУ-ын Холбооны нөөцийн банк ирэх өдөр, саруудад бодлогын хүүгээ гурван удаа өсгөх нь амьдрал дээр шийдэл болвол бидэнд хоёр том эрсдэлийг авчрах гэнэ. IPO, бонд гаргахад сөргөөр нөлөөлөхөөс гадна долларын ханшийн чангарал гэсэн том цохилт хүлээж байгаа аж. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх хэрээр долларын ханш чангарна, доллар хүчээ авах хэрээр мөнгөө алтанд байршуулсан хөрөнгө оруулагчдын дунд алтнаас татгалзах хандлага газар авна, энэ тохиолдолд манай экспортод нөлөөлөх эрсдэл үүсэх нь.