УИХ энэ өдрүүдэд Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Ирэх оны төсөвт цалин, тэтгэвэр, тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлэхээр тусгасан.
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг энэ талаар “Төрийн бүх албан хаагчдын цалинг 10 хувиар нэмэгдүүлэх бол төрийн нийтлэг үйлчилгээний ажиллагсдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40 хувиар орон нутгийн нэмэгдэл олгох бол аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20 хувиар тооцож, орон нутгийн нэмэгдэл олгоно гэлээ. Түүнчлэн төрийн албан хаагчид орон нутагт байр худалдан авах тохиолдолд 3 хувийн ипотекийн зээлд хамруулж, хүүгийн зөрүүг төсвөөс төлнө. Мөн урьдчилгаа төлбөрийн 60 хувийг Зээлийн батлан даалтын сангаас баталгаа гаргана гэв.
Цаашлаад энэ оноос эхлэн төрийн албан хаагчдын ажилласан жилийн нэмэгдлийг жил тутам олгодог болсон. Ингэснээр нэгээс дээш жил ажиллавал 1 хувиар, хоёроос дээш жил ажиллавал 2 хувиар, 10-аас дээш жил ажиллавал 10 хувиар ажилласан жилийн нэмэгдэл авдаг болсон. Улаанбаатар хотоос орон нутагт шилжин очиж, Төрийн захиргааны албан хаагчаар ажиллавал ажиллавал 1 жил ажилласан хугацааг 1.3 жилээр, тосгонд 1.6 жил ажилласантай тус, тус дүйцүүлэн тооцдог болсон гэлээ.