Индонезийн Боинг 737 зорчигч тээврийн онгоц өчигдөр нийслэл Жакартагаас хөөрснийхөө дараа далайд унаж сүйрсэн байсан. Уг онгоцны унасан байршлыг тогтоожээ.
Sriwijaya Air компанийн агаарын хөлөг Баруун Калимантан мужийн Понтианак руу 62 хүн тээвэрлэж явсан ба хөөрснөөс хойш дөрвөн минутын дараа радараас алга болжээ. Осол болсон байршил руу шумбагчдыг тээвэрлэсэн 10 гаруй усан онгоцыг илгээгээд байна. Мөн онгоцны эд анги байж болох зүйлсийг шинжээчид олж, шинжилж байгаа аж.
Жакартагийн нисэх буудлаас 20 км зайтай Лаки арлын орчимд онгоц унасныг тогтоосон байна. Ослын газарт аврагчдыг илгээсэн бөгөөд хүн амьд гарсан эсэх нь тодорхойгүй байна.
Осолдсон Boeing 737-500 загварын нисэх онгоц нь 27 жил ашиглагдаж байгаа хуучин онгоц гэнэ. Онгоцыг эзэмшигч Сривижаяа Айр компани нь 2003 онд байгуулагдсан, Индонезийн дотоод чиглэлүүдэд ихэвчлэн нислэг үйлддэг байна. Тус компани өмнө нь осол эндэгдэл гаргаж байсан түүхгүйг Aviation Safety Network олон улсын нислэгийн аюулгүй байдлын мэдээллийн сан харуулж байгаа юм.
Boeing 737-500 загвар нь саяхан программын доголдлын улмаас нисэхийг нь хориглож байсан 737 MAX загвараас хоёр үеийн өмнөх хуучин онгоц. 2018 онд Индонезийн Lion Air компанийн 189 хүнтэй 737 MAX загварын онгоц осолдсон нь дээрх доголдлоос болсон гэж үздэг юм. Иргэний агаарын тээврийн нисэх онгоцнуудыг 25 жил нисгээд ашиглалтаас гаргадаг. Хэдийгээр энэ үед онгоцыг ашиглах техникийн боломжтой байдаг ч засвар үйлчилгээний зардал нь шинэ нисэх онгоц авснаас өндөр болдог тул эдийн засгийн учир шалтгааны улмаас зогсооход хүрдэг байна.
Индонезийн агаарын тээвэрлэгчид олон улсын нислэгийн аюулгүй байдлын стандартыг хангаж чаддаггүйгээрээ алдартай. 1990-ээд оны сүүлээр гарсан олон удаагийн ослын дараа 2007 онд Европын Холбоо Индонезийн компаниудын бүх нислэгийг хориглосноо дөнгөж 2018 онд цуцалсан юм. 2007-аас 2016 онд АНУ-ын засаг захиргаа Индонез улсын нислэгийн аюулгүй байдлын зэрэглэлийг хоёрдугаар категорт бууруулж байжээ.