Иран улсад засгийн газрын эсрэг жагсаал эхэлснээс хойш 14 хүн, тэдний дотор нэг цагдаа амиа алджээ. Тус улсад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, ажилгүйчүүдийн тоо олширч байна хэмээн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Машхад хэмээх хотын иргэд эсэргүүцлийн жагсаал хийж эхэлсэн юм. Удалгүй улсыг бүхэлд нь хамарсан жагсаал цуглаан болж өргөжиж, сүүлдээ “хүчирхийлэл” болж хувираад байна.
Өнгөрсөн ням гаригт тус улсын гурван хотод жагсагчид болон хүчнийхний хооронд болсон мөргөлдөөний үеэр 11 иргэн амь үрэгдсэн байна. Тэгвэл өчигдөр болсон жагсаалын үеэр нэг цагдааг буудан хөнөөжээ. Аливаа хүчирхийллийг тэвчихийг тус улсын Ерөнхийлөгч Хассан Роухани жагсагчид болон аюулаас хамгаалах хүчнийхний аль алинд нь уриалсан хэдий ч эсэргүүцлийн жагсаал зогсох шинжгүй байна. Тус улсын нийслэл Тегеран хотод аюулгүй байдлыг чангатган цагдаа нар гол гол гудамж талбайнуудад хамгаалалтад гараад байгаа ажээ.