Categories
гадаад мэдээ

Иранд осолдсон онгоцыг “санамсаргүй” сөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрчээ

Өнгөрсөн долоо хоногт Иранд Украины зорчигч тээврийн онгоц халдлагад өртөж сүйрсэн. Онгоцонд хөлгийн багийн есөн гишүүнээс гадна 167 зорчигч байсан агаад бүгд амиа алдсан билээ. Амь үрэгдэгсдийн 83 нь Ираны иргэд, иран гаралтай Канадын 63 иргэн байжээ. Онгоц сүйрэхээс хэдэн цагийн өмнө Иракийн нутаг дэвсгэрт байрлах АНУ-ын цэргийн бааз руу Иран бөмбөгдсөн тухай мэдээ цацагдсан. “Энэ нь Ираны генерал Сулейманы амийг хөнөөсний хариу” гэж Ираны тал мэдэгдсэн юм.

Украины зорчигч тээврийн онгоц осолдсоны хариуцлагыг Ираны зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалах корпус бямба гаригт албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Тус улсын зэвсэгт хүчин Украины онгоцыг далавчит пуужинтай андуурч сөнөөсөн хэмээн тайлбарласан юм.

Үйл явдлыг эргэн санахад, өнгөрсөн лхагва гаригт Тегеран дахь нисэх онгоцны буудлаас Киевийг чиглэн хөөрсөн Украины зорчигч тээврийн “Боинг” онгоц хоёр минутын дараа сүйрсэн. Эхэндээ онгоцны хөдөлгүүрт саатал гарсан гэсэн таамгийг дэвшүүлж байв. Гэвч хожим онгоцыг “санамсаргүй” сөнөөснийг Ираны эрх баригчид ийн хүлээн зөвшөөрчээ.

ЖАГСАГЧИД ШАШНЫ ТЭРГҮҮНЭЭ ОГЦРОХЫГ ШААРДАВ

Тегеран хотноо байрлах Иран улсын хамгийн нэр хүндтэй их сургуулиудын нэг болох Амир Кабирын нэрэмжит Технологийн их сургуулийн байрны өмнө олныг хамарсан жагсаал болжээ. Жагсагчид Ираны шашны тэргүүн аятолла Али Хаменеиг огцрохыг шаардсан байна. Тэд “Ерөнхий командлагч огцор!”, “Огцрох хангалтгүй, шүүх хэрэгтэй” гэж хашгирцгааж байсан гэнэ. Ираны хэвлэлд мэдээлснээр, Украины онгоцны ослоор энэ сургуулийн арваад төгсөгч амиа алдсан юм байна.

ИХ БРИТАНИЙН ЭЛЧИН САЙДЫГ СААТУУЛСАН БАЙНА

Ираны нийслэл хотод болсон жагсаалын үеэр тус улсад суугаа Их Британийн Элчин сайдыг хэдэн цагийн турш саатуулсан байна. “Тегеран дахь манай Элчин сайдыг ямар ч шалтгаан, тайлбаргүйгээр баривчилсан нь олон улсын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн хэрэг боллоо. Ираны эрх баригчид одоо салаа замын уулзвар дээр байна. Тэд улс төр, эдийн засгийн хувьд тусгаарлагдсан шоовдор улс гэх статусыг авах замаар явж болно. Эсвэл хурцадмал байдлыг намжаах алхам хийж, дипломат замаар замнаж болно” гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдсэн байна.

ЭРХ БАРИГЧДЫН ХАРИУ МЭДЭГДЭЛ

Засгийн газрын IRNA агентлагийн мэдээлснээр, аятолла аль Хаменеи нисэх онгоцыг осолдоход хүргэсэн хайхрамжгүй байдлыг мөрдөн шалгахыг тушаасан байна. Алдаа гарсныг нотлох баримт бий гэж аятолла Хаменеи мэдэгдээд, ийм явдал дахин гаргахгүй байх арга хэмжээ авахыг уриалжээ.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ХЭРЭГЛЭГЧИД ҮЗЭЛ БОДЛОО ИЛЭРХИЙЛЖЭЭ

Ираны олон нийтийн сүлжээг хэрэглэгчид эрх баригчдынхаа мэдэгдлийн дараа эл эмгэнэлт үйл явдалд цочирдсоноо, дургүйцэж буйгаа илэрхийлсэн байна. Тухайлбал, “Та нарын алдаа санамсаргүй байсан. Эрх баригчид өөрсдийгөө хэрхэн зөвтгөхийг ойлгоход хэцүү байна. Учир нь тэд сүүлийн гурван өдөр бараг бүгд худлаа ярилаа” гэж Тегераны их сургуулийн профессор асан, Ираны улс төр судлаач Задех Зибакалам хэлжээ.

В.ЗЕЛЕНСКИЙ МЭДЭГДЭЛ ХИЙВ

Украины ерөнхийлөгч В.Зеленский Иранд осолдсон Украины онгоцны талаар мэдэгдэхдээ буруутай этгээдэд хатуу шийтгэл ногдуулахаа амлав. Дээрх хэргийн талаар В.Зеленский Ираны ерөнхийлөгчтэй утсаар холбогдон ярилцжээ. Украины төрийн тэргүүн мөн амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд Засгийн газраас санхүүгийн тусламж үзүүлж, Ираны талаас, даатгалын компаниуд болон агаарын тээврийн компаниудаас нөхөн төлбөр авахад туслахаа мэдэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *